“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.


-Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг саяхан Засгийн газраас УИХ-д өргөн барилаа. Энэ хуулийн төсөлд та ямар саналтай байна вэ?

-Ашигт малтмалын хууль бол Монгол Улсын хөгжлийн суурь хууль шүү дээ. Энэ хуулиа өөрчилсөөр байгаад хөгжлөө гацаатай болгочихсон. Хайгуулын салбар хоцрогдолд орж шинэ орд, нөөц нэмэгдэхээ больсон, ашиглаж байгаа ордуудын нөөц багассаар, экспортлогчид, үйлдвэрлэгчид төлж дийлэхгүй татварын өрөнд орсон. Гадаадын хөрөнгө оруулагчид ч орж ирэхгүй болсон. Сүүлийн зургаан жил энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх жагсаалтад оруулдаг боловч Засгийн газраас өргөн бариагүйгээс болж хойшлогдсоор ирсэн. Шинэ хуулийн төсөлд уул уурхайтай орон нутагт АМНАТ-ийг илүү хуваарилах заалт орсныг дэмжиж байна. Зэсийн шинэ ордыг ашиглалтад оруулахад дэмжлэг болохуйц ганцхан заалт орсон. Өөр ямар ч дорвитой өөрчлөлт ороогүй нь маш харамсалтай байна.

-Ямар өөрчлөлтүүд ороогүй үлдсэн гэж?

-АМНАТ дээр экспортолсон бүтээгдэхүүний олоогүй орлогоос, зараагүй металлаас өндөр хувь хэмжээгээр, олборлолт хийдэггүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээс АМНАТ авдаг хүндрэлтэй асуудлууд үүсч олон экспортлогч, үйлдвэрлэгчид татварын өрөнд орж Ашигт малтмалын хууль болон Татварын хууль өөрчлөгдөхийг энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчид, Гадаадын хөрөнгө оруулагчид олон жил шинэ өөрчлөлтийг хүлээж байлаа. Гэтэл эдгээр хуулиудын төсөлд эрх зүйн орчныг сайжруулах ямар ч заалт тусгагдсангүй. Ерөнхийлөгчийн “Олборлолтоос-Боловсруулалтад”, Ерөнхий сайд Г.Учралын “Түүхий эдээ боловсруулж экспортлох” санаачилга хоосон уриа лоозон болохоор байна.

-Олоогүй орлогоос АМНАТ авч, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байгаа тухай та байнга төр засагт дуу хоолойгоо хүргэсээр ирсэн хүний нэг. аж ахуйн нэгжүүдийн өр хэд болсон бэ?

-Татварын хувь хэмжээ оновчтой байж хамгийн их орлого төвлөрдөг онол байдаг. Экспортолсон бүтээгдэхүүний гэрээний үнээс нь жишиг үнэ баяжуулсан коксжих нүүрс 22.6 хувь, жонш 54.3 хувь, төмрийн хүдэр 26.6 хувь илүү үнээр АМНАТ ногдуулдаг алдааг засахын төлөө Г.Дамдинням сайд Засгийн газрын тогтоолд түр өөрчлөлт оруулж байсан. Улсын төсөвт болон Үндэсний баялгийн санд дөрөв орчим их наяд төгрөг орохгүй АМНАТ-ийн өр үүссэн. Энэ алдаагаа засахгүй бол маргаантай өр нэмэгдсээр байх болно. Хамгийн их өртэй компанийн өр хагас их наяд төгрөгт хүрсэн.

-Зараагүй металлаас АМНАТ авдаг асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Төмрийн хүдэр, баяжмалд ногдох АМНАТ-ийг экспортолсны дараа хэдэн сар, жилийн дараа маш багаар агуулагддаг зэс, хөнгөн цагаан, цагаан тугалга, хар тугалга гэх мэт дагалдах металлд лабораторийн дүгнэлтийн дагуу нөхөн татвар, торгууль, алданги ногдуулдаг. Үйлдвэрлэгчдэд маш том дарамт болж маргаан их дагуулдаг эдгээр асуудлуудыг одоо оновчтой шийдэхгүй бол өр үүсч шүүхийн маргаан улам үргэлжлэх болно. Оюу толгойн зэсийн баяжмалд агуулагддаг алт, мөнгөний асуудлыг ч одоо оновчтой шийдвэрлэж чадвал ногдох АМНАТ-өө маргалгүйгээр авах боломжтой. Монгол-Австралийн “АМЕП” төслийн зөвлөмжийг судлах, ашиглах хэрэгтэй.

