Монгол төрийн баяр наадмын нээлт, хаалтыг олон жилийн турш мэргэжлийн өндөр түвшинд хөтлөн явуулж ирсэн, ард олондоо “Монгол төрийн их дуу хоолой” хэмээн алдаршсан Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Отгонтой наадам айсуй энэ өдрүүдэд зорин очиж ярилцлаа.


-Сайн байна уу та. Сайхан зусаж байна уу. Монгол түмний хүсэн хүлээдэг Үндэсний их баяр наадам тун удахгүй болох нь. Ажил хэрхэн өрнөж байна. Таны бэлтгэл эхлээ юу?

-Тийм ээ, хаа сайгүй ажил өрнөж байх шиг байна. Миний хувьд хараахан талбайн бэлтгэлдээ гараагүй байна. Гэхдээ удахгүй эхэлнэ. Наадмын бэлтгэл ерөнхийдөө 20 гаруй хоног үргэлжилдэг.

Өглөөнөөс орой хүртэл өдөр бүр тасралтгүй ажиллана. Тиймээс наадмын бэлтгэл гэдэг хөнгөн зүйл биш ээ. Наадмын найруулагчийнхаа хэлсэн санааг тун сайн анхаарна. Нэвтрүүлэгч хүний мэдрэмж, мэргэжлийн ур чадвар үүн дээр харагдана. Яс ажиллаж байхгүй бол болохгүй шүү дээ. Монгол наадам чинь монголчууд бидний үндэсний соёлын том дархлаа.Хүн бүр энэ үед хариуцлагатай, яс ажилладаг.

-Та олон арван жил төрийн наадмын нээлт, хаалтыг хөтөлж байна. Бэлтгэлийн үеийн хариуцлагатай мөчөөсөө дурсахгүй юу?

-Урьд цагт наадмын нээлтийн зохиолыг П.Бадарч, Ш.Сүрэнжав, Ш.Гүрбазар зэрэг гайхамшигтай хүмүүс бичдэг байлаа. Бид төрийн наадам эхлэхийн өмнөх шөнө бараг үүр цайтал ажилладаг байсан. Нээлтийн өдөр гэхэд өглөөний таван цагт Цэнгэлдэх хүрээлэндээ бид очно. Наадам 11:00 цагт эхэлдэг ч түүнээс өмнө зургаан цагийн турш хоёр удаагийн бүрэн бэлтгэл хийдэг.

Ингэж байж л төрийн наадмын нээлтийг эхлүүлдэг. Хариуцлага гэдэг хамгийн чухал. Учир нь тэр өдөр Цэнгэлдэх хүрээлэн дүүрэн хүнтэй байна. Монгол түмэн маань үндэсний дээлээрээ гоёж ирнэ. Олон зуун бөхчүүд талбайд гарч ирнэ. Энэ бүх сүр хүчийг мэдэрч зогсох мөч үнэхээр гайхамшигтай. Үндэсний их баяр наадмыг 47 дахь жилдээ хөтлөн явуулах гэж байна.

-Та энэ хугацаанд маш олон туршлагатай, авьяастай найруулагч нартай хамтран баяр наадмыг хөтлөн явуулж байсан байх?

-Ерөнхийдөө энэ жилийн наадмын нээлтэд ажиллах урилгаа найруулагчаасаа авчихсан байгаа. Гэхдээ жил бүрийн наадмын найруулагч өөр байдаг учраас заавал намайг хөтлөх ёстой гэсэн ойлголт байхгүй. Тухайн жилийн найруулагч хөтлөгчөө өөрөө сонгодог. Намайг сонгосон бол би төрийнхөө их баяр наадмыг хөтлөх л үүрэгтэй хүн. Энэ жил гавьяат жүжигчин, нэрт бүжиг дэглээч Д.Баярбаатар найруулж байгаа. Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар олон жил наадмын нээлтийг найруулсан агуу туршлагатай хүн. Түүнтэй би олон жил наадамд хамт ажилласан. Ер нь бэлтгэл эхлэхээс өмнө тухайн жилийн наадмын найруулагч хөтлөгчтэйгөө уулзаад “Таныг сонгосон байгаа шүү” гэж хэлдэг уламжлал бий. Наадмын найруулагчийн ажил асар их учраас одоо бусад бэлтгэл ажилдаа анхаарч байгаа болов уу.

