Э.Батжаргал: Жирийн нэг ажилчны хүүхдэд бусадтай шударгаар өрсөлдөх боломж олдлоо...
2014/09/29
Монголын Оюутны Холбооны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Монголын Оюутны холбоо” энэ хичээлийн жилд ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-Энэ жилийг бид оюутны хариуцлагын жил болгон зарласан. Нийгэмд оюутны нэр хүндийг өсгөх, бүтээлч оролцоог нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жилийг оюутны эрүүл мэндийн жил болгон зарлаж эрүүл мэндийн хоёр төв байгуулсан. Оюутнуудыг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулсан. Харин энэ удаа хариуцлагын асуудлыг илүү ярина, ийм ажлууд зохион байгуулна. Ирэх жил дахин 1000 оюутны байр ашиглалтад оруулахаар одоо газар чөлөөлөлт хийгдэж байна. Гэх мэтчилэн оюутны ахуйн асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэнэ. Оюутан цэрэг, оюутан цагдаа хөтөлбөр дахин хэрэгжинэ. Төрөөс тэтгэлэг, нийтийн тээвэр, оюутны байр гэх мэт тусламж үйлчилгээ боломжийг эдэлж буй оюутан маш хариуцлагатай сурах ёстой. Оюутнуудыг энэ жилээс сайн дурын онооны карттай болох ажлыг эхлүүллээ. Энд олон нийтийн ажилд оролцсон байдлыг тэмдэглэнэ, дараа нь ажилд ороход ажил олгогч үүнийг нь хардаг байх учиртай. Оюутны номын сангийн асуудлыг анхааралдаа авсан. Бусад тулгамдсан асуудлаа салбар салбараараа сургуулиуд өөрсдөө шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Оюутны холбоо жил бүр нэг асуудлыг голчлон хөндөж оюутнуудынхаа төлөө ажилладаг. Үр дүн хир байна. Оюутнууд даварсан, ухамсар муутай гэх нийтлэг хандлага байсаар л байна?
-Улаанбаатар хотын хэмжээнд 170 000 гаруй оюутан байна. Гэмт хэрэгт холбогдох, архи уух зэрэг асуудалд залуучууд их холбогддог учраас оюутнуудаар төсөөлж харах хандлага бий. Мөн нийгэмд ямар ч судалгаагүйгээр оюутнуудын нэр төрд халддаг үзэгдэл бий. Ялангуяа улс төрчид, шийдвэр гаргагчид, эрх мэдэлтнүүд ийм дүгнэлт хийдэг. Гэхдээ ямар ч баримтгүйгээр. Гэтэл 2012 оноос хойш оюутнуудын гэмт хэрэгт холбогдсон байдалд судалгаа хийж үзэхэд жилээс жилд буурч эсрэгээрээ төрийн албан хаагчдын гэмт хэрэгтэй холбогдох нь ихэссэн байна. Эндээс харахад тэр шүүмжлээд байгаа хүмүүсийн үеийн оюутнууд өнөөгийн оюутнууд харьцангуй өөр болсон. Өнөөдөр оюутнууд сайн төлөвшиж, мэдээ мэдээллийг олон талаас авч өөрийгөө хөгжүүлж боловсруулдаг болсон. Өөртөө анхаарч мөнгө төгрөгөө зөв зохистой хэрэглэж дадсан. Цөөхөн тооны оюутны асуудлыг нийтээрээ гэж харж болохгүй. Цаашид ямар нэгэн дүгнэлт хийхдээ эх сурвалжийг харж, баримттай судалгаан дээр үндэслэж ярихгүй бол сөрөг үр дагавар их. Бас оюутнууд залхуу чадваргүй л гэнэ. Үнэхээр чадваргүй оюутнууд ямар байгааг тодорхойлж үзээгүй мөн бэлэнчилдэг гэдгийг юу гэж ойлгодог нь тодорхойгүй. Зүгээр суугаад аманд нь юм хийгээд байгаа юм шиг ярьдаг. Энэ тэтгэлэг дээд боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт болохоос биш хувь хүний бэлэнчлэх сэтгэлгээг шийдээгүй юмаа. Тэтгэлэг авч байгаа оюутаны эцэг эх давхар хариуцлага тооцож байна. Чи тэтгэлэг авч байгаа юм чинь бид энэ сард 50 мянгыг өгнөө гэдэг ч юмуу.
-Оюутнууд тэтгэлгээ юунд зарцуулж байгаа талаар судалгаа бий юу?