-Давхар АМНАТ-ын асуудал байнга яригддаг. Энэ эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Манай улс шиг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний үе шат бүрд АМНАТ ногдуулдаг Улс дэлхийд байдаггүй. Дэлхийн бүх оронд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд АМНАТ буюу “royalty”-г нэг удаа төлдөг. Өмнөх шатанд ногдуулсан АМНАТ-ыг хасаад давхардалгүй болгосон гэдэг үлгэр үйлдвэрлэгчдээ дампууруулдаг гэдгийг хангалттай нотоллоо. АМНАТ бол НӨАТ биш. Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ баяжуулж, боловсруулж маш их ажлын байр бий болгож валютын орлого олох боломжтойг олон судалгаа харуулдаг. Бага агуулгатай хүдэр, түүхий нүүрсийг НӨАТ-тай, АМНАТ шингэсэн үнээр худалдан аваад баяжуулаад, боловсруулаад экспортлоход дахин АМНАТ ногдуулдаг. Олборлолт хийдэггүй баяжуулах үйлдвэр 12-14 хувийн АМНАТ төлдөг гэхээр энэ улсад ямар ч үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Төрөөс нэмүү өртөг шингэсэн экспортын үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг ч татварын бодлогоор дэмждэггүй өрөнд оруулдаг улс болоод удаж байна. Үр дүнд нь 1500 гаруй хүн ажилгүй, Г.Дамдинням сайдын хэлснээр 47 үйлдвэр хаагдсан гэдэг. Эдгээр үйлдвэрүүд 2019 оноос өмнө нь АМНАТ төлдөггүй байхдаа улсын болон орон нутгийн төсөвт 10 гаруй төрлийн татвар, төлбөр, хураамж төлдөг байсан. Татварын сууриа багасгаж, хувийн хэвшлийн олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг царцаасан маш буруу бодлого болох нь батлагдсан.

Дарханы бүсэд бага агуулгатай 2.5 сая тн буюу 7.5 сая ам.долларын үнэлгээтэй төмрийн хүдэр ашиглалтгүй хэвтэж байгаа. Уул уурхайн биржийн хууль ч саад болдог. Тэнд байдаг үйлдвэрүүд баяжуулаад экспортолбол 1.0 сая тн баяжмал 80 сая ам.доллар, хорголжин болгоод экспортолбол 100 сая ам.доллар, ширэм болгоод экспортолбол 225 сая ам.доллар болгох боломжтой.

Нүүрсээ ашиглаж хагас коксоор Улаанбаатараа (60 сая ам.доллар) хангах, жоншны хүдрээ 100 хувь баяжуулж экспортлох боломжоо алдсаар байна. Жонш бол стратегийн чухал түүхий эд. Нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт ордог. Өнгөрсөн жил 1.6 сая тн жоншны хүдэр, баяжмал экспортолж дэлхийд 1-т орсон. 20 хүрэхгүй хувийг баяжуулж экспортолж, ихэнхийг түүхийгээр нь экспортолж байна. Жоншны хүдрээ 100 хувь баяжмал болгож экспортолбол 50 сая ам.доллар олох боломжтой.

Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд дэмжвэл төвлөрлийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах маш зөв бодлого, гэтэл эдгээр үйлдвэрүүд дахин сэргэхгүй болсон.

-Яагаад баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд дахин сэргэхгүй гэж?

-Олборлолт хийдэггүй өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн АМНАТ ногдуулдаг тогтолцоо хэвээр үлдээх төсөл явж байгаа. Тэд маш их банкны болон татварын өртэй, өрөө барагдуулах боломжийг олгохгүй. Тэдний хөрөнгө, хөрөнгө оруулалт үнэгүйдсэн. Дээрээс нь мэргэшсэн ажилчидгүй болсон. Шинэ хуулийн төслөөр баяжуулах үйлдвэрүүдийг тусгай зөвшөөрөлтэй болгож байгаа. Ерөнхий сайд тусгай зөвшөөрлийг багасгана гэчихээд багасгахгүй нэмэгдүүлж байгааг үнэхээр гайхаж байна. Энэ тусгай зөвшөөрлийн олон босго хүнд суртлыг давж чадах компани үлдээгүй.

