Монголын эрх баригчид хүний эрхийг зөрчиж, энгийн номхон иргэдийнхээ хувийн нууцад халдаж буй талаар Викилийкс мэдээлжээ.

Германы ФинФишер гэдэг компанийн бүтээсэн компьютерийн вирусийг ашиглан нууц албад ард иргэдийг тагнаж буй тухай баримтуудыг илчилснээрээ Викилийкс нь гэмт халдлагын гол бай болж буй сэтгүүлчид, иргэний нийгмийн идэвхтэн тэмцэгчид болон улс төрийн тэрс үзэлтнүүдэд анхааруулж байна.

Урьд нь Английн компанид харъяалагддаг байсан ФинФишер нь компанийн зохион бүтээсэн компьютерийн вирус программ нь Windows, Mac, Linux болон Android, BlackBerry, Apple гэх мэт суурин болон зөөврийн компьютер, гар утасны бүх үйлдлийн систем сүлжээнд нэвтрэх чадвартай. Тус вирус нь мэргэжлийн өндөр түвшинд тагнан турших үйл ажиллагааг гүйцэтгэдэг төдийгүй холын зайнаас хүссэн компьютертээ суурилуулах боломжтой зэрэг давуу талтай гэнэ. Ингэхийн тулд аль нэг веб сайтын линк, эсвэл таних танихгүй хүнээс ирсэн линк холбоос, файлыг нээхэд хангалттай. Таны компьютер дээр сэмхэн суусныхаа дараагаар энэ Trojan маягийн вирус нь таны хувийн файлууд болон имэйл, Скайп яриа, видео, аудиог сэмхэн хулгайлж, гуравдагч этгээдэд дамжуулдаг.

Анх Викилийкс 2011 онд анх удаа ФинФишер компанийн тухай мэдээлсэн байдаг. Харин энэ удаа Викилийкс тус вирусын программыг улс орнуудын нэрийг олон нийтэд дэлгээд зогссонгүй FinFisher FinSpy тагнуулын программын хувийг татаж авахад зориулан тавьжээ. Тус программыг Египет мэтийн дарангуйлагч тогтолцоотой орнуудын эрх баригчид өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд тус вирусын тусламжтайгаар сэтгүүлчид болон иргэний нийгмийн идэвхтнүүдийг мөрдөж, тэднийг нугачин дарахад ашигладаг байна. Тухайлбал, 2014 оны 4 сард Пакистан улсын Bytes for All (B4A) ТББ-аас хүний эрх чөлөө, хувийн нууцад халдсан хэмээн үзэж, шүүхэд хандаж байжээ.

Төр засгууд энгийн номхон иргэдийг цаг ямагт мөрдөн мөшгиж байдгийг Викилийкс, Сноуден нар баримт нотолгоотойгоор дэлгэн тавьсаар ирсэн. Харин хүний эрхийг хүндэтгэж, иргэдийг тагнахын эсрэг байр суурь баримталдгаараа олон улсад нэртэй Герман улсад ийм бизнес эрхэлдэг компани байрладаг нь тун ч тоогүй юм.

ФинФишер компаниас тагнуулын программ худалдан авсан улс орнуудын жагсаалтад хамгийн томоохон худалдан авагчдын нэг буюу 16 лиценз авсан Монгол улс орсоныг Викилийкс дурьджээ. Монгол улс нь иргэдийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, онлайн хувийн нууцыг хадгалах, хүний эрхийг дээдлэх явдлыг дэмжигч төр засгуудын эвсэл болох Онлайн Эрх Чөлөөний Эвслийн тэргүүнээр саяхан сонгогдсон гэдгийг ч онцлон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын эрх баригчид олон улсын арга хэмжээнд очихдоо “ардчилагч” баг зүүдэг ч үнэн хэрэгтээ дарангуйлагч, дүр эсгэсэн хуурамч ардчилагчид гэдгийг нь Викилийкс нийтэд зарлажээ.

Цаашилбал, 2012 оны 4 сарын 27-нд төрийн албаны ажилтан С. Одмагнай гэгч хүн ФинФишер компаниас яаралтай тусламж хүсч имэйл илгээжээ. Тус имэйлд: “Бид вирус бүхий пдф файлыг гмайл хаяг руу зип болгоод хавсаргаад явуулсан чинь алдаа заагаад болохгүй байна, яаралтай туслаач” гэсэн байна.

Имэйлийг харилцаанаас харвал [email protected] гэдэг хаягаас C. Oдмагнайгийн[email protected] имэйл хаяг руу зипдсэн файл явуулж турших гэсэн оролдлого нь бүтэлгүйсэн бололтой. Цаанаас нь Google компани вирусыг таниад “таны явуулах гэж оролдож буй файл чинь хууль бус учраас бид илгээх боломжгүй” гэсэн аж.

Өөр нэг зүйл анхаарал татаж буй нь 2010 оны 9 сард 3 жилийн хугацаатайгаар 25 хүнийг тагнахаар 3 агентад (тагнуулчид) зориулж 295,5 евро, мөн 150 хүнийг тагнахаар 4 жилийн хугацаатайгаар 10 агентад зориулж 723 мянган еврогоор тус тус лиценз худалдан авсан ба нийтдээ 1.3 тэрбум еврог иргэдээ тагнан турших вируст програм авахад зарцуулжээ. Уншигч та бодоод үзээрэй, 1.3 тэрбум евро (1.7 тэрбум доллар) ooр бид юу хийж чадах байсан бол?

Эх сурвалжууд:

  1. http://wikileaks.org/spyfiles4/customers.html
  2. http://www.theregister.co.uk/2014/09/15/wikileaks_leaks_finfisher_docs_binaries/
  3. http://hackread.com/wikileaks-spyfiles-exposes-finfisher-malware-surveillance/
  4. http://hackread.com/finfisher-surveillance-challenged-in-pakistan/