Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УЛСТӨР: Өнгөрч буй  долоо хоногт улс төрд хамгийн олны анхааралыг татсан үйл явдал нь дэд сайд болон элчин сайд нарын томилгоонууд байлаа.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы хэлэлцэн шийдвэрлэлээ. 21 элчин сайдыг томиллоо    Засгийн газраас бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайдын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилох шийдвэр гаргаж 16 дэд сайдыг томилж, тэд үүрэгт ажлаа хүлээн авсан билээ. 

ХЭН БЭ| Ажлаа хүлээж авсан шинэхэн дэд сайдууд 

ХЭН БЭ| Ажлаа хүлээж авсан шинэхэн дэд сайдууд-2

НИЙГЭМ: "Эрэл групп"-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрт амь насаа алдсан гэх Филиппин улсын иргэн Тиррел Атиензагийн нөхөр болон хоёр охин нь Монголд ирсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан юм. 

Тус гэмт хэрэг 2011 оны арваннэгдүгээр сард үйлдэгдэж байсан бөгөөд прокурорын байгууллагаас гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол 2012 оны нэгдүгээр сарын 24-нд гарч байсан аж. Тэд Террил Атиензагийн гэр бүл тухайн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ Улсын Ерөнхий Прокурорын газарт өгсөн.

Найриел Аттиенза "Монголын ард түмний тусламжтайгаар өнөөдөр Монголд хүрэлцэн ирээд хэргийг дахин нээж шалгуулах хүсэлт тавих боломжтой болсондоо баяртай байгаа. Хэдийгээр маш олон жил өнгөрсөн ч миний ээж шиг энгийн хүнд шударга ёс үйлчлэх орон зай Монголд байгаа гэдэгт итгэж байна. Энэ хэргийг дахин сэргээлгэх хүсэлт гаргаж буйтай холбогдуулаад Монгол Улсын иргэн сэтгүүлч С.Будрагчаад 2011 онд хэрэгжих ёстой байсан шударга ёсыг тогтоохын төлөө биднийг бүрэн төлөөлөх эрхийг олгож байгаа.  Хууль эрх зүйн үйл явц ээдрээтэй байж магадгүйг ойлгож байгаа, гэхдээ ээж маань хүн байсан учраас хүний ёсоор хандахыг хүслээ. Ээжийн маань үхэлтэй холбоотой хэргийг дахин шалгахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.  Түүний Монгол Улсад анх орж ирсэн нөхцөл байдал болон Д.Сэргэлэн гэдэг хүний дор ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааг нарийвчлан шалгуулах хүсэлтэй байгаа. Манай ээж Монголд орж ирсэн нь хил дамнасан хүний наймааны хэрэг байсан уу. Цагдаагийн бүх бүртгэл, хүмүүсийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн баримт бичгүүдийг бид дахин шалгуулах хүсэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газар энэ хэргийг архивт хадгалаад орхидог шийдэгдээгүй хэрэг бус өнөөдөр амьд хохирогч нь болох үр хүүхдүүд бид чимээгүй зовоод байж байгаа гэдгийг хүлээж авна уу. Монгол Улсын Улсын Ерөнхий Прокурорын газар шударга ёсонд итгэж энэ асуудалд яаралтай горимоор нягт нямбай анхаарлаа хандуулж ажиллана гэдэгт найдаж байна" гэв.

Харин нөгөө талаас "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн гүтгэгчдийг шүүхэд өгнө хэмээн мэдэгдэл гаргасан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. 

"Эрэл" группын үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн сэтгүүлч С. Будрагчаагийн 2025 оны 12-р сарын 11-ний өдөр цахим орчинд нийтэлсэн “Нууц материалууд: Enslaver (Боолчлогч)” нэртэй видео бичлэг, түүнтэй холбоотой удаа дараагийн гүтгэлгийн шинжтэй нийтлэлд холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.

Уг мэдэгдэлд: "Юуны өмнө тухайн бичлэгт гарч буй мэдээллийн агуулга, оролцогчдын өгч буй тайлбар нь үнэнээс илт гуйвуулсан, олон жилийн өмнө болсон үйл явдлыг хэт нэг талыг өнгөцөөс зохиомжилж харуулсан байгааг хариуцлагатайгаар мэдэгдье. Тухайн үед манай гэр бүлийн үйлчлэгчээр 3 жил ажиллаж байсан Филиппин улсын иргэн сургуульд суралцах болсон шалтгаанаар ажлаас гарч нутаг буцах хүсэлтээ өгч, өөрийн оронд ажиллуулахаар бидэнд танилцуулагч Террил Аттенза санал болгож танилцуулсан.

