А.Батжаргал: Бид хүүхдүүдээ алдаагаар нь л дүгнэдэг байсан
2014/08/25
Нийслэлийн СХД-ийн 62-р дунд сургуулийн захирал А.Батжаргалтай энэ жилээс шинээр хэрэгжих бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын бүх сургуулийн захирал, сургалтын менежер, багш нарт шинээр баталсан Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг танилцууллаа. Энэ хөтөлбөр өмнөхөөсөө юугаар ялгаатай, давуу талтай байна вэ?
-Өмнөх сургалтын хөтөлбөрүүд бол хэрэгжих арга зүй, хамрах хүрээг нь тодорхойлоогүй байсан. Жишээ “Read” гээд төсөл 2006 оноос хэрэгжээд дараа нь Кембрижийн боловсролыг авна гээд л хэсэг явсан. Ирэх гээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Улс орны хэмжээнд хэрэгжих гээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг явсаар байгаад л дууссан. Үндэсний хэмжээнд ямар нэг судалгаа хийлгүйгээр шууд л хэрэгжүүлнэ гээд л явсан. Орон даяар хэрэгжүүлж ч чадаагүй. Одоо энэ шинэ хөтөлбөр бол судалгаатайгаа, үнэлгээтэйгээ, хэрэгжсэн туршлагатайгаа маш богино хугацаанд хүчтэй орж ирж байна. Үндэсний хэмжээнд 40 лаборатори сургууль дээр бүтэн жил туршигдсан. Туршсан газруудын багш ажилчид бүгд ам сайтай байгаа.
-Өмнөхөөсөө илүү судалгаатай бас хангалттай туршиж, үр дүнг нь үзээд эхлүүлж байгаа юм байна. Яг хичээлийн танхимд, хүүхдийн сурлагад юу өөрчлөгдөж, юу мэдрэгдэх бол?
-Хүүхэд бүрийн ахицыг үнэлсэн үнэлгээтэй. Ахицаар нь үнэлж эхэлж байгаа нь бол үнэхээр сайн чанар. Өмнөх сургалтын үед бид 30 үгтэй нэг эх бичүүлээд алдааг нь тоолж хүүхдээ дүгнэдэг байсан. Хүүхдийн алдсан хэмжээгээр. Жишээ нь, хоёр алдвал, гурав эсвэл тав алдвал... ч гэдэг юм уу. Гэтэл одоо бол бид зөв бичсэнийг нь харж дүгнэх болж байгаа нь энэ хамгийн дэвшилттэй тал гэж бодож байна. Өөрөөр хэлбэл 100 үгнээс 90-ийг нь зөв бичсэн байвал багшаасаа “Чи 90-ийг нь зөв бичиж чадлаа шүү дээ” гэдэг урмын үг авч эхэлж байгаа юм. Хуучин бол хүүхэд зөв бичсэн 90 дээрээ үнэлгээ авахгүйгээр зүгээр алдаагаа тоолуулдаг байсан. Энэ алдаа тоолдог үнэлгээ маань л үндсэндээ 90 гаруй жил явчихлаа шүү дээ. Харин одоо бол зөв хийсэн, чадсан зүйлийг нь үнэлнэ гэдэг бол хүнд урам өгч эхэлж байгаа юм. Хүн өөрөө сэтгэлийн амьтан юм бол хүүхэд ч бас сэтгэлийн амьтан. Тэгэхээр урмаар тэтгээд явах юм бол хүүхэд цаашаа хөгжөөд, ахиад явах боломжтой юм гэсэн эерэг чиг хандлага гарч ирж байна л даа.
-Шинэ үнэлгээний хувьд ийм байж. Бусад давуу талууд магадгүй сул тал нь юу байна?
-Хүүхэд бүрийн оролцоог хангасан сургалт л анги танхим бүрт явагдана. Зүгээр багш ангидаа сайн хэдэн хүүхдүүдэд шинжлэх ухааны өндөр мэдээллийг өгчихөөд сайн нь тогтоогоод, дундаж, дунджаас доогуур хүүхдүүдийн чихнийх нь хажуугаар өнгөрдөг ийм сургалт явагдаж байсан. Одоо бол хүүхэд бүрийг оролцуулаад хүн бүрийн үзэл бодлыг тэрэнд шингээгээд, хооронд нь хэлэлцүүлээд нэгдсэн дүгнэлт гаргуулаад, гаргасан дүгнэлт дээрээ дахин эргэлзээ үүсгүүлээд, тэр эргэлзээгээ тайлаад цаг цагийн хичээлээс гарна. Ингэснээр хүүхэд 32 долоо хоногт үндсэндээ 160 гаруй удаагийн ийм оролдлого хийж байгаа юм. Оролдлого бүрээс дүгнэлт гараад, дүгнэлт бүрийн дараа эргэлзээгээ тайлаад байвал энэ маань жинхэнэ амьдрах ухаанд сургасан бодит сургалт болох юм.
-Одоо есөн сарын нэгнээс орон даяар энэ хөтөлбөр хэрэгжинэ. Танай сургууль, багш нар бэлэн байгаа юу?
-Манай сургуулийн багш нар бэлтгэгдсэн байгаа. Яамнаас зохион байгуулж байгаа сургалтад багш нар маань суусан. Өнгөрсөн хаврын анги дэвших улсын шалгалтыг бид авахдаа хүүхэд хүүхэд дээрээ ерөнхий төвшин тогтоох хэмжээнд харж авсан. Энэ хэрэгжих гэж байгаа хөтөлбөрийг угтуулж. Тэгээд зуны амралтаараа багш нар маань үүн дээр дүгнэлт хийж орж ирэх даалгавартай амарцгаасан.
-“Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг баталсан. Үүнийгээ сургууль бүрт, багш бүрийн гарт өгсөн гэж байна. Танай сургууль, багш нарт хангалттай очсон уу?
-Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийн нэг нь ч ийм хэмжээний мэдээлэлтэй, багш бүрдээ хүрсэн зөвлөмжтэй байгаагүй. Хаанаас олж ирсэн юм, тэр нь манай нүүдэлчдийн сэтгэхгүйд хоногших уу, үгүй юу, тийм л юмаар “нүдэж” яваад өдийг хүрлээ шүү дээ.
-Энэ шинэ сургалтын хөтөлбөр хоногших болов уу?
-Хоногшино гэж итгэж байгаа. Яагаад вэ гэвэл, Монгол ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан нь өөрөө хүн бүрт хүрч, хүн бүр нэгээс хоёр хүнийг дагуулж явж амьдралд бэлдэж байсан ийм туршлагатай. Тэгэхээр Монгол сурган хүмүүжүүлэх ухаанд суурилаад, эргээд нийтэд нь биш хүн болгоноо сургах гэж байгаа нь нөгөө биеэр дагуулж сургах ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалаа богино хугацаанд сэргээж авч байгаа дэвшилттэй тал байна гэж үзэж байна.
Л.Цог
Зочин · 2015/09/17
ыйбйыбйыбйыбйыбйыбйыб