"Чингис" бондын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн төслүүдийг өнгөрсөн оны сүүлчээс энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал хүлээн авсан. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс нийт 1151 төслийг Засгийн газарт хаяглан ирүүлсэн байдаг. Тэгвэл хүлээн авсан нийт төсөлтэй Хөгжлийн банкаар ахлуулсан Ажлын хэсэг танилцаж, 888 төслийг нь санхүүжилт олгох боломжтой хэмээн шалгаруулсан байдаг. Эдгээрээс 757 нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөл байгаа гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл нэгэн ч хэрэгжсэнгүй ээ. 

Угтаа бол энэхүү төсөл нь “Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл” хэмээх сүржин нэртэй. Гэтэл нэр шигээ сайхан ажил болсонгүй.  Энэ төслүүдээс хэрэгжих боломжтой, эдийн засагт үр өгөөжөө өгөх төслүүдэд нийт нэг их наяд төгрөгийг энэ жил зарцуулна гэсэн тооцоог Засгийн газар гаргасан.  

888 төслийг нийт 44 бүлэгт ангилан импортыг орлох, экспортыг дэмжих, дотооддоо үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах гэсэн гурван үндсэн чиглэлд хувааж зээлийн хүү нь 9 хувиас хэтрэхгүй байх, эхний нэг жилийн хугацаанд зөвхөн хүүг төлж, үндсэн төлбөрөө төлөхгүй байх зэрэг уян хатан нөхцөлтэй гэж тодотгож байв. 888 төслөөс шалгарах төсөл нь эдийн засагт хурдан өгөөжөө өгөх, зээлийн эргэн төлөлтийн чадвартай байх, экспортыг дэмжих, импортыг орлох чадвартай байх зэрэг шалгууруудыг арилжааны банкнууд шалгаруулна гэсэн. Харин өнөөдрийг хүртэл хэрэгжиж эдийн засагт үр дүнгээ өгсөнгүй ээ. Харин ч хэн нэгний биенес болж хувирав бололтой. Нэг хэсэг зарын сонины хуудаснаас "Засгийн газрын үйлдвэржилтийн зээлийн 888 төсөлд шалгарсан 4 тэрбум төгрөгний төслийг зарна" гэсэн зар нийтлэгдсэн. Зарах болсон шалтгаанаа "Барьцаа хөрөнгө байхгүй учраас л зарж байна" хэмээн тайлбарлаж байсан.

Мөн инфляци хоёр оронтой тооноос буухгүй байхад банкны зээлийн хүү өндөр байгаа энэ цаг үед уг төсөл хэрэгжинэ гэдэг үлгэр. Үндэсний бүтээгчдээ дэмжиж байж инфляцийг нэг орон руу шилжүүлж байж эдийн засагт өгөөжөө өгнө. Дотоодын үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн бас нэгэн шалтгаан бол "Эдийн засгийн хөгжлийн үндэс нь үйлдвэрлэл. Үйлдвэрлэж байж оршин тогтнож чадна. Тэрнээс хэрэглээгээ тэтгээд яваад байвал цаашдын улс орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлнө. Юун түрүүнд дэлхийн зах зээлд брэнд болох ямар бараа бүтээгдэхүүн байна түүнийг  сонгож үйлдвэрлэх хэрэгтэй.  Монголд л байдаг гадаадад тэр болгон байдаггүй экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг экспортлох тал дээр нэгдсэн бодлого явуулах хэрэгтэй. Ялангуяа хүнсний бараа бүтээгдэхүүн их боломжтой санагддаг. Тухайлбал, зөгийн бал, чацаргана зэргээр дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж чадвал их ирээдүйтэй. Хамгийн гол нь нөөц байгаа, цэвэр, химийн найрлагагүй, байнга хэрэглэх боломжтой  бүтээгдэхүүнүүдээр брэндээ бий болгох хэрэгтэй" гэдгийг эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун онцолсон

Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн балансын бүтцийг харахад урт хугацаатай зээлийн эзлэх хувийн жин үнэхээр учир дутагдалтай байдаг. Тэгэхээр урт хугацаатай зээл олгуулахын тулд арилжааны банкуудын зээлийн багцан дотор нь урт хугацаатай, бодит үйлдвэрлэлд чиглэсэн зээлийн эзлэх хувийн жинг Төв банкнаас шалгуур үзүүлэлт болгоод түүндээ хяналт тавиад явбал арилжааны банкууд эх үүсвэрийнхээ тодорхой хувийг яг үйлдвэрлэлд олгож байх жишээтэй. Тэгээд яг бодитоор ажлын байр нэмээд, үнэхээр борлуулалтаа өсгөөд явж байгаа аж ахуйн нэгжийг дэмжсэн татварыг бодлого байх хэрэгтэй байна хэмээсэн. 

Дээрхээс харахад, 888 төсөл хэрэгжихгүй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаа нь банкууд хэт өндөр шаардлага тавьдаг учраас аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжихгүй, хэн нэгний бизнес болон хувирч байгаагийн тод жишээ энэ.  Хөнгөлттэй зээл хэмээн тодотгож байсан "Чингис" бонд нь өр болж хувирсан гэдгийг мөн л сануулъя!!!

Х.Даваа