Тэр үед талийгаач Монгол Улсад, өөр гэр бүлд ажиллаж байсан боловч манайд ажиллахыг зөвшөөрсөн. Бичлэгт дурдсанаар бид талийгаачийг аль нэг газраас хүчээр авч ирж, үнэ хөлсгүй ажиллуулсан, боолчлогдсон гэсэн нь худал мэдээлэл байна.

2011 оны 7 сараөс хойш ажилласан 5 сарын хугацаанд бид талийгаачийг хорьж, гар утас, эд зүйлийг хурааж, дарамт, шахалт үзүүлсэн зүйл огт байгаагүй. Тэрээр Улаанбаатар хотод ажиллах явцдаа чөлөөтэй орж гарч, сүмд очиж, танил, найз нөхөдтэй болсон байсан. Түүнчлэн талийгаачийг манай гэр бүлийн хэн нэгэн гишүүн зодож дарамталж, хөнөөсөн гэх тайлбар огт үндэслэлгүй. Мэдэгдлийг бүтнээр нь эндээс уншина уу.

ЭДИЙН ЗАСАГ:  Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ

Эдийн засгийн үзүүлэлтээр хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцлийн хувьд энэ оны эхний 11 сард 3.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 477.6 сая ам.доллараар буурсан байна.

Харин экспорт 13.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 5.9 хувиар буурчээ. Нийт экспортын бараа бүтээгдэхүүний 92.5 хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, 4.5 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна.

Алтны үнэ өмнөх оноос унц тутамд 855 ам.доллараар, зэсийн хүдэр баяжмалын үнэ нэг тонн тутам 509 ам.доллараар өссөн бол төмрийн хүдэр баяжмалын үнэ нэг тонн тутам найман ам.доллараар, нүүрсний үнэ нэг тонн тутам 42 ам.доллараар буурчээ.

Гадны орноос худалдан авч буй импортын бараа бүтээгдэхүүн 10.2 тэрбум болж, өмнөх оноос 3.6 хувиар буурсан байна.

Мөнгөний нийлүүлэлт 45.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.4 их наяд төгрөгөөр буюу 10.5 хувиар өссөн бол нийт зээлийн өрийн үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.5 их наяд төгрөгөөр буюу 21 хувиар өссөн байна. Төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш  3571.66 хүрч, өмнөх оны үзүүлэлтээс 4.7 хувиар суларсан байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 47.1 их наяд төгрөг болж, өмнөх оны үеэс 1.6 хувиар өссөн бол уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурч, боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 9.0 хувиар өссөн байна.

Нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг танилцуулъя.

Эрүүл мэндийн байгууллагын тоо баримтаар амьд төрсөн хүүхдийн тоо 49.8 мянга болж, өмнөх онтой харьцуулахад 6.4 хувиар буурсан бол халдварт өвчлөлөөр өвчлөгсөд 49.4 мянга болж өмнөх оноос 13.1 мянгаар буюу 36.3 хувиар өссөн байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого хоёр их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс  15.5 хувиар өсчээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого зургаан их наяд төгрөг болж, өмнөх онтой харьцуулахад 18.9 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 2.5 сая болж, 3.6 хувиар буурчээ. Тэтгэвэр тэтгэмж тусламж үйлчилгээний хөнгөлөлтөд 2.2 их наяд төгрөг зарцуулсан нь өмнөх оны үеэс 5.3 хувиар хувиар өссөн гүйцэтгэл юм. Эхний 11 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 44581 болж, өмнөх оноос 12 хувиар өссөн байна.

СПОРТ:  Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос зохион байгуулсан 34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Вьетнам улсын Хо Ши Мин хотод зохион байгуулагдлав.

15 улсын 169 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж нийлбэр 4,213 оноогоор Б.Мишээл бага насны дэлхийн аварга болж, олон улсын хэмжээний мастер цолын болзол хангалаа.

Тэрбээр тус тэмцээнд 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бөгөөд алтан медаль авсан хоёр төрөлдөө дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон байна. Тодруулбал:

  • Names & Faces төрөлд дэлхийн рекорд,
  • Spoken Numbers төрөлд дэлхийн рекорд тогтоож, дэлхийн ой тогтоолтын спортын түүхэнд нэрээ үлдээлээ.

Б.Мишээл ийнхүү өндөр амжилт үзүүлснээр Олон улсын мастер (International Master of Memory) цолын албан ёсны болзлыг хангаж, бага насандаа энэхүү болзлыг хангаж чадсан цөөн тамирчдын нэг боллоо.