-Таны хувьд баяр наадмыг хөтлөн явуулж байх бүхий л цаг, минут, хором бүрд бахархал омогшил, бас хариуцлага дагалддаг болохоор ихэд сэтгэл зүрх, оюунаа төвлөрүүлэн ажилладаг байх. Хамгийн их сэтгэл догдлуулдаг мөч аль үе нь вэ. Бас танд сандрах үе тохиож байв уу?

- Наадам эхлэхэд төрийн торгон цэргүүд есөн хөлт цагаан тугаа залах, Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим хангинах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг зарлах, үзүүр түрүүний хоёр бөх үлдэх, Цэнгэлдэхэд хуран цугласан бүгд "Халуун элгэн нутаг" дуугаа дуулж төрийн их баяр наадмаа өндөрлүүлж байгаа торгон мөч, агшинууд хамгийн сайхан нь байдаг. Үнэхээр их сэтгэл догдолдог шүү. Залуу байхад биеэр мэдрэх айдас, сандрал их байдаг байсан байх. Одоо ч хэнэггүйтнэ гэж байхгүй. Наадам болж л байдаг, ингэж зарлаж л байдаг гэсэн зүйл байхгүй. Адаглаад л олон жил нэг Ерөнхийлөгчийнхөө нэрийг дуудсаар байгаад шинэ Ерөнхийлөгчийн нэрийг алдаж хэлбэл яана. Энэ мэтээс эхлүүлээд баяр наадмын хариуцлага маш өндөр. Хариуцлага бүрийн ард амжилт, үр дүн, үнэлгээ өндөр байдаг.

-Та наадмын зүлэг ногоон дэвжээнд барилдах бөхчүүдийг хараад омогшиж бахархдаг уу. Монгол бөх бол монголчуудын ёс жудаг, эр хүний хийморь лундаа, бяр чадал, хүч тэнхээ, тэсвэр хатуужил, бодь ухааныг харуулдаг үндэсний спорт шүү дээ?

-Яг тийм. Монголчууд бид бөхөөр монгол сайхан эр хүнийг төсөөлж хардаг. Би Дамдин, Мөнхбат, Баянмөнх аваргын үеэс анх наадам хөтөлж эхэлсэн. Дараагийн үе нь Хадбаатар, Цэрэнтогтох аварга, Мөнгөн арслангийн үе. Гурав дахь үе нь Бат-Эрдэнэ, Балжинням аварга, Мөнх-Эрдэнэ арслан зэрэг бөхчүүд байлаа. Дөрөв дэхд нь алдарт зургаан зааны шуугиулж байсан үеийг хэлнэ. Дараа нь Бүрэнтөгс, Батсуурь, Эрхэмбаяр аварга, цолтнуудын үе гарч ирсэн. Зургаа дахь нь Хангай, Орхонбаярын үеийнхэн байна. Одоо өнөөдрийн шинэ үе ч гарч ирсэн байна. Үндэсний их баяр наадамд ажилласан 40 гаруй жилийг үечлээд үзвэл миний дуу хоолой зургаан үеийн бөхчүүдийн дунд дуугарчээ.

-Энэ жилийн наадам тэгш ойтой жил болж байна. Онцлог нь юунд байна вэ?

-Энэ жил 1024 бөх барилдана гэж яригдаж байгаа. Энэ бол үнэхээр сүр жавхлантай дүр зураг. Цэнгэлдэх дүүрэн ард түмэн, талбай дүүрэн хүчит бөхчүүд, хурдан морьд орж ирэх тэр мөчид хүмүүсийн сэтгэл огшдог. Сүүлийн жилүүдэд гадаадын жуулчид наадмын нээлтийг үзэхээр олноор ирдэг болсон байна. Тиймээс өмнөх жилүүдээс эхлэн наадмын нээлтийг хоёр удаа хийдэг болсон. Өглөө 11:00 цагт, орой 22:00 цагт гэсэн хоёр удаагийн тоглолттой. Цаг агаар бороотой ч бай, шороотой ч бай төрийнхөө их баяр наадмыг үзэмж төгөлдөр хийхийн төлөө л ажилладаг.

-Нэвтрүүлэгчид тайзан дээр энгийн үед байдгаасаа огт өөр байдаг. Тухайн нэвтрүүлэгчээс маш өндөр мэдрэмж, уран чадвар шаарддаг болов уу?

-Би одоо тантай ярьж байгаа шигээ наадмын нээлтийг эхлүүлдэггүй. Тэнд тусгай хэлэмж, тембр, дуу хоолойн хүч, үзэгчдийг огшоох ур чадвар шаардлагатай. Хүмүүс “Та энгийн үедээ жирийн ярьдаг мөртлөө наадмын нээлтийн үгээ хэлэхээрээ шал өөр болчихдог” гэдэг. Энэ бол тухайн мөчийн чадамж, мэдрэмж, хариуцлагын нийлбэр гэж боддог. Бөхчүүд талбайд гарахдаа түрүүлэхийн төлөө барилддаг бол би үзэгч олноо огшоохын төлөө талбайд гардаг. Дуу хоолойгоо хамгийн сайхнаар хүргэхийн төлөө ажилладаг гэсэн үг.

-47 дахь удаагаа наадмын нээлт хөтлөх гэж байна гэж хэллээ. Энэ олон жилийн дараа догдлол буурдаг уу?

-Үгүй ээ. Огт буурдаггүй. Нээлт эхлэхийн өмнөх хэдхэн минутад хүртэл хоолойныхоо өнгийг олж, багштайгаа зөвлөлдөж, бэлтгэлээ хийдэг байлаа.

-Та олон жил ажиллахдаа төрийн наадмын үнэ цэнийг хэрхэн ойлгож ирэв?

-Хүн бүр өөр өөрийнхөөрөө наадамдаа бэлддэг. Бөхчүүд хөдөө бэлтгэлээ хийж байна. Уяачид морьдоо сойж уяад л завгүй байгаа. Цэргүүд хүртэл бэлтгэл хийдэг. Төрийн ажил гэдэг өөрөө асар их хүчтэй зүйл. Бэлтгэлийн үеэр Ерөнхий сайд, Шадар сайд зэрэг төрийн удирдлагууд ирж үзээд зөвлөгөө өгдөг. Тиймээс энэ бол зөвхөн урлагийн арга хэмжээ биш, төр түмний том баяр юм. Монгол хүн үндэсний их баяр наадам, Цагаан сар хоёроо мартахын аргагүй өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хоёр баяр бол манай ард түмний үндэсний дархлаа, өв соёлын том илэрхийлэл гэж би боддог.

-Таны олон жилийн алтан хамтрагч, багшийн тухайд дурдахгүй өнгөрч болохгүй байх?

-Партнёр маань миний агуу багш байлаа. Би түүнийг дахин давтагдашгүй хүн гэж боддог. Түүхэнд ийм хүмүүс цөөхөн төрдөг. Миний хувьд хэлэхэд, агуу Цэвээндорж, алтан хоолойт Гунгаа, миний багш Чулуунбат гурав бол дуу хоолойн төрмөл хүмүүс. Өнөөдөр ч гэсэн маш сайхан дуу хоолойтой, авьяастай залуус олон ч Чулуунбат багшийг орлох хэмжээний хүн тодроогүй л байна гэж боддог.

-Таны уран бүтээлийн их замнал радиогийн нэвтрүүлэгчийн ажлаас эхэлсэн. Тэр үеэс “Монгол төрийн их дуу хоолой” гэж ард олондоо хүндлэгдэн хайрлагдаж эхэлсэн болов уу?

-Баярлалаа. Би ажилдаа маш хэнхэг байсан. Өглөө зургаан цагийн эфирт гарчихаад 12 цагт буух ёстой байхад буудаггүй, дараагийн хүн рүү утасдаад “Та ирэх хэрэггүй ээ” гэж гуйгаад өөрөө үргэлжлүүлээд ажиллачихдаг байв. Өглөө 06:00 цагт очоод оройн 23:00 цагт радиогийн унаагаар харьдаг байсан үе бий. Манай удирдлагууд хүртэл “Энэ радиогоор чи л дуугараад байх юм” гэж хошигнодог байсан. Үнэндээ бусад хүмүүсийн ажлыг өөр дээрээ авч хийдэг байсан гэсэн үг. Тиймээс Гунгаа дарга намайг “Ацаг Отгон” гэж хочилдог байлаа. Гэхдээ энэ бүхэн надад нэг зүйлийг сургасан. Тэр нь хүний итгэлийг даах чадвар. Хүсэл тэмүүлэл үргэлж сайн зүйл рүү хөтөлдөг гэж боддог.

Б.Нандинцэцэг

Б.Нандин-Эрдэнэ

 

ӨДРИЙН СОНИН