Элэгний С вирус нь Монголын хүн амын 15 хувийг хамарсан архаг халдварт өвчин юм.  Тэгвэл энэ өвчинг  анагаах Sofosbuvir  эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэхийн тулд өнгөрсөн жил багагүй маргаан өрнөж байсан билээ. Энэ маргаан эцэслэн шийдэгдсэн байна.  Тодруулбал,элэгний С вирусын эсрэг өндөр үр дүнтэй  Gilead Sciences компанийн  Sofosbuvir  эмийг Эрүүл мэндийