Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль ойртохын хэрээр улс төрийн намуудаас хэн нэр дэвших вэ гэсэн таамаг, өрсөлдөөн хэдийнэ эхэлжээ. МАН-аас нэр дэвших боломжтой улстөрчдийн дунд УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Жавхлангийн нэр ч яригдах болов.
Сүүлийн үеийн нэгэн судалгаанд ч түүнийг МАН-аас нэр дэвших магадлалтай улстөрчдийн нэгээр нэрлэсэн байна.Гэхдээ энд нэг асуулт тавигдах ёстой. Б.Жавхланд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших ёс зүйн эрх бий юу? Хуулийн шаардлага хангаж байна уу гэдэг нэг асуудал. Харин улс орны эдийн засгийн бодлогыг олон жил удирдсан хүний хувьд хийсэн ажлынхаа үр дүнгээр Ерөнхийлөгчийн сонгуульд орох улс төрийн болон ёс зүйн мандат түүнд байна уу гэдэг огт өөр асуудал юм.
Б.Жавхлан Монголын төрийн санхүү, төсвийн бодлогын жолоог олон жил атгасан. Тиймээс энэ хугацаанд эдийн засагт бий болсон сайн үзүүлэлтийг өөртөө хамаатуулан ярьдаг бол муу үзүүлэлтүүдийн хариуцлагаас ч зугтах боломжгүй.
Монголын эдийн засаг 2022 онд 5.0, 2023 онд 7.4, 2024 онд 5.1, 2025 онд 6.8 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл “Б.Жавхлангийн үед Монголын эдийн засаг бүхэлдээ унасан” гэж хэлбэл бодит тоотой нийцэхгүй. Гэхдээ эдгээр өсөлтийн цаана нүүрс, зэс, уул уурхайн экспортын таатай орчин томоохон үүрэг гүйцэтгэснийг мартаж болохгүй. ОУВС 2023-2024 оны эдийн засгийн идэвхжилд уул уурхайн салбарын өсөлт, экспортын орлого хүчтэй нөлөөлснийг онцолсон байдаг. Асуудал харин тэр их орлогыг Монголын төр хэрхэн зарцуулсан бэ гэдэг дээр гарч ирнэ. ОУВС-гийн 2025 оны Монголын эдийн засгийн үнэлгээнд 2022-2024 онд уул уурхайн орлого хоёр дахин илүү өссөн боломжийг дагаад төсвийн зарлага 67 хувиар тэлсэн гэж тэмдэглэсэн. Улмаар хэт тэлсэн төсвийн бодлого импорт болон инфляцыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Энэ бол жижиг асуудал биш.Нүүрсний экспортын түүхэн таатай мөчлөгөөр орж ирсэн мөнгийг эдийн засгаа дараагийн хямралд бэлтгэх, хуримтлал бий болгох, төсвийн сахилга батыг бэхжүүлэхэд ашиглах боломж Монголд байсан. Харин эсрэгээрээ орлого нэмэгдэхийн хэрээр зарлагаа нэмэгдүүлдэг хуучин зуршил үргэлжилсэн.
ОУВС 2024 оны намар ч Монголын төсвийн хэт тэлсэн бодлого дотоод, гадаад тэнцвэргүй байдлыг нэмэгдүүлж, инфляцыг зорилтот түвшнээс удаан хугацаанд өндөр байлгах эрсдэлтэйг анхааруулж байв.Өөрөөр хэлбэл уул уурхай мөнгө олж өгч байхад төр мөнгийг нь зарцуулж байлаа. Харин нүүрсний үнэ, орлого буурахад асуудал шууд ил болсон. 2025 онд төсвийн нийт зарлага 31.3 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл мөн 35.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 хувиар нэмэгдсэн байна. 2026 он гараад инфляцын дарамт ч арилаагүй. ОУВС-гийн 2026 оны наймдугаар сарын үнэлгээгээр Монголын инфляц зургадугаар сард жилийн 12 хувьд хүрчээ. Эндээс Б.Жавхлангийн улс төрийн хариуцлагын тухай асуудал яригдана. Сангийн сайд гэдэг зөвхөн улсын төсвийг УИХ-д өргөн барьдаг албан тушаал биш.
Улс орны санхүүгийн сахилга бат, татварын бодлого, өрийн удирдлага, төсвийн зарлагын бүтэц, эдийн засгийн мөчлөгийн эсрэг бодлогын гол эзэн нь Сангийн яам. Тиймээс сайн үед “эдийн засаг өссөн” гэж гавьяаг нь хүртэх гэж байгаа бол муу үед “гадаад нөхцөлөөс болсон” гэж хариуцлагаас бултах боломжгүй.
Монгол Улс нүүрсний үнэ өндөр, экспорт түүхэн түвшинд хүрсэн он жилүүдийг үзлээ. Энэ бол төсвөө эрүүлжүүлэх, хуримтлал бий болгох, эдийн засгийн бүтцээ өөрчлөх ховор боломж байсан. Гэтэл Монголын төр дахин л мөнгөтэй үедээ зарлагаа тэлж, мөнгө багасахад төсвөө танах тухай ярьдаг хуучин мөчлөгөөсөө бүрэн гарч чадсангүй. Үүнийг нэг хүний буруу гэж үзэх нь мэдээж өрөөсгөл. Төсвийг Засгийн газар боловсруулж, УИХ баталдаг. Монголбанк мөнгөний бодлогыг хариуцдаг. Дэлхийн зах зээл, цар тахал, Орос-Украины дайн, нүүрсний үнэ зэрэг гадаад хүчин зүйлс ч Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлсөн. Гэхдээ тав орчим жил улсын санхүүгийн бодлогын төвд суусан Сангийн сайд энэ бүхний хариуцлагаас ангид үлдэх боломжгүй.Тэгээд одоо Ерөнхийлөгч болох уу?
Монгол Улсын Ерөнхийлөгч бол Үндсэн хуулиар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Тийм албан тушаалд очихыг хүсэж байгаа хүн өмнө хашсан албан тушаалынхаа тайланг эхлээд олон нийтэд тавих ёстой. Б.Жавхлан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хүсэж байгаа бол эхлээд хэд хэдэн асуултад хариулах хэрэгтэй. Яагаад уул уурхайн орлого оргил үедээ хүрэхэд төсвийн зарлага ийм хурдаар тэлэв?Яагаад эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэд инфляц, өндөр үнэ, зээлийн дарамтаас илүү хүчтэй мэдэрч чадсангүй? Яагаад нүүрсний орлого буурахад төсвийн эмзэг байдал дахин ил болов? Төсвийн сахилга баттай, мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх түүхэн боломжийг Монгол Улс ашиглаж чадсан уу?
Эдгээр асуултын хариугүйгээр Ерөнхийлөгчийн тухай ярих эрт. Б.Жавхлан хуульд заасан шаардлагыг хангаж байвал нэр дэвших хууль зүйн эрхтэй байж болно.
Харин түүнд нэр дэвших улс төрийн болон ёс зүйн эрхтэй юу? Таван жил улсын санхүүгийн жолоог атгасан хүн Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын тухай “би хамаагүй” гэж хэлэх эрхгүй.
Тиймээс Б.Жавхлангийн хувьд 2027 оны сонгуулийн өмнөх хамгийн том асуулт “нэр дэвших үү” биш. Харин Монголын эдийн засгийн хамгийн боломжтой он жилүүдэд Сангийн сайдаар ажилласан хүн хийсэн бодлогынхоо үр дүн, алдаа, хариуцлагыг бүрэн тайлагнаж чадсан уу гэдэг асуулт юм. Тэр тайлангаа тавиагүй цагт Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших ёс зүйн эрх байхгүй!
Б.Намуун
sonin.mn







Зочин · 9 минутын өмнө
ЭРХТЭЙ БАЙЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ. ЧАДВАРЫН ТУЙЛ ШҮҮ ДЭЭ