УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээсэн.

Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байгаа ч УИХ ямар нэгэн шийдвэр гаргахгүй, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байна. 

Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудлаар Улсын дээд шүүх рүү албан бичиг явуулжээ. Улсын дээд шүүхээс хариу ирсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос тус асуудлыг УИХ-д танилцуулна гэлээ. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ "Хуульд порцетур бүрэн заагдаагүй. Тухайлбал, УИХ-ын гишүүнтэй холбоотой шийдвэр гарсан бол үүнийг Дээд шүүх УИХ руу явуулна гэсэн заалт байхгүй. УИХ шийдвэрийг татаж авна гэсэн заалт ч байхгүй. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд энэ асуудлаар Улсын дээд шүүх рүү албан бичиг явуулсан. Хариу ирсний дараа манай байнгын хороо хуралдах эрхтэй болно. Хуралдахдаа мэдээж шүүхийн шийдвэрийг хэлэлцэхгүй, танилцуулна. Ингээд хуулийн дагаа УИХ-ын нэгдсэн хуралдаанд мөн оруулж, танилцуулна" гэсэн юм.

УИХ-ын тухай хуулийн 9.1.5-д УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн УИХ тогтоол батална гэж заасан.

Эх сурвалж:www.polit.mn