Живсэн “Титаник” онгоцтой зүйрлэм Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн доторх идээ бээр, тэднийг гадаад орчинд хэрхэн хүлээн авч байгаа байдлыг өмнө хүргэж байсан. Тэгвэл энэ асуудал ганцхан сэдвийн хүрээнд дуусдаггүй гэдгийг олон жишээ хэлээд өгнө. Энэ удаа бид Үндэсний олон нийтийн радио телевизэд хэдэн төгрөгийн төсөв санхүү эргэлдэж,  эдийн засгийн ашиг сонирхол хэрхэн үүрлэж байгааг цөөн хэдэн баримтаар хүргэхийг зорьж байна.

Энэ бүхнийг олон нийтэд хүргэж байгаагийн шалтгааныг эхлээд тодруулах нь зүйтэй байх. Учир нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар тус телевизийн сүүлийн 10 гаруй жилийн түүхэн дэх хэд хэдэн захирлыг ажлаас нь үндэслэлгүйгээр хамт олны нэр барьж халсан байдаг. Одоогийн Өглөөний сонины эрхлэгч, сэтгүүлч Л.Нинжжамц Үндэсний олон нийтийн телевизэд ажиллаж байхдаа  санхүүгийн маш том ашиг сонирхол нуугдаж, энэ бүхэн ямар ч хараа хяналтгүй, хариуцлага тооцох боломжгүй байдалд байгааг хамт олны хурал дээрээ гаргаж тавьсаныхаа төлөө ажлаасаа халагдаж байсан түүхтэй.

Энэ явдал сэтгүүлзүйн салбарынхан дунд ил тод түүх. Харин олон нийтийн өмнө хаалттай болсон явдал юм. Дараа дараагийн телевизийн захиралууд ийм асуудлыг сөхөлгүй ажилласаар 2013 онд Ч.Даваабаяр захиралаар ажиллаж байхдаа санхүүгийн ил тод бус байдалд хяналт тавьж эхэлснээр М.Наранбаатар болон түүнтэй үгсэн хуйвалддаг, радио телевизэд өндөр албан тушаал хашдаг ашиг сонирхол бүхий хүмүүсийн бүлэглэл илрэх аюулд орсон тул түүнийг бас л хамт олны нэр барьж ажлаас нь халуулж байсан байдаг. Тэгэхээр үндэсний олон нийтийн статустай телевиз хураамж, төсөв санхүүгийн хувьд томоохон “өгөөш” гэдэг нь энэ үйл явдлуудаас гадарлагдаж байгаа бизээ. Үүнийг үзвэрийн татвараа төлж суугаа энгийн үзэгч яахин ойлгох билээ. Иймд энэ бүхнийг зах зухаас нь ч болов уншигч таньд хүргэж, үндэсний олон нийтийн телевизийг шинэчлэх,  ужгирсан бодлого хэрэгжүүлж, ашиг сонирхлоор ханддаг хэсэг бүлэг хүмүүсийг цэвэрлэх шаардлагад иргэн таны оролцоог нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм.

Баримт 1.

2005 онд УИХ-аас Монголын үндэсний радио телевизийг олон нийтийн статустай болгон өөрчилсөн байдаг. Ингэснээр тэдэнд жилийн төсвийг баталж, улсаас татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжиж ирсэн. Үүнээс гадна телевиз үзэж, радио сонссоны татварыг айл өрхүүдээс төвлөрүүлэн үйл ажиллагаандаа зарцуулахыг хуульчилж өгсөн байдаг.

Ингэснээр телевизийн татварт айл өрх бүр сард 1100 төгрөг, радиогийн татварт 600 төгрөгийг өгдөг. Гэтэл 600 төгрөгийн татвар авдаг хирнээ Монголын радио өнөөдөр орон даяар сонсогч түмэндээ хүрч үйлчилдэггүй бол 1100 төгрөгийн татварыг төлсөн хөдөөгийн зарим иргэд энэ телевизийг үзэж чаддаггүйн дээр үзэгч түмэн нийтээрээ үндэсний олон нийтийн телевизэд шүүмжлэлттэй хандаж байгаа юм. Бид цөөн хэдэн иргэдийн төлөөлөлтэй уулзаж сэтгэгдэлийг нь сонссон юм.

БЗД-ийн иргэн Ч 42 настай: Ер нь Монголын телевизүүдээр солонгос киноноос өөр үзэх зүйл цөөн байна. Тэр дундаа Үндэсний телевиз. Үзүүштэй зүйл огт алга. Ядаж бид нар биш юмаа гэхэд хүүхэд багачууд, залуучуудын толгойд мэдлэг өгөх нэвтрүүлэг алга байна. “Тавин саяын уналт” шиг нэвтрүүлэг хувийн биш үндэсний телевизээр л гарах ёстой. Гэвч ийм зүйлийг энэ телевиз хийж чадахгүй байна.

СХД-ийн 7 дугаар хорооны иргэн Г 45 настай : Арай хэтэрхий шүү дээ. Та нар мэдэх байлгүй дээ. Манай энэ хавь “Мон лаа” гэсэн гудамж. Аль ч телевиз гардаггүй. Тэгсэн хирнээ тогныхоо мөнгөтэй хамт олон нийтийн телевизийн татвар өгдөг. Гэтэл танин мэдэхүйн нэвтрүүлэг огт байхгүй. Ганц үздэг байсан “Цагийн хүрд” хөтөлбөрөөр олигтой хурц мэдээ огт гарахаа болилоо. Ер нь гаралт ч хэцүү, үзүүлэх зүйл ч байхгүй ийм телевизийг олон нийтийнх гэхэд хэцүү юм бишүү.

Энэ мэтээр хэд хэдэн иргэнтэй уулзахад МҮОНТ-д шүүмжлэлтэй хандаж байсан юм. Харин сонирхоод үзвэл тус телевиз улсын төсвөөс жилд долоон тэрбум төгрөгийг авдаг байна. Үзэгчдээс авдаг хураамж дээр жилийн 10 тэрбум төгрөг. Энэ бол их мөнгө. Арилжааны телевизээс ялгаатай нь гэвэл тэдэнд мөнгө олох гэж шамдах чармайх шаардалага байхгүй. Зөвхөн нийтлэлийн бодлогодоо анхаарахад болно гэсэн үг. Гэтэл тийм байж чаддаггүй гэдгийг үзэгчид нэгэн дуугаар батална. Энэ мэтээр хураамжтай, төсөвтэй телевиз чанаргүй байгаа юм.

Баримт 2.

Жилийн төсвийнхөө 52 хувийг татвар төлөгчдийн мөнгөнөөс авч, 48 хувийн өөрийн үйл ажиллагаанаас санхүүжүүлдэг тус телевиз нийт орлогынхоо 87 хувийг ажилчдынхаа цалинд зарцуулдаг дүн мэдээг Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д тайлагнадаг . Монголын үндэсний радио телевизийг  олон нийтийн статустай болгон 2005 онд хуульчилсаныг дээр дурьдсан. Тэгвэл үүнээс хойш тус телевизийн санхүү, үйл ажиллагаанд аудитын гэнэтийн болон төлөвлөгөөт шалгалт огт орж байгаагүй байдаг. 2013 онд мөнгө санхүүгийн асуудал дэгдэж эхлэхэд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа Үндэсний аудитын газраас 12 хүний бүрэлдэхүүнтэй аудитын шалгалтыг 2013 оны 12 дугаар сард оруулсан юм билээ. Энэ шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ.

Жишээ нь найдваргүй авлагын дүн 16,9 саяд хүрсэн, зарим нэгж салбар нь цалингийн зардалаа байх ёстой хэмжээнээсээ хэтрүүлэн зарцуулсан, Нэвтрүүлгийн нэр төрлөөр орлого, зарлагаа төлөвлөж, өртгийн тооцоолол хийгээгүй, Нэвтрүүлэг тус бүрээр хийх өртгийн тооцоолол хангалтгүй, МҮОНРТ-тэй гэрээгээр ажиллаж байсан зарим хувийн студи тамга тэмдэгээ хураалгаагүй, тус телевизийн өмнөөс гэрээ хийж төлбөрийг авсан тохиолдол гарсан, “Нэг  минут, нэг сая” нэвтрүүлгийн гүйцэтгэгчээр хувийн компани гэрээ байгуулсан,  “Мисс Монголия” тэмцээний гэрээний зарим заалт тодорхой бус,  Монгол Үндэсний дууны их наадмын төсвийн зарцуулалтыг бүртгэлд дутуу тусгасан гэх мэт  маш олон зөрчил илэрсэнийг Үндэсний аудитын газрын  дараах холбоосоор  дэлгэрэнгүйг үзнэ үү . 

http://www.audit.mn/mn/images/files/audit-report/MUONRT-tailan.pdf

 Энэ мэтээр хоёрхон жишээ дурьдахад ийм байна. Иргэдийн төлөөлөл болж их хуралд суугаа эрхмүүд ч МҮОНРТ-ийн талаар багагүй маргалддаг . Олон нийтийн телевиз нь олон нийтийн эрх ашгийг хамгаалсан нийтлэл нэвтрүүлгийг цацах эрх үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг ширүүхэн өрнүүлдэг. Жишээ нь: Үндэсний Олон нийтийн радио телевиз нь 200-300 хүнтэй атлаа 20-30 хүнтэй телевизээс долоон дор нийтлэл нэвтрүүлэг цацдаг. Төсвөөс жил тутамд тэрбум тэрбумаар нь татаас авдаг хэрнээ олон нийтийн эрх ашгийг хамгаалж чаддаггүй, дарга нар дуудах тоолонд очиж эрх ашгийг нь хамгаалдаг.

 

 

   УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Олон нийтийн радио, телевиз аль нэг улстөрийн хүчнийг дагаж далдаганасан байдлаар ажиллахгүй байх ёстой. Шударга ёсыг хангаж ажиллах нь чухал. Аль нэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний захиалгаар ажиллах нь нийгэмд шударга ёсыг тогтооход нийцэхгүй байгаа  шүү гэдгийг чуулганы хуралдаан дээр хатуу хэлж байсан удаатай. Мөн их хурлын гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа телевиз хэрхэн ажиллах вэ гэдэг талаар бодлого боловсруулах ёстой.

 

Цаашдаа шинжлэх ухааны нэвтрүүлгийг сайжруулахад анхаарах, хоёрдугаарт иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлага байна гэдгийг нэгэн дуугаар яриад амжсан. Тэдний ярьсаныг хэрэгжүүлэхээр үндэсний зөвлөлийн гишүүдийг томилсон байдаг. Тэгэхээр энэ гишүүд  иргэдийн төлөөлөл, төрийн хяналт гэдэг утгаараа одоогийн телевизэд бугшсан асуудлыг бага боловч цэгцлэх хэрэгтэй байна.

 2012 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, долоон гишүүнийг шинээр томилсон байдаг. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам УИХ-ын гишүүдийн 93.3, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо 98.3-ийн санал тус бүр авч Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдож байсан. Харин Засгийн газраас санал болгосны дагуу “Ирээдүйгээ аврах” хөдөлгөөний тэргүүн А.Арман гишүүдийн 93.5 хувийн саналаар, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат 90 хувийн санал авч дээрх албанд томилогдсон. УИХ-аас санал болгосны дагуу Д.Гоошоохүү гишүүдийн 83.6 хувиар, С.Мягмар 96.6 хувь, Л.Пүрэвдорж 93.3 -ын саналыг тус бүр авч Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Одоо энэ хүмүүс үндсэндээ  олон нийтийг төлөөлөн тус телевизийг хянаж байгаа гэсэн үг.

Саяхан болсон хурлаараа одоогийн ашиг сонирхолын зөрчилтэй удирдлагуудыг хатуухан шүүмжилсэн. Тэд тууштай ажиллаж, шаардлагаа удаа дараа тавьж чадвал үндэсний олон нийтийн радио телевиз шинэчлэгдэх боломж бий гэсэн үг. Үндсэндээ иргэд тэднийг харж, хүлээж, юу хийхийг л харах үлдэж байх шигээ. Өөрөөр хэлбэл Титаник онгоцтой ижил хэлбэр бүхий гаднаа гяланцаг болсон Монголын үндэсний олон нийтийн радио телевизийг энэ чигт нь харсаар байж живүүлэх үү, эсвэл аварч, дотор нь хөвж яваа хүмүүсийг сэхээн амьдруулах уу гэдэг асуудал асуулт хэвээр байна.

 / Үргэлжлэл бий /

Г.  Жаргалмаа