- 60 орчим хувь нь сургуультайгаа гэрээ хийж сургалтын төлбөртөө шилжүүлдэг. Гар дээрээ авахгүйгээр сургуулийнхаа данс руу оруулна. Үлдсэн 20 хувь нь лизингээр гар утас, нөөтбүүк авдаг. Мөн дотуур байрны төлбөр, ном сурах бичигтээ зарцуулдаг. Эндээс харахад оюутнууд энэ тэтгэлгийг нилээн үр дүнтэй зарцуулж дадаж байна. Мөн бэлэн мөнгө авч явахгүйгээр холбооноос гаргасан оюутны смарт картандаа мөнгөө хийж үйлчилгээ авдаг.
- Та “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцо шилдэг 90-д багтсан байсан. Ямар шийдлийг санал болгож энэ шатанд ирэв?
-“Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцож шилдэг 90-д үлдсэндээ маш их баяртай байгаа. Би нэгдүгээрт, орон нутгийн удирдлага түүнийг боловсронгуй болгох, хоёрдугаарт оюутны оролцоо олон нийтийн ажил гэсэн агуулгыг санал болгосон. Эхний сэдвээрээ би МУИС-д магистрын зэрэг хамгаалсан бөгөөд үүний хүрээнд орон нутгийн удирдлагын асуудлыг яаж шийдвэрлэх боломж байгааг гаргасан. Дараа нь оюутны байгууллагад ажиллаж байгаагийн хувьд оюутан залуус олон нийтийн асуудал тэдний хүчээр ямар ямар асуудлыг шийдэх боломж бололцоо байна гэдгийг гаргасан.
-Орон нутгийн удирдлага юу нь болохгүй байна гэж. Та ямар шийдэл дэвшүүлэв?
-Маш энгийн. Өөрөө захын нэг хүнээс таныг орон нутаг, дүүрэг, хороонд хэн төлөөлдөг вэ гээд асуу. Хэн ч мэдэхгүй. Харин УИХ-д таныг хэн төлөөлдөг вэ гэхэд бүгд мэднэ. Үнэндээ иргэдийн төлөөлөл аймаг, сум, ниймлэлийн иргэдийн хурал юм. Иргэд үүнийг мэддэггүй мэддэггүй учраас тэнд гарч буй шийдвэр, процесс, үр дүнг мэдэхгүй таны өмнөөс хүн шийдвэр гаргаад сууж байна. Тэгэхээр үүнд л иргэдийг илүү идэвхтэй оролцуулъя. УИХ-ын гишүүд үндсэн ажил болох хуулиа санаачилдаг байг. ИТХ жинхэнэ иргэддээ үйлчилж цэцэрлэг, сургуулиа засварлаж зам, гэрлээ тавьдаг. Дараагийн санал бол засаг даргыг иргэдийн хурлын төлөөлөгчид бус иргэд өөрсдөө сонгодог, ийм системд орох.
-Тэгэхгүй бол...?
-ИТХ дөрвөн жилийн сонгуулиар нэг удаа гарч ирдэг. Иргэдтэйгээ сардаа, улиралдаа нэг уулзана. Уулзалтад нөгөө хэдэн ахмад, халамж хүссэн хэсэг хүмүүс идэвхтэй оролцдог гэтэл залуус сонгуулийн өгч байгаа идэвхтэй насныхан, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, оюутнууд ИТХ асуудлаа ярьж ордоггүй, орсон ч үр дүн нь тиймхэн. Тэгэхээр орон нутгийн асуудлыг ИТХ нь ойр зуурхнаас шийдчихдэг. Аймаг, нийслэлийн ИТХ улиралдаа их хэмжээний мөнгө авдаг. Харамсалтай нь үүнийг юунд хэрхэн зарцуулж байгаад хэн ч хяналт тавьдаггүй. Аймгийн засаг дарга нь ИТХ-ын саналаар сонгогддог учраас тэд нарын амбийц, эрх ашгийг хамгаалж шийдвэрүүдээ гаргадаг. Энэ төлөөлөгч надад санал өгсөн учраас эдний хүүхдийг ажилд авах, гайгүй албан тушаалд томилох ёстой гэсэн явцуу амбийцаар хандаж хуваарлилт хийсээр байтал дөрвөн жил нь дуусдаг. Төлөөлөгчдийн дургүйг хүргэвэл 21-үүлээ нэгдчихвэл засаг даргаас нь огцруулах эрхтэй учраас засаг даргаас байнга юм нэхэж шантаажилж улс төр хийдэг. Энэ бол бүр тогтож хэвшсэн үзэгдэл.
-Тэгвэл сэдвээсээ хэрхэн шийдэл хайв?
