Сүүлийн жилүүдэд барилгынхны хамгийн ихээр хэрэглэдэг болсон дулаалгын материал бол хөөсөнцөр.

Хөөсөнцөр нь барилгын дулааныг хадгалах зориулалтаар хэрэглэдэг ч олон сөрөг талтай. Өнгөрсөн жилүүдэд нийслэлд гарсан томоохон галууд хөөсөнцөрөөр өдөөгдсөн ч бий.

Тухайлбал, “Орчлон” хороолол, “Бөмбөгөр” худалдааны төвд гарсан гал зэргийг дурьдаж болохоор. Гэвч энэ аюул ахиж нүүрлэхгүй гэх газаргүй болжээ. Учир нь хөөсөнцөрийн чанар, стандартын асуудал одоо ч тодорхойгүй байдгийг салбарынхан төдийгүй албаны хүмүүс онцолж байна.

 ХӨӨСӨНЦӨР ҮНЭ ХЯМД, АВСААРХАН, НЭМЭЛТ ӨНГӨЛГӨӨ ШААРДДАГГҮЙ

Манайд хөөсөнцрийн 20 орчим компани байдаг гэсэн бүртгэлтэй ч үйлдвэрлэл явуулж байгаа нь дөрөв гэнэ. Үүнээс нэг нь Монгол компани бол үлдсэн гурав нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд. Хятад компаниуд дийлэнх байдаг нь анх хөөсөнцрөн дулаалгын хэрэглээг Хятад компаниуд нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотой. Харин хуучны буюу 2000-аад оноос өмнө барилгуудыг өөрөөсөө дулаалгатай угсармал хавтангаар босгодог байжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 гаруй жилд хөөсөнцрийн дулаалгыг хэрэглэж эхэлсэн байна. Дулаалгын материалууд дотроо олон төрөл байдаг ч үнэ хямд, хөнгөн авсаархан, нэмэлт өнгөлгөө шаарддаггүйгээр нь барилгын компаниуд хөөсөнцрийг сонгодог юм байна. Хөөсөнцөр нь дотроо 10 гаруй төрөлтэй. Барилгын аль хэсэгт хэрэглэхээс хамаарч төрлийг нь сонгоно. Мэргэжлийн хүмүүсийн ярьснаар барилгынхан голдуу 20-25 кг/м3 нягттайг нь хэрэглэдэг аж.

ГАЛД ТЭСВЭРТЭЙГ НЬ ҮЙЛДВЭРЛЭВЭЛ ОРОН СУУЦНЫ ҮНЭД НӨЛӨӨЛНӨ ГЭЖЭЭ

Барилгын хананд хэрэглэж буй хөөсөнцөрийн сул тал нь хамгийн түрүүнд шатамхай үйлчилгээтэй. Түүнээс гадна дулаан хадгалах зориулалттай болохоор агаар нэвтрүүлэх чадваргүй, химийн гаралтай учраас эрүүл мэндэд сөрөг талтай гэнэ. Мөн дахин ашиглах боломжгүй байдгийг барилгачид хэлж байна. Ашиглалтын хугацаа нь 15 жил байдаг тухай ч зарим мэргэжилтнүүд онцолдог юм байна. Тухайн орчны чийгшил, агаарын хэмээс шалтгаалж нягтаршил буурах зэргээр чанар нь алдагддаг ажээ. Гэхдээ чанартай хөөсөнцөр үйлдвэрлэх нь бий. Ченжүүдийн гараар хамгийн хямд, чанаргүй хөөсөнцөр барилгын компаниудад дамлан худалдаалагддаг бололтой. Өнгөрсөн жил “Орчлон” хороололд гарсан галын үүнтэй холбоотой байсныг ч хэлэх хүмүүс байна. 

Хөөсөнцрийн анхны хэрэглээний үед дөл үүсгэж шатдаг байсан бол одоо шууд хайлдаг болжээ. Энэ нь технологийн хувьд сайжирсан ч галд тэр бүр тэсвэртэй байж чаддаггүй байна. Харин гадны улсад бол галд тэсвэртэй хөөсөнцөр үйлдвэрлэж хэрэглэдэг жишээ байдаг аж. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хөөсөнцрийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах саналыг тавьж байжээ. Гэвч тэд өндөр үнэтэй байдаг хэмээн татгалздаг юм байна. Өөрөөр хэлбэл, галд тэсвэртэй технологийг өндөр үнээр худалдаж аваад үйлдвэрлэвэл орон сууцны үнэд нөлөөлнө хэмээн барилгын компаниуд үзжээ.

 НОРМ СТАНДАРТТАЙ БОЛГОХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙЖЭЭ

Нөгөөтэйгүүр хөөсөнцрийн хэрэглээний норм, стандартын хувьд учир дутагдалтай юм байна. Анх хятадууд нэвтрүүлж эхэлсэн болохоор хятад маягийн стандартаар явдгийг хөөсөнцрийн үйлдвэрийнхэн хэлж байхад мэргэжлийн хяналтынхан норм, стандарт байдаг хэдий ч барилгад алийг нь хэрэглэхийг зааж өгөөгүй гэж байна. Түүгээр зогсохгүй галд тэсвэртэй байдлыг нь тодорхойлсон норм дүрэм ч байдаггүй аж. Зарим хөөсөнцрийн үйлдвэрүүд ч норм, дүрмийг нэг тийш болгох саналыг холбогдох албаныханд тавьж байжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хэлтсийн улсын ахлах байцаагч Л.Ганбаатарын хэлснээр барилгын материалын чанар, стандартад шалгалт хийж хөөсөнцөрт холбогдох норм, стандарт шаардлагатай байгааг Барилга, хот байгуулалтын яам, Стандартчлал, хэмжилзүйн газар, Онцгой байдлын ерөнхий газарт санал хүргүүлж байжээ. Одоогоор үр дүнтэй хариулт албаныхан өгөөгүй байгаа гэнэ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны холбогдох мэргэжилтнүүдээс тодруулахад “Төсөв хөрөнгөөс шалтгаалж шаардлагатай норм, стандартыг батлуулж чаддаггүй” гэж байна.

 

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин