Засгийн газар төсөв хэмнэх зорилгоор 2015 оны төсвийн тодотголоос хэд хэдэн халамжийн мөнгө хасах санал оруулаад байгаа.

Тодруулбал, хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтод бүлэгд өгнө. Өөрөөр хэлбэл амьжиргааны төвшнөөс шалтгаалан 430 мянга орчим өрхийн хүүхдэд цаашид 20 мянган төгрөг өгнө гэж тодорхойлоод байгаа юм. Энэ нь одоо энэ мөнгийг авч байгаа хүүхдүүдийн 60 хувь нь болж байгаа юм.


Мөн жирэмсэн болон амаржсан эхчүүдэд өгдөг сарын 40 мянган төгрөгийг нэг жилд өгдөг байсныг долоон сар болгож өгнө гэсэн тооцоо гаргасан. Ингэснээр төсвөөс 9 тэрбум 140 сая орчим төгрөг хэмнэх тооцоог хийгээд байгаа ажээ.

 

Энэ мэтчилэн хүн амаа өсгөх болон ядуурлыг бууруулахад чиглэсэн халамжуудыг хасхыг цөөнгүй гишүүд эсэргүүцээд байгаа юм. Мөн жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүд үүний эсрэг хатуу байр суурьтай байгаа гэнэ. Тэд “Монгол улс хавтгайрсан халамжаас татгалзаж яг хэрэгтэй хүмүүст нь мөнгө өгөх нь зөв. Гэхдээ хямралын энэ үед хэмнэнэ гээд хүн амаа өсгөхийн тулд гэмт хэрэг гаргахгүйн тулд, ядуу эмзэг гэр бүлд өгдөг халамжийн мөнгөнүүдийг хасах нь давхар хямрал үүсгэх магадлалтай” гэлээ.

 

Мөн “түүний оронд эдийн засгийн өнөөгийн байдлыг дээшлүүлэхийн тулд томоохон бодлогын шинжтэй өөрчлөлтүүдийг эхлүүлж эдийн засгаа тэлэх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх хэрэгтэй” гэдгийг хэлж байна.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Оюун “Эдийн засаг хүнд байна хэцүү байна бүх юм аа хумихгүй бол болохгүй гээд л яриад байна. Гэтэл эдийн засгаа тэлэх томоохон бодлогуудыг Ерөнхий сайд дэвшүүлсэн байгаа. Тэд нарыгаа яаралтай шийдвэрлүүлэх хэрэгтэй. Тодруулбал, өнгөрсөн жил өмнөх засгийн газрын үеэр яригдаад дэмжигдсэн шинээр хайгуулын ажлуудыг эхлүүлэх санал байсан. Энэ мэтчилэн эдийн засгаа дэмжих ажлуудаа хийх нь чухал байгаа юм” хэмээлээ.

 

Мөн нөгөө талаар “Хүүхдийн мөнгө хасах, эхчүүдийн одонгийн мөнгө хасна гэж сууж байхын оронд гадаад, дотоод явдаг зардлаа багасгаж болно шүү дээ. Сайд дарга нарын унаад давхиж буй “жип” машин энэ тэрийг багасгах хэрэгтэй шүү” гэж ярих хүмүүс ч бий. 

 

Г.Мягмарсүх