УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас “…УИХ, Засгийн газрын ямар ч шийдвэргүйгээр хувийн компанид шилжсэн Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг “Ухаахудаг”-ийг тодорхой хувийг Баялгийн санд авахыг УИХ-аар шийдүүлье” шийдвэрийг цагаан сарын өмнө гаргасан. 

Гэвч, энэ талаарх тогтоолын төслийг УИХ-д өгсөн үү, эсвэл УИХ хүлээж авахгүй байгаа юу гэдэг нь тодорхойгүйгээр сураг чимээ алдарсан. Тэгж байгаад өнгөрсөн сарын дундуур ХЗДХ-ийн сайд Л.Алтангэрэл “…“Ухаахудаг”-ийн асуудлыг өргөн бариад 31 хонож байхад УИХ-аас тов өгөхгүй, хэлэлцүүлэхгүй байна. Яагаад энэ ордыг чуулганаар хэлэлцэхгүй байгаа юм бэ. Дунд өөр улстөрчдийн дайсагнасан чимээ шуугианд саатмааргүй байна. Одоо би 32, 33, 34 гээд зарлаад явъя. Энэ асуудлын араас тасралтгүй тууштай явна”гэж мэдэгдсэн. Тэгээд бас чимээгүй болсон. Дундуур нь, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “…Стратегийн ордуудын хувийг хэрхэхийг УИХ нэгэнт тогтоол гаргаад өгчихсөн. Засгийн газрын үүрэг нь тодорхой байтал УИХ гацаагаад байгаа мэт ташаа мэдээлэл тарааж байна” гэсэн агуулгатай үг хэлж, ундууцсан. Энд, “…Засгийн газар тэндээ шийдчихэж болно” гэсэн утга байгаа юм. Гэхдээ УИХ уг тогтоолын төслийг хүлээж авсан нь өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдэгдсэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн  2025 оны тавдугаар сарын 8-ны захирамжаар “…Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.  Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг томилсон байна. Гишүүдэд нь УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, О.Болормаа, Б.Жаргалсан, С.Зулпхар, М.Нарантуяа-Нара, О.Пүрэвдаваа нар багтжээ.

Маргааш нь, Ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулга “…Бид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, мэдээлэл судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулна. Үүний үндсэнд  санал, дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулна” гэв. Эндээс харахад,  Засгийн газрын хүсээд байгаа шиг асуудлыг өнөө маргаашгүй шийдэхгүй нь бололтой.

Гэхдээ түүний дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…Засгийн газраас энэхүү асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулж УИХ-д хүргүүлээд багагүй хугацаа, 48 хоног өнгөрч байна. Ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж хоёр боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлсэн. Маргааш УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийнхэнд түгээнэ.

Тавантолгой нүүрсний бүлэг ордын хайгуулд манай ард түмэн 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан, тэрхүү орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, стратегийн орд гэгч ойлголт хуульд хэрхэн орж, хэн хэн ямар байр суурьтай байсан, Засгийн газар энэхүү ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн, яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй, эдүгээ энэхүү ордын “Ухаахудаг” хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа болон энэхүү үйл явдлын талаарх “Энержи ресурс” компанийн байр суурь, эдийн засгийн үр өгөөжийн талаарх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг яригдаж буй олон асуултад хариулт өгөх баримтууд энд бий” гэж мэдээлсэн юм.

Ер нь бол, “ …“Ухаахудаг”-ийг урагшлуулах уу, удах уу” гэдэг нь П.Мөнхтулга гэдэг гишүүнээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсгийн юу гэхээс хамаарахаар боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин