Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно
5 цагийн өмнө
Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын аргагүй Х.Тэмүүжин болоод байна. Тэрээр, улс төр талаасаа, сөрөг хүчний нэр дээрээс “ярьдаг” юм. Үнэндээ бол, Х.Тэмүүжин олны мэддэг хэрнээ олон хүн хэлж чаддаггүй үгсийг нээлттэй хэлдэг.
Мөн түүнийг “…Хуулийн завхралын угийг хардаг” гэж сүүлийн үед мэргэжил нэгтнүүд нь хэлээд байдаг болсон. Тэгвэл Х.Тэмүүжин УИХ-ын тухай хууль, зарим холбоотой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг санаачилсан. УИХ хэлэлцэж байна. Энэ талаар Х.Тэмүүжин “...Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар парламентын засаглалыг бэхжүүлэх, дархлааг нэмэгдүүлэх, хуулийн хяналтыг оновчлох зорилго бүхий УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дэмжигдлээ. Маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулахаар боллоо. УИХ-ын тухай хууль болон дагах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэний эрхийг хамгаалах, хуулийн засаглалыг баталгаажуулж, чиг үүргийг оновчлох эхлэл болно. Мөн УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт орсноор УИХ-ын танхимд бодит мэтгэлцээн өрнөж, парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм. Зохицуулалт алдаатай байвал түүнийг засах гэж хууль санаачилдаг. Хэрвээ зохицуулалт дутмаг байвал нөхөх гэж, зохицуулалт өөр хоорондоо зөрчилдөөнтэй байвал аль нэгийг нь дэмжиж, нөгөө нэгийг нь зогсоох ёстой. Зарим талаараа хуулийн эрэмбэ гэж бий. Үндсэн хуульд нийцээгүй, эсвэл Үндсэн хуулийн утга санааг бүрэн илэрхийлээгүй зохицуулалтуудыг сайжруулах ёстой. Бусад ардчилсан улс оронд парламентыг үл хүндэтгэх, парламентад худал мэдээлэл өгвөл Эрүүгийн хуулиар хориглосон, ялтай зохицуулалттай байна. Бид одоогоор эрүүгийн гэмт хэрэг бичээгүй, менеж хийх зорилготой зохицуулалтууд хийж байна” гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Мөн тэрээр “...Яг нэг жилийн өмнө буюу 2024 оны долдугаар сарын 2-нд УИХ анхдугаар чуулганаа хийж, гишүүд тангараг өргөж байжээ. Анхдугаар чуулган дээр иргэний эрхийг хамгаалах, хуулийн засаглалыг бэхжүүлэх, парламентат ёсыг бататгахад чухал хэрэгсэл болох Тусгай хяналтын дэд хороог ХЗБХ-ны эрхлэх асуудлын хүрээнд байгуулах талаар үг хэлж байжээ. Тэгэхэд “…Шинэ парламент өөрийнхөө зохион байгуулалтыг өөрөө бий болгож байх ёстой. Харамсалтай нь, “…Энэ парламентыг ирэх дөрвөн жилд хэн удирдах вэ” гэдэг асуудал дээр ямар ч хэлэлцүүлэггүй гар өргөж байхаар дэгтэй болгосон байна. “…Парламентын ардчилалыг бэхжүүлье” гэж бодож байвал шинээр бүрэлдэж байгаа парламент өөрөө өөрийнхөө асуудлыг өмнөх парламентын тогтоосон жаягаас өөрөөр шийдэх эрх чөлөө заавал байх ёстой. УИХ-ын дарга парламентат ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн гол багана. Энэ удаагийн парламентаар УИХ-ын даргыг 126 гишүүнийх нь нэг байлгах зарчим руугаа шилжих ёстой. УИХ-ын дарга гэдэг хүн ҮАБЗ-д орж, парламентаас гадуур эрх мэдэл эдэлдгийг одоо зогсоох ёстой. ҮАБЗ гэдэг бол Ерөнхийлөгчөөр удирдуулж, Засгийн газрын гол гүйцэтгэх чиглэлийн байгууллагууд болон парламентаас төлөөлөл орох бол ХЗБХ, АБГБХ-ны гишүүн орох нь ёстой. Түүнээс биш УИХ-ын дарга нь тэнд тустай эрх эдлээд сууж байдаг бүтэц байж болохгүй. Үндсэн хуульд ч үүнийг зааж өгөөгүй. Энэ асуудал дээр шинэ парламент зоригтой шийдвэр гаргана гэж итгэж байна” гэсэн. Нэг жилийн дараа буюу 2025 оны долдугаар сарын 2-ны энэ өдөр УИХ уг асуудлаар санал хураах гэж байн. Сонин тохиол” гэсэн юм.
Ер нь бол, Х.Тэмүүжиний энэ нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь УИХ дээр Тусгай хяналтын дэд хороог байгуулж, хууль хяналтын байгууллагынхны хяналтгүй, зарим хүний ярьдгаар “тушаал”-ын гүйцэтгэх ажиллагаа гээчийг хяналттай болгох аж.
Товчхондоо, манай улстөрчид олон жилийн туршид “хонгил” гэж ярьсан. Тэрхүү “хонгил”-ыг хэн нэгэн удирддаг. Түүнийг “…Хонгилын түлхүүр атгагч” гээд байдаг. Тэгвэл, энэхүү нэмэлт өөрчлөлтөөр “хонгилын түлхүүр атгагч”-гүй болох зорилготой юм байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 3 цагийн өмнө
TANILTSI80955877SEXSDEED
Зочин · 5 цагийн өмнө
BOOWN DOLOON SHAALGYYLI80955877
Зочин · 5 цагийн өмнө
BOOBN XXNO80955877ANUSN