-Цаашид эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжихийн тулд АМНАТ-ын ямар бодлого хэрэгтэй вэ?

-Өөрийн ордгүй олборлолт хийдэггүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг АМНАТ ногдуулдаггүй болгох ёстой. Алтны борлуулалт, Оюу толгойн зэсийн баяжмал АМНАТ таван хувь байдаг. Үүн шиг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн хэвшлүүд, мега төсөл хэрэгжүүлэгчидийн АМНАТ-ийг таван хувь болгох хэрэгтэй. Мега төслүүд өрсөлдөх чадвар сайтай нөхцөлд тогтвортой ажиллаж байж хөрөнгө оруулалтаа хурдан нөхнө. Мега төслүүд саатаж зогсвол маш их хохирол үүсэх эрсдэлтэй тул Эрдэнэтийн цэвэр зэсийн үйлдвэр, Дарханы Гангийн үйлдвэр, Дорноговьд үйл ажиллагаагаа явуулах ширэм, металлургийн коксын үйлдвэрийг эхнээс нь зөв бодлогоор дэмжих хэрэгтэй.

-Монгол Улсын Ерөнхий сайд Г.Учрал “Татварын дарамт”-ыг бууруулах, “Бизнесийн эрх чөлөөний хууль” гаргах талаар яриад байгаа. АМНАТ экспортын үйлдвэрлэлийг хөгжихөд жинхэнэ дарамт болоод байгаа юм биш шүү?

Яг тийм. АМНАТ-ийн тухайд бол нэг удаа заавал төлөх ёстойг дахин дурдъя. Гэхдээ авч буй арга хэлбэрээ өөрчлөх цаг болсон. Авах ёсгүй этгээдээс, олоогүй орлогоос нь, зараагүй металлаас нь АМНАТ авах чинь жинхэнэ татварын дарамт болоод байна. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалт, энэ чиглэлийн мега төслүүдийн үйлдвэрийн хөгжил, Гадаадын хөрөнгө оруулалт энэ төлбөрийн хуультай салшгүй холбоотой. Ашигт малтмалын хуулиас тусдаа бие даасан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хууль”-тай болох цаг нь болсон.

Нэмж хэлэхэд, ашигт малтмалаа нэмүү өртөг шингээж үйлдвэрлэж экспортловол илүү валют оруулж ирэх, дотооддоо олон ажлын байр бий болгож эдийн засгаа солонгоруулж олон төрлийн бүтээгдэхүүн экспортлох боломжууд байгааг дахин хэлье. Үүсмэл ордтой холбогдолтой заалтуудыг хүчингүй болгосон нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидийн татварын дарамтыг эрс өсгөж Монгол Улсад дахин шинэ үйлдвэр барьж байгуулах боломжгүй болгох, одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудыг өрсөлдөх чадваргүй болгохоор байна. Үйлдвэрлэлд саад болж буй төслөө дахин хянаасай.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан үнийн шатлалыг өөрчлөхгүй бол хэт хоцрогдоод байна. Жишээ нь. Алт 1 унци 0-1300 ам.доллар хооронд зургаан шатлалтай байгаа нь хэт хоцрогдсон. Алтны үнэ 2500 ам.доллараас буухааргүй болсон, бусад ашигт малтмалуудын үнийн шатлалыг шалгаж цөөрүүлж, бодит үнийн шатлалыг гаргаж өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл, зэсийн үнийн шатлалыг ч өөрчлөх хэрэгтэй. Газрын ховор металлын болон хийн асуудлуудын АМНАТ-ийг энэ хуулийн төсөлдөө тусгах шаардлагатай. УИХ-аас АМНАТ-ийн зөв бодлого гаргаасай хүсэх байна.

 

М.МӨНХЦЭЦЭГ

ӨДРИЙН СОНИН