-Оюутнуудын олон нийтийн идэвх сайн дурын ажилд оролцсон байдлыг системчилж өгөх ёстой. Нэг ёсондоо оюутан байх хугацаандаа 3-4 кредит цуглуулна. Тухайлбал, дотуур байрныхаа эргэн тойронд мод бут суулгахад, асрамжийн газар очиж асруулагч нарт үйлчлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслаад кредитээ цуглуулна. Энэ кредитээ авч чадаагүй бол сургуулиа төгсөх боломжгүй. Нийгэмд тустай ажлыг оюутнууд хийж байх ёстой гэж бид үздэг. Тэгвэл эмзэг давхаргын хүмүүст оюутнууд хүссэн хүсээгүй хүрч ажиллана. Оюутнуудын нэр хүнд ч өснө. Оюутнууд хэвшинэ, дадна. Солонгост сайн дурын ажил хүн хүчээр ерөөсөө дутдаггүй юм байна. Маш олон оюутан бүртгэлтэй учраас дуудчихна, тэд чин сэтгэлээсээ ажиллана. Тэднээс та нар цалин авдаг уу гэхэд үгүй гэсэн. Харин төгсөөд ажилд ороход энэ ажил маш их хэрэгтэй. Гадаад хүмүүстэй ажилласан, олон нийттэй харьцаж нүүр хагарсан гэх мэт давуу тал болдог гэж ярьж байсан. Энэ бол маш зөв юм. Улаанбаатар хотод олон улсын марафон гүйлт болж бид нар сайн дурынхан нэртэй ч цалинжуулаад ажиллуулсан. Гэтэл оюутнуудын хандлага их муу харагдсан. Харин энэ системийг оруулаад ирвэл оюутнууд өөрсдөө хандаж эхэлнэ. Оюутнуудад нилээн том үсрэлт, өөрчлөлт болж өгнө.
-Урамшуулал олгохгүй сайн дурын ажилд оюутны оролцоо одоо хир байна вэ?
-Янз янз. Туул голыг цэвэрлэе гээд сургуулиадаар явна. Хүндрэлтэй талдаа шүү. Зарим нь орохгүй орсон нь дуртай биш хойрго. Цалинтай бол сайн оролцдог.
-“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг 90 оролцогч хоёр сар өрсөлдөх юм байна. Та хэрхэн оролцох вэ? Таны энд оролцох байдал оюутнуудад их үлгэр дуурайл болно?
-Эцсийг нь хүртэл явна даа. Манай аав ээж Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босголцсон, одоо ажиллаж байгаа жирийн нэг ажилчин иргэд. Жирийн нэг ажилчны хүүхдэд бусадтай шударгаар өрсөлдөж санал санаачилгаа илэрхийлэх боломж олдсонд маш их баяртай байгаа. Над шиг ийм бодолтой залуус маш олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Ер нь аливаа нийгэмд шударга өрсөлдөөн байвал хөгжилд нь түлхэц болдог. Шударга бус өрсөлдөөн нийгэмд давамгайлбал залуусын итгэл алдран итгэл үнэмшилгүй болдог. Тийм учраас энэ арга хэмжээг маш их дэмжиж байна. Ер нь бол эцсийг нь хүртэл авьяас чадвараа сорино. Хүчтэй, чадварлаг олон өрсөлдөгчид тааралдах байх үүнээс шантрахгүй. Миний ард намайг дэмжиж яваа маш олон оюутан, гэр бүлийнхэн маань байна.
-Төсөлд оролцсон шийдлээ өөр ямар нэг шийдвэр гаргах албан тушаалтанд танилцуулж байв уу?
-Бий. Нутгийн удирдлагын талаарх асуудлаар дөрөвдүгээр курсээсээ судалж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Орон нутгийн удирдлагыг оновчтой болгох” эрдэм шинжилгээний хуралд асуудлаа танилцуулан түрүүлж, Ерөнхий сайдаас шагнал авч байлаа. Миний илтгэлийг орон нутгийн удирдлагуудад танилцуулан 2012 онд орон нутгийн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хэлэлцэж байсан. Орон нутагт хөрөнгө мөнгийг өөрсдөө шийддэг больё гэдэг асуудал намайг дөрөвдүгээр курсийн оюутан байхад яригдаж байсан. Тэр үедээ нааштай санаачлага гарч байсан хэдий ч одоо эргээд харахад төдийлөн хангалттай биш байна. Орон нутаг төсвийн мөнгөө захиран зарцуулж шийдвэр гаргадаг болсон ч дутагдалтай шийдэл хүлээсэн асуудлууд асар их. Хоёр дахь асуудлаар БСШУ-ы яаманд байнга ханддаг. Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Б.Насанбаяр дарга өнгөрсөн жил ойрын хугацаанд энэ асуудлыг ажил хэрэг болгоё. Бэлтгэл хангах асуудлыг шийдвэрлэе гэж хэлж байсан.
-Танд амжилт хүсье.