Чөтгөрийн цамхаг
2014/12/27
Чөтгөрийн цамхаг гэдэг нь АНУ-ын Вайоминг мужид оршдог, багцлан тавьсан чулуун багануудаас бүтсэн цамхаг мэт хэлбэртэй бортогон хад юм.
Ойролцоогоор 200 сая жилийн өмнө үүссэн, ер бусын зөв хэлбэртэй энэ хадыг удаан хугацааны туршид хиймэл байгууламж хэмээн тооцож байв. Гэвч энэ хад хэмжээгээрээ Хеопсын пирамидаас 2,5 дахин том (өндөр нь 390 метр, суурийн өргөн нь мөн иймэрхүү) тул хүний гараар боссон гэхээсээ чөтгөрийн бүтээл л байж таарна гэж үздэг байснаас ийм нэр өгчээ. Нутгийн оршин суугчид эрт цагаас эхлэн энэ хадан уулыг бишрэн шүтэхийн зэрэгцээ ихэд айж болгоомжилдог байж. Чанх оргил дээр нь гайхалтай гэрлийн үзэгдэл цөөнгүй удаа ажиглагдсан гэж тэд ярьцгаадаг.
Чөтгөрийн цамхагийн гарал үүсэл тодорхой болмогц аймшгийн болон уран зөгнөлт кино хийгчдийн дуртай газрын нэг болж хувирчээ. Тэр бүү хэл, энэ уулын орой дээр Нисдэг таваг газардах зориулалттай талбай байдаг гэсэн цуурхал ч таржээ. (С.Спилбергийн “3-р зэрэглэлийн контакт” зөгнөлт киног үзээрэй)
Авирах зам болон цаг агаарын хүнд нөхцөлөөс шалтгаалж уулчид оройд нь ердөө л 2 удаа гарсан гэнэ. Эхний удаа 19-р зуунд нутгийн нэгэн оршин суугч, дараа нь 1938 онд хаданд авирагч Жек Дюрранс нар оройд нь гарсан байна. Энд онгоц буух ямар ч арга байхгүй, уулын оройгоос байнга үлээх хүчтэй салхи нисдэг тэргийг авч шидэх гээд байдаг тул Цамхаг үнэхээр нэвтэршгүй гэж алдаршжээ.
Туршлагатай шүхэрчин Жорж Хопкинс аюулыг тооцоолсонгүй, оргилыг эзэлсэн 3 дахь хүн болохоор шийджээ. Тэр амжилттай газардсан ч бүх олс нь хаданд үрэгдэж хэрэгцээнээс гарсан байна. Ингээд л шүхэрчин маань хөдлөх аргагүй болж, хадан уулын олзны хүн болох нь тэр. Энэ мэдээ Америк даяар тарж, жуулчид, хэрэгт дурлагсад Цамхагийг тойрон бүчиж, шүхэрчин эр телевизийн од болжээ. Түүний “Дор галав юүлбэл шинэ хүн төрөлхтөн бий болгоход ганц Ева л хэрэгтэй байна” гэсэн хошигнол бүгдэд таалагдаж байсан гэнэ. Хэдэн арван онгоц агаарт эргэлдэж Хопкинст өөрсдийгөө рекламдсан компаниудаас илгээсэн хоол хүнс, хэрэгцээтэй бүхнийг шидэн өгч байв. Дээрээс нь зогсоо зайгүй унах эд зүйлсээс бултаж залхсан шүхэрчин сүүлдээ “Бөмбөгдөлтөө зогсоогооч” хэмээн гуйж байсан гэдэг. Тэгээд ч ихэнх зүйл нь хавцал руу унаж алга болоод байжээ.
Хоол хүнс элбэгтэй байсан ч хөөрхий эр дороо тамирдаж эхлэв. Ядахад яр гэгчээр хүрч гаршгүй гөлгөр гантиг чулуун уул хархнуудаар дүүрэн байжээ. Тэд шөнө ирэх тусам улам хэрцгий болсоор байлаа. Хопкинсыг аврахаар тусгайлан зохион байгуулагдсан Хороо туршлагатай уулчин Эрнст Филд, түүний хамтрагч Горрелл нарыг Колорадо мужаас урьж авчрав. Гэвч эдгээр уулчид 1 цаг судалж 3 цаг авираад чадалгүй буцаж иржээ. Филд: "Энэ чөтгөрийн хадыг дийлэхгүй нь!" гэж хэлсэн гэдэг. 8000 гаруй метрийн өндөрт авирдаг мэргэжлийн уулчид 390 метрийг давж чадаагүй нь байж боломгүй зүйл байлаа. Аргаа барсан Аврах хорооныхон Д. Дюррансыг хайж олжээ. Түүний толгойлсон уулчид зөвхөн Дюррансын л мэдэх хуучин маршрутаар авирч оргилд хүрээд сульдаж ядарсан шүхэрчнийг буулгаж ирсэн байна. Хопкинс Цамхагийн олзонд 7 хоногийг өнгөрүүлжээ.
Хүн техник технологийн тусламжтайгаар дэлхийн аль ч цэгт хүрч чаддаг болсон 21-р зууны эцэст энэ хадан уул хүмүүсийн хувьд давшгүй даваа болсон нь тун ч гайхалтай. Гэхдээ яагаад ч юм, хархнуудын хувьд тийм биш л байгаа юм даа