Манай улсад хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа. Жилийн жилд эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж наймдугаар сарын дунд үеэс эхлэн цэцэрлэгийн үүд сахиж, хонон өнжин  хүүхдээ бүртгүүлдэг тогтолцоо тогтоод олон жилийн намрыг үдэж байгаа билээ. 

Бүртгэл нь эхлээгүй байхад л дугаарлан зогсох тэдний буруу гэж юу байхав. Тухайн цэцэрлэгээс төгсөн гарч байгаа 5 настангуудын тоогоор шинэ хүүхдээ бүртгэж авдаг учраас цөөн орон тоонд нь хүүхдээ багтаачих юмсан гэсэн санаа. Улсын цэцэрлэг нь хүрэлцээтэй байсан бол ингэж өөрсддөө болоод бусдад төвөг учруулах шалтгаан байхгүй. 

2014-2015 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ.  Үүнээс 156,0 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20,0 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25,8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтанд хамрагдсан байна. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад найман мянга орчим хүүхдээр нэмэгдсэн. 

БШУЯ-наас гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэггүй үлдэж байгаа тоо гарчээ. Тодруулбал, энэ жил 54 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдсэн юм. 

Энэ онд улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 30.586 суудалтай 65 сургууль, 12275 ортой 102 цэцэрлэг, 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2785 ортой 24 дотуур байр, 12 спорт заал нийт 219 барилгын барилга угсралтын ажил хийгдэж байгаа аж. Үүнээс 2014 онд 8648 суудал бүхий 18 сургууль, 5235 ор бүхий 45 цэцэрлэг, 2785 ортой 24 дотуур байр, зургаан спорт заал ашиглалтанд орно гэдгийг мэдэгдсэн. 

Ийнхүү хүүхдээ арай хийж бүртгүүлээд цэцэрлэгт нь өгсний дараах "сэтгэлийн зовнил" бол багш нь хүүхдийг минь багш нь зодож байх вий" гэх айдас. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн хичээлийн жилд нэлээдгүй хэдэн цэцэрлэгийн багш хүүхэд зодсон хэргээр ял сонссон явдал нь нийгмийг цочиролд оруулаад авсан

Баримт сөхвөл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгийн багш хүүхэд зодсон хэрэгт холбогдсон.Тус цэцэрлэгийн дунд бүлгийн багш Я.Нямцэцэг хоёрдугаар сарын 14-ний өдөр гурван настай А.Б-г өмдөндөө шээлээ гэх шалтгаанаар зодож, улмаар дотуур өмдийг нь тайлах явцдаа баруун төмсөгийг нь асаагуураар түлж гэмтэл учруулсан. Я.Нямцэцэгт гурван сар 10 хоног баривчлах ял оногдуулсан билээ.

Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Цэнд-Аюуш нь өөрийн ангийн хүүхдүүдийг цохиж зодсон бичлэг нь интернэтэд тархсан. Эл хэргийг хянан хэлэлцээд Д.Цэнд-Аюушийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан "Тарчлаах" гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож 2 жилийн ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэлсэн юм. 

Тэгвэл шинэ хичээлийн жил эхлээд хэдхэн хонож байхад дахин цэцэрлэгийн багш хүүхэд зодсон хэрэг гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэгийн багш 2 настай хүүхдүүдийг сандалтай нь скочидаж хүлсэн гэх гомдолыг эцэг, эхчүүдийн зүгээс гаргажээ

Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг “Манайх 2 дүүргийн хүүхдийг хамруулан суралцуулж байгаа. Хамгийн гол нь бид нар 50 хүүхэдтэй хоёрхон багш ажиллаж байна. Гэхдээ хэзээ ч манай багш нар хүүхдийн амыг скочдоно гэсэн түүх бол байхгүй ээ. Харин эцэг, эхчүүд нь тэгж байна гэсэн. Тэгээд тэрхүү үйл явдалыг харахаар нэг улбар шар өнгөтэй л юм харагдсан. Тэрнээс биш хүүхдийг скочдож хүлж байгаа дүр зураг харагдаагүй. Хүүхдийг угзарч, зандарч, эвгүй харьцаж  болохгүй учраас эцэг, эхийн хүсэлтээр ангийн багшийг ажлаас нь халсан байгаа” гэлээ.

Мөн тэрбээр багш нар хүүхдүүдийнхээ нэрийг цаасан дээр бичээд нуруун дээр нь скочоор нааж байсан юм. Үүнийг нь цонхоор харсан эцэг, эхчүүд "Хүүхэд скочдож суулгалаа" гэж ойлгосон юм шиг байна гэж учирлав.

Тус бүлгийн багш нь 67-р цэцэрлэгт 4 жил ажилласан бөгөөд энэ хичээлийн жилд 2 настай хүүхдүүдийг анги даасан багшаар ажиллаж байсан аж. Хичээл эхлээд хэдхэн хонож байхад цэцэрлэгийн багш нар хүүхэд зоддог асуудал гарч байгаа нь харамсалтай. Хүүхдээ цэцэрлэгт хүмүүжүүлж өөрсдөө ажил төрлөө хийн амьдралаа авч явахын төлөө эцэг, эхчүүд хөдөлмөрлөх шаардлагатай тулгарч байгаа. Гэтэл дээр нь арай хийж цэцэрлэгт өгсөн хүүхдийг нь зодож нүдэн, элдвээр хараан зүхүүлэхийг хүсэх ээж, аав байхгүй гэдгийг цэцэрлэгийн багш нар бодох хэрэгтэй. Түүнчлэн багшийн ёс суртахууны асуудал гэж томоохон шалгуур тавигдаж байж багшилах эрхээ авдаг баймаар. Гэтэл хүүхэд зодсон гэх асуудал тасрахгүй байгаа нь ямар хүмүүст багшилах эрх өгөөд байна вэ гэдгийг БШУЯ-ны зүгээс харж үзэх хэрэгтэй болоод байна.

 

Х.Даваа