Манай улсад хэсэг хүмүүс хэнийг шоронд явуулахыг шийддэг болж. Сүүлийн үед шоронд явуулахаар нэг хүнийг онилсон нь Эрчим хүчний диспетчерийн газрын ерөнхий диспетчер Г.Балжинням. Ингэж шоронд явуулахыг шийдэхэд олон шалтгаан байдаг.

Албан тушаалд нь санаархах, компанийг нь булааж авах, шантаажилж мөнгө авах, тэр ч бүү хэл хувийн өс хонзон ч байж болдог. Мөн улс төрийн бүлэглэлүүдийн зөрчлийн золиосонд хэн нэгнийг шоронд илгээж байна. Нэг ёсны сануулга болгохдоо хэн нэгнийг зүгээр л золиосолж шорон явах замыг нь засчихдаг болжээ.

1937 онд бол гоё сайхан эхнэрийг нь авах гэж нөхрийг хилс хэрэгт баривчилдаг байсан гэдэг. Эсвэл сайн сайхан яваа нэгэндээ атаархаад явуулчихдаг. Хувийн өс хонзонгоо ч иймэрхүү байдлаар авдаг байж. Энэ мэтээр нэг нэгийгээ матаж хилс хэрэгт явуулсан нь олон. Одоо бол сайхан хүүхэн элбэгшсэн болохоор арай эхнэрийг нь булаах гэж шоронд илгээхгүй биз. Бусдаар бол 1937 оныхоос нэг их ялгаа алга. Дургүй хүргэсэн нэгнээ шалгуулж, бариулаад шоронд явуулах шийд гаргах болж. Нэгэнт шийд гарсан бол тэр хүний тухай дургүй хүрмээр, үзэн ядуулах мэдээлэл явуулж эхэлдэг. Яаж хөрөнгө мөнгө хулгай хийсэн тухай, яаж идэж ууж тансаглаж байгаа тухай санаанд багтамгүй их мөнгөний тоо хэлж, олон нийтийн чихэнд хүргэнэ. Шүүхийн шийдвэр гараагүй байхад нөгөө хүнийг онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан асуудлаар шалгаж байгаа гээд гэмт хэрэгтэн мэтээр шууд л яллаад явчихдаг. Золиос болгох хүний талаархи хар пиар ингэж эхэлдэг.

Г.Балжинням гэдэг нөхрийн тухай хар пиар яг ингээд л яваад эхэлж. Хэдийг хулгай хийсэн, хэд болсон, мөнгөн дүнтэйгээ бүх л баримттайгаа хэвлэл мэдээллээр түглээ. Одоо үүнийг хуулийн байгууллага нотлох л үлджээ. Нэгэнт өмнөтгөл болгоод үзэн ядуулчихсан, нийгмийн сэтгэл зүй бэлтгэгдчихсэн хойно хуулийнхан өнөөх хүнийг гэмтэн болгож нотлох тийм ч хэцүү биш. Манай цагдаагийнхан хэрэг хүлээлгэж байгаа тухай өчнөөн онигоо байдаг. Өнөөгийн нөхцөлд “Миний цагдаа намайг хамгааллаа юу. Ёстой инээд хүрчихлээ” гэж хээвнэг хэлэх хүн олон. Хамгаалах биш шоронд хатаахад оролцоод, зохион байгуулаад байхаарарга ч үгүй биз. Цагдаа, хууль хяналтын байгууллагынхныг энэний хүн, тэрний хүн, тэр намын талынх гэж ярьцгаадаг болоод хэвшиж. Үнэн л дээ, аль нэг намын харьяат байх ёсгүй ч хуулийнхан албан бусаар намд харьяалагдаж ирсэн. Тэд албан тушаалд тавьсан, ажилд авсан хүмүүстээ үйлчилж, улстөрждөг. Шударга ёсны төлөө, иргэдэд үйлчилнэ гэж тангараг өргөчихөөд хэн нэгнийг шалгаад буруугүй байвал харамсана уу гэхээс баярлана гэж үгүй.

Хэрэг хүлээлгэх шиг, нотлох шиг амархан юм байхгүй болж. Энэ нийтлэлийн эхэнд дурдсан Г.Балжинням гэдэг хүнийг би мэдэхгүй. Сайн хүн үү, муу хүн үү. Падлий ч алга. Хулгайч бол хулгайч л биз. Үгүй бол үгүй л биз. Түүнийг өмөөрөх гээгүй. Гол нь шүүхийн шийдвэр гараагүй байхад ямар хурдтай гэмтэн мэт мэдээллүүд тараад эхлэв. Хуулийн байгууллагын энэ пиар Монголын ард түмэнд хортой байна. Гэмт хэрэг хийсэн нь шүүхээр шийдэгдээгүй байхад нийгэмд аль хэдийнээ энэ хүнийг адгийн луйварчин гэсэн сэтгэхүйг бий болгож, нийгмийн дайснаар зарлачихлаа. Энэ их аюултай. Яригдаж байгаа Г.Балжиннямаас гаднанийгэмд нөлөөлөх хор хохирол нь их байна.

Ийм зүйл хийхдээ хуулийн байгууллагууд маш нарийн бодож хийж байна. Жишээлэхэд хүүхэд бүрийнхээ тоогоор 100 саяын хадгаламж нээсэн гээд л өнөөх Г.Балжиннямыг зарлаж. Гэхдээ хүүхдийн тоог нь зарлахгүй байгаа юм. Мэдээлэл сонсч байгаа хүмүүст бол арав, хорин хүүхэдтэй, тэднийхээ нэр дээр тус бүр 100 саяыг хадгалж тэрбум, тэрбум төгрөг завшсан байна гээд л буучихаж байгаа юм. Ямар их идэж уусан хулгайч вэ гэдэг. Хэрэг дээрээ ганц хүүхэдтэй ч байж болох юм.

Сонгуулийн үеийн их баривчилгаагаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг гэмт хэрэгт холбогдуулах гэхдээ яаж пиардсаныг санаж байгаа биз. 26 дансанд 300 сая ам.долларын гүйлгээ хийгдэж гээд л цагдаагийн нэг “гөлөг” хэвлэлийнхнийг дуудаж мэдээлээд сүйд болов. Энэ нь хүмүүсийг сэрдхийлгэж Ё.Отгонбаяр болон түүний эхнэрийг нийгмийн дайсан мэт ойлгочихсон. Үнэн хэрэгтээ аж ахуй эрхэлж байгаа газрын дансанд орж, гарсан мөнгөн дүнг буруу тооцсон болоод л өнгөрсөн. Сонгуульчин цагдаа сонгуульдаа оролцсон нь л энэ. Ингэж шүүхээр нотлоогүй байхад нийгэмд хэн нэгнийг гэмт хэрэгтэн мэтээр урьдчилааджигшүүлдэг. Ингэж жигшүүлсэн хүнийг яаж ч байсан ард түмэн “Больж дээ. Муу луйварчин” гэж ирээд л боддог, ярьдаг, үзэн ядаж эхэлдэг. Нэгэнт нийтэд луйварчин гэж хоногшчихсон бол шүүхээр гэм буруугүй нь нотлогдсон ч хэн ч итгэхээ байчихдаг. Энэ бүхний эцэст нөгөө цагдаа худал мэдээлэл тараасныхаа төлөө уучлал гуйна гэж үгүй. Зарим тохиолдолд шоронд яваагүй үлдлээ ч тухайн хүний талаар таагүй мэдээлэл тэр чигтээ л үлддэг. Нөгөө хүний ард байгаа гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, ах дүү нь сэтгэл санаа, бие махбод, эд хөрөнгийн хохирол амсч, хичнээн их шаналж зовсныг хэн ч тоохгүй. Муу нэрийг хусавч арилахгүйгэгчээр насан туршдаа л нэр нь хар толботой, сэтгэлдээ зовнилтой үлдчихэж байгаа юм. Баригдаж, хоригдож, элдвээрээ цоллуулсан хүн шүүхийн шийдвэр буруугүй гарлаа ч нэр төрөө сэргээлгэх гэж явдаггүй. Шоронд суугаагүй нь их юм гээд л чимээгүй болно. Шүүхээр гэмт хэрэгтэн болох нь тогтоогдоогүй байхад шалгаж байгаа нэрээр хэдэн сар жилээр хорьчихно. Ихэнхдээ буруутайг нь шүүхээр тогтоолоо гээд цааш үргэлжлүүлэн хорьдог. Иймэрхүү үйл явц хааяа биш байнга л сонсогдож байна.

Ийм болохоор сонгуульчин цагдааг жигшмээр байна. Сонгуульчин цагдааг жигшихээс гадна хэвлэл мэдээллийнхэн бид өөрсдийгөө жигших хэрэгтэй болж байна. Ердөө л төр засаг хууль хяналтынхны хэргээ болохоор дуудаж авчирдаг янхан болж, хэвлэлийнхэн. Энэ бүх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн нийгэмд түгээдэг. Ганц удаа үнэн үү, зөв үү гэж эргэлзэж шалгаж үзэхээ больж. Хуулийнхны зориуд тараасан мэдээлэл хэвлэлийнхний гол эх сурвалж нь болдог болж. Тэдний бэлдсэн өгөөшийг л дорхноо залгичих юм. Ийм сценарийн дагуу мөн ч олон хүн шинэ цагт хэлмэгдэж байна. Хууль хяналтынхны энэ удаагийн сценариардиспетчер Г.Балжиннямыг шоронд шовойлгохоор шийджээ.

Ингэж шүүхээр шийдэгдэхээс өмнө Үндсэн хууль зөрчин төрөөс зориудаар нийгэмд шуугиан үүсгэж үзэн ядуулдгийг болимоор байна. Хэвлэлийнхэн бид ч тэдний өгөөшийг яаран шүүрч аван олон нийтэд мэдээлэхээс татгалзан болгоомжтой хянуур байж, дотроо бодолтой асуудалд ханддаг болмоор байгаа юм даа.

Д.ХҮСЛЭН