Ж.Батсуурь: Орон нутгийн хөгжлийн санг тодотгох нь буруу
2015/01/08
Төсвийн тодотгол хийж байгаа энэ цаг үед Сүхбаатар аймгийн засаг дарга өөрийнхаа байр суурийг иэлрхийлэн УИХ-ын гишүүдэд хандлаа
Сүхбаатар аймгийн Засаг дарга Жамба овогтой Батсуурь миний бие орон нутагт үүсээд буй, нэн тулгамдсан асуудал болох төсвийн хуваарилалт, зарцуулалтай холбогдуулан УИХ-ын гишүүдэд хандаж, байр сууриа илэрхийлж байна. Үүнд:
Нэгдүгээрт, 2014 оны Орон нутгийн хөгжлийн сан болон улсын төсөвт тусгагдан батлагдсан ч хөрөнгө оруулалтаа бүрэн аваагүй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг гүйцээж олгох шаардлагатай байна. 2014 онд Орон нутгийн хөгжлийн санд олгохоор батлагдсан хөрөнгийг оны эцэст тодотголоор хорогдуулсан. 12 дугаар сарын 20 хүртэл ашиглагдаагүй үлдэх хөрөнгө гэж байхгүй. Бүх ажлын төлөвлөгөө гарчихсан, гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулчихсан, төлөвлөгдсөн ажлууд дууссан байсан. Эндээс эхний эрсдэл үүсч байгаа юм.
Төсвийн тодотголын дараа бүх аймаг, сум хууль тогтоомжид нийцүүлэхийн тулд гүйцэтгэгчидтэй зөвшилцөх, гэрээнд өөрчлөлт оруулах, төлбөр тооцоогоо хойшлуулах байдлаар ажил төрлөө зохицуулан, тодотгол хийсэн байдаг. Гэтэл тодотгож баталсан хөрөнгө ондоо багтаж орж ирээгүй, одоо хүртэл хэрхэх нь ч тодорхойгүй байна. Энэ нь гүйцэтгэгч компани, ялангуяа орон нутгийн жижиг аж ахуйн нэгжүүдийг жинхэнэ “хямралд” оруулж, дампууруулах үйл ажиллагаа болчихож байгаа юм. Цаашилбал, банкны зээл, нийлүүлэгч байгууллагуудын өр гэх мэтээр давхар, давхар өрийн сүлжээ үүсч, бизнесийн үйл ажиллагаа нь хумигдах, ингэснээр татвар төлөлт багасч, төсвийн орлого буурах гээд аль ч талдаа хор уршиг л нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа юм. Иймд 2014 оны төсөвт батлагдсан хөрөнгийг олгож байж л энэ байдлаас гарах болно. Үгүй бол эдийн засгийн хүндрэл улам л “барьцаа ахиулна”.
Хоёрдугаарт, 2015 оны улс, орон нутгийн төсөвт тусгагдсан дуусаагүй барилгуудыг дуусгах зайлшгүй шаардлагатай. Санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор шинээр барилга, байгууламж барьж эхлүүлэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэгэнт эхлүүлсэн барилгуудыг дуусгах шаардлагатай. Зориулалт, талбай хэмжээ, хийц загвараараа адилхан хэрнээ өөр, өөр өртөг зардлаар босч буй барилга өчнөөн байдгийг өнгөрөгч хаврын аудитын шалгалт илчилсэн. Үүний гол шалтгаан нь хөрөнгө оруулалт болон гүйцэтгэлийн хугацаа байдаг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэл хэдий чинээ сунжирна, төдий чинээ төсөвт өртөг өсдөг. Учир нь цаг явахын хэрээр барилгын бараа, материалын үнэ өсч, цалингийн зардал нэмэгдэн, банкны зээлийн хүү үржиж байдгийг бид мэднэ. Тэгэхээр гүйцэтгэлтэй уялдуулж, санхүүжилтийг дор бүрт нь олгож байх нь барилгын өртөг өсөх, гүйцэтгэгч компаниудын хэвийн ажиллагаа тасалдах, эдийн засгийн хүндрэл хямралд шилжихээс сэргийлэх үндсэн нөхцөл болно. Иймд цаг алдалгүй, нэг ч болов сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг урагшлуулж байх нь чухал.
Гуравдугаарт, 2015 оны улсын төсөвт батлагдсан орон нутагтай холбоотой хэсгийг тодотгох шаардлагагүй гэж үзэж байна. Байн байн бужигнуулаад л, орон нутагт эрх мэдэл өгөөд ч байгаа юм шиг, аваад ч байгаа юм шиг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт бол газар дээр нь, жаргал, зовлон дунд нь, ард иргэдтэйгээ хэлэлцэн байж, шийдвэрлэдэг, үр дүнг нь бодитойгоор хардаг, чухам л орон нутаг эрх мэдлээ хэрэгжүүлж хийдэг хөрөнгө оруулалт. 2015 оны хувьд ч орон нутагт хийж дуусгахаар төлөвлөсөн, он дамжаад хийгдэж байгаа олон ажил бий. Тэдгээр ажлуудыг төлөвлөсөн, хэлэлцээд баталчихсан. Гэтэл орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан хөрөнгийг дахиад бараг 50 хувь бууруулсан төсөл өргөн баригдсан байх юм. Үүний уршгаар зардал чирэгдэл, цаг хугацаа, хууль тогтоомжид заасан бусад хэм хэмжээ, шаардлагуудын хэрэгжилт гээд маш олон хүндрэл үүснэ. Тухайлбал, 21 аймаг, 330 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдана. Өнөөдөр төрийн ордонд нэг дээвэр дор ажиллаж буй УИХ-ын эрхэм гишүүд тус, тусын бүлгийн хурал болон байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанд ирцээ бүрдүүлж чадахгүй, хуралдахаасаа хуралдахгүй нь олонтаа байгаа нь түмний нүдэнд бэлхэнээ харагддаг.
Тэгвэл орон нутаг дахь хурлын төлөөлөгчдийг нэг газар, зэрэг цуглаах нь үүнээс ч амаргүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь тэд байнга нэг дор байдаггүй. Тэр тусмаа дүн өвлөөр хөдөө, гадаа яваа улс хуралдаа ирэхгүй, ирц бүрдэхгүй байх магадлал өндөр. Цаашилбал, 1000 гаруй багийн иргэдийн нийтийн хурал болж, санал авах, эрэмбэлэх асуудал ч гарна, хуулиараа. Төсвийн тухай хуулийн зүйл, заалтыг эргэн сануулахад, 63.1 Баг, хорооны Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна. 63.2. Энэ хуулийн 63.1-д заасан санал болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дээр гарсан саналыг иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгоно. 63.3.Энэ хуулийн 63.2-т заасны дагуу баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар ач холбогдол, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ. 63.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 63.3-т заасан саналыг хэлэлцэж, төсвийн төсөлд тусган, батална гэсэн байдаг.
Дөрөвдүгээрт, яамд, агентлагуудаас орон тоо цомхотгох, зардал хэмнэхийг 100 хувь дэмждэг. Үүний зэрэгцээ чөлөөлөгдсөн орон тоог эх үүсвэр болгон аймаг, сум, багт ажлын байр нэмэгдүүлж, чадварлаг боловсон хүчнийг бодлогоор байршуулах ёстой гэж үздэг. Хөдөөд хүн нэмэгдэх хэрэгтэй, мэргэжилтэй боловсон хүчин, ажилтнууд очих ёстой. Ингэж байж л бидний яриад, зориод байгаа төвлөрлийг сааруулах, аймгийн төвийг хот болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүний хөгжил, хот суурингийн хөгжил, нийт хөгжил дэвшлийг бий болгох асуудлын эхлэл тавигдана.
Өнөөдөр хэдийгээр санхүү, эдийн засгийн хүндрэл, бэрхшээл байгаа ч орон нутагтай холбоотой асуудлуудыг дээрх байдлаар шийдсэнээр тэнд замбараагүй, бужигнасан байдал үүсэхгүй, төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх нөхцөлийг хангана гэж үзэж байна. Бусад аймгийн хувьд ч адил гэж бодож байна.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь