Улсын наадмын дуу хоолой болж ард түмний танил болсон, морь тайлбарлагч Л.Цагаандалайтай хөөрөлдлөө.


-Баяр наадмаар“сайхан” гэдэг үг зургаан сая удаа хэлэгддэг гэж Бөхийн холбооны дэд тэргүүн асан Довдонгийн Данзангийн гаргасан судалгаа байдаг-

-Наадмын тухай яриагаа эхэлье, та хэдэн жил наадам хөтлөв. Одоо ямар ажил эрхэлж байна?

-Монголын Үндэсний Телевизийн хамт олноороо жил жилийн наадмын үйл ажиллагаанд оролцож, уран бүтээл, нэвтрүүлэг, шууд дамжуулалтаар олон түмэндээ хүрсээр багагүй цаг хугацаа өнгөрсөн байна. Би ганцаараа бүтээдэг юм гэж байхгүй шүү дээ. Сүүлд, олон түмэндээ наадмын уур амьсгал мэдрүүлэх, дурсамж сануулах, бэлтгэл өнгө хэр байгааг үзүүлэх зорилгоор тухайн жилийн наадмын өмнө бөх, сур, хурдны морины галуудаар явж “Наадмын өнгө” багц сурвалжилга нэвтрүүлэг хийж байв. Үргэлжлүүлэн наадмын өдрүүдээ шууд дамжуулан үзүүлнэ. Энэ нь наадмын өнгийг шинжин, наадмын явцыг олон түмэндээ үзүүлж ирсэн цогц уран бүтээл болон хүрч байлаа. Эхэндээ олон суваг, олон мэргэжлийн студи байгаагүй ч уран бүтээлчид маань боломжоороо чанартай сайхан нэвтрүүлгүүд, дамжуулалтуудаа хүргэсээр ирсэн. Одоогийн бий болсон хэвлэл мэдээллийн олон сувгийн нэвтрүүлгүүдийн анхны шан байсан байх гэж боддог. Миний хувьд Ш.Гүрбазар ах, Ш.Ёолк ах, н.Авирмэд ах нар гээд өмнөх үеийнхэнтэйгээ болон дараагийн үеийн уран бүтээлчидтэйгээ наадмын бүх хөтөлбөрийн дагуу, сурвалжилгыг хүргэсээр, хамтран ажиллаж сургаж, суралцсаар хийж бүтээсээр ирсэн 30 гаруй жилийн түүх байна даа. Одоо ч наадамтай холбоотой сурвалжилга нэвтрүүлэгээ хийж байна хажуугаар нь Монголын морин уяачдын холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцоотой явж байна.

-Наадмын шууд сурвалжилж нэвтрүүлж явсан хамт олныхоо тухай ярих болов уу?

-Жил жилийн нэвтрүүлгүүдийн түүхэн замналд сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн ахмад уран бүтээлчдээрээ бахархахаас аргагүй. Техникийн хүчин зүйлээс шалтгаалаад өөрчлөгдөн хөгжсөөр мэргэжлийн спортын суваг, студитэй болоод ирэхээр бие даасан, дагнасан нэвтрүүлэгүүд хийж иржээ. Тэр дундаа МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлгийн алба гэдэг хариуцлагатай бас нэр хүндтэй албанд хана унийг нь өлгөлцөж явснаараа бахархаж явдаг. Наадам дөхөхөөр морь, бөх, сур гэхээс илүү ажил минь бодогддог юм. Наадмын үеэр айлын уяа, асар гэхээс илүү аппарат техниктэйгээ ноцолдож яваа нар салхи, тоос шороонд нүүр нь бууралтсан хэдэн инженер залуус, шууд дамжуулж байгаа хэдэн сэтгүүлч тайлбарлагч нар маань үнэхээр сэтгэлд ойрхон байдаг даа. Нэг удаа, морь дагаж ирэхэд, нүүр амны битүү тоос шороог манай арын албаныхан тосч аваад арчиж байхыг харснаа манай хүүхэд, “Аав та их ямбатай байдаг юм байна шүү дээ, нүүр амаа арчлуулаад” гэхээр нь “Аавынх нь нүүр бишээ, MNB-ийн нүүр арчилж байгаа юм” гээд бөөн инээдэм болж байлаа.

-Дээр үед улс даяар наадам долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд болдог байсан. Одоо аймаг сумдын наадам, улсын наадмаас өмнө болдог болсон талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Дэд бүтэц хөгжөөгүй, засаг төрийн зохицуулалтаар нэгдлийн мал ахуйг малладаг малчид нааш цааш холоос явах боломжгүй цаг байлаа.1990 -ээд оноос хойш дэд бүтэц, техникийн хувьд бага багаар боломж сайжирсаар одоо бол морь малаа ачаад, хаана бол хаана очиж наадамд оролцох болж. Монгол наадам үндэсний хэмжээнийнх болж байгаа гэж бодож байна.

-Та олон олон улс аймгийн морины уралдааныг шууд дамжуулан тайлбарлаж байсан. Морины талаар нэлээд мэдлэг туршлагатай болдог байх даа?

-Адуу гэдэг амьтан тухайн байгаль цаг уур, орчин, газар нутагтаа дасан хэлбэр шинж нь хувьсан өөрчлөгдсөөр ирсэн байдаг. Бидний нэршлээр “монгол адуу” гэж нэрлээд байгаа адуу бол Ази, Европоор одоо ч байгаа, олон улсын эрдэмтэдтэй хамтарсан судалгаанд өтгөн дэл сүүлтэй Экус кабалус төрлийн гэж нэршсэн гаршуулсан адууны монголд суурьшсан төрөл гэсэн үг.

Энд нэг зүйл тодруулж хэлэхэд, 2026 оны долдугаар сарын 13-нд Монгол Улс “Дэлхийн адуун баяр”-ыг тэмдэглэхээр товлогдсон байгаа. Адуу гэхээр монголоос үүссэн мэт, бид л морьтон монгол байсан мэтээр цээжээ дэлдээд байж болохгүй, энэ нь харин биднийг дэлхийн түмний өмнө элэг доог болгож мэднэ. Түүний оронд бид өнөөдөр адуугаа уралдахаас өөрөөр хэрхэн ашиглаж, унаж эдэлж нөгөө талаар хөгжүүлж, бодит байдалд ямархуу байгаагаа бодох л хэрэгтэй. Бүгд хятад мотоцикл унаж байгаа. Гинж нь тасарлаа гэхэд тэр айлд бариад унах сургасан номхон морь гадаа нь байгаа юу гэдэг бас асуудал. Жишээ нь хэдэн аймаг, сумын хэдэн айл өрх гүүгээ сааж айраг саамаа авч байгаа билээ гээд бодоод үзэхэд гэмгүй. Өнөөдөр монголд хөдөө хээр гараад явахад морьтой хүнтэй бараг таарахаа больсон. Нэг баяр наадам болохоор ганган дээл өмсөөд, морь уралдуулаад, өв уламжлал яриад явах сайхан л даа. Бодит байдалд байхгүй хоосон зүйлээ, уншиж судалж, уг сурвалж түүхийг мэдэхгүйгээр хэт хэлбэр хөөж хий хоосон цэцэрхэх, цээжээ дэлдэх нь осолтой гэдгийг “Дэлхийн адууны баяр”-ын өмнө зориуд хэлмээр байна. Даяаршлын цаг үед техник технологийн хөгжлийг хослуулан амьдрах нь зүйтэй ч гэсэн өв уламжлалаа хадгалах тал дээр бид өөрсдөө мөн чанарыг ойлгож хэрэгжүүлж байх ёстой гэж боддог.

-Хурдан морины уралдаанд дүрэм журам гэж байдаг байх?

-Сүүлийн үед арав орчим жилийн дотор хурдан морины уралдааны уяаны дэг сургууль, арга барил хөгжлийнхөө үе шат дамжсаар нэг стандартад хүрч байна. Спорт гэдэг өөрөө стандарт шаарддаг зүйл. Морин спорт, бөхийн спорт гээд л явна аа даа.Өнөөдөр монгол улсын хэмжээнд, уралдах морьдыг олон хэмжээсээр буюу сэрвээний өндөрөөр хэмжих шийдвэр уяачдын холбооны VII их хурлаас 74 хувийн саналаар дэмжигдсэн байдаг. Нэг тайлбар хэлэхэд есөн насны морь гэж ярьж болохгүй, зургаан насны адуугаа хоёр ангилж есөн гараанаас уралдуулж байгаа хэлбэр юм шүү.

-Эрт дээр үеэс хурдан морины удам угшил нутаг усаараа ялгаран алдар цуугаа бадруулсаар ирсэн түүх домог байдаг. Одоо үед тэр нутгийн, тэр газрын хурд гэж яригдаж байгаа юу, эсвэл уяач эздээс шалтгаалж байгаа юу?

-Газар нутаг гэхээс илүү одоо уяачид маань хүн хүчээ нэгтгэж, хөдөлмөрийн нарийн хуваарьт орж нэгдэж клубийн зарчмаар ажиллаж эхэлж байгаа. Хуучин цагт таван хошуу малаа хариулаад, ахуй амьдралын явц дундаа морьдоо уяж, наадамдаа хурдлуулдаг байсан. Одоо бол хурдан морь уях ажил бол дөрвөн улирлын турш, нэг чигийн ажил болгон хийж байна. Газар нутаг, өвс усны тохиромжтойг сонгон байрлаж хурдан морины спортоор дагнан хөдөлмөрлөж байна гэсэн үг. Мал эмнэлэгтэй болсон байна. Уяачид маань эрүүл адуугаа уралдуулдаг болсон. уралдахаас өмнө малын эмчид үзүүлж, эход хүртэл харуулж тохирох эрүүл мэндийг анхаарч хайрлаж байгаа нь хөгжиж байгаа хэлбэр гэж хардаг.

-Жил бүр улсын баяр наадмыг дагасан магтаал шүүмж хөвөрдөг. Таны бодлоор наадам ямар байх нь сайхан бэ?

-Сүүлийн үед залуус, судлаачид археологичид маань монголын түүхийн судалгаа, аргазүй түүхэнд хандах хандлага нэлээд шинэ түвшинд гарсан гэж болно. Нүүдэлч Монголын түүх учраас наадмын түүх ч бас багтана. Эндээс уялдуулаад үзвэл тэр энэ бөх, морь түрүүлсэн гэдэгт биш наадам гэдэг юмны мөн чанарыг ойлгох нь чухал юм. “Бид яах гэж наадам хийдэг юм” гээд авч үзэхэд нэг бөх, нэг морь, нэг харваач түрүүлүүлэхийн төлөө лав биш. Хамгийн чухал нь төрийн ёслол хүндэтгэлийн бэлгэдэл есөн хөлт цагаан сүлд тугаа хүндэтгэлтэйгээр, түмэн олныхоо өмнө залах ёслолоор наадам эхэлдэг. Мөн наадам дуусахад энэ хүндэтгэлээр сүлд тугаа Төрийн ордондоо буцааж залдаг. Энэ нь Монгол гэдэг ийм тусгаар тогтнолт гүрэн улс байдаг шүү гэдгийг тунхаглаж буй наадмын мөн чанар, үндэсний монгол “фестиваль” юм. Энэ өөрөө монгол хүний омогшил, бусад улсуудаас ондоошил юм л даа. Тусгаар улс туг сүлдтэй байдаг, Монгол улс туг сүлдээ тахин цэнгүүлэхийн тулд бөх барилдан, морь уралдан, нум сум харвах гурваар наадуулан түмнээ баясгадаг байх нь. Энэ гурвуулаа нэг дор болж байж эрийн гурван наадам болно,энэ бас онцлог. Түүнээс зуун бөх багрилдсан ч мянган бөх барилдсан ч “Бөхийн барилдаан”, тавин морь уралдсан ч, мянган морь уралдсан ч “Морины уралдаан” л хэмээнэ. Монгол түмний баяр цэнгэл наадам бол болдогоороо л болсоор ирсэн. Гэтэл хэлбэр талруугаа хэт туйлшираад байгаад эмзэглэж явдаг. Наадмыг тэр энэ найруулах тухай яриад байх утгагүй. Наадмыг найруулна ч гэж юу байхав. Наадмын үеэр болох нээлт хаалтын үеийн урлагийн тоглолт зэргийг найруулах гэж яривал зүгээр. XIII зуунд ийм байсан гээд өнөөдөр ийм байгаад байж болохгүй. Алив өв соёл түүхэн ёс уламжиллыг орчин үетэйгээ нийцүүлэн авч явж, хөгжүүлсэн цагт тэр зүйл амьд байна. Тэгсэн цагт монгол наадам маань үндэсний хэмжээний баяр наадам гэдэг агуулгадаа улам нийцэж байна даа гэдэгт бахархаж явдаг. Түүнээс хөгжлийн явцад гарч буй сорилтууд моринд, бөхөд, сурын харваанд аль алинд нь байж л байна. Хөгжиж буй зүйлд сорилт шалгуур байдаг л зүйл. Монгол бөх сүйрлээ, монгол морины уралдаан сөнөлөө гээд туйлшрах огтоос хэрэггүй. Ялангуяа төр төлөөлөн байгаа эрхэм нөхдийн амнаас ийм үгс сонсох харамсалтай байдаг. Монгол хүүхэд төрж байгаа цагт монгол бөх барилдсаар, монгол харваа харвасаар, монгол морьд уралдсаар байна шүү дээ. Энэ л сайхан.

-“Сайхан наадах”-ын ерөөл хэлэлцдэг монгол наадам. Та энэ тухай дэлгэрүүлж ярьж өгөөч?

-Тэгэлгүй яахав, монголчууд бид амны билэгтэй улс. Наадам гэхэд өөрийн аман соёл хэллэгтэй байдаг. Баяр наадмаар “сайхан” гэдэг үг зургаан сая удаа хэлэгддэг гэж Бөхийн холбооны дэд тэргүүн асан Довдонгийн Данзангийн гаргасан судалгаа байдаг. Нээрээ л, наадмын үед “Сайхан наадаж байна уу Сайхан наадаарай, Наадам сайхан уу” гээд ам нээх бүртээ хэлж байгаа биз. Үндэстнээрээ “сайхан”-г хэлэлцэнэ гэдэг улс орон, эх нутагаа түвшин сайхан байх талархал ерөөл байж болно.

Б.ДАРИЙМ

ӨДРИЙН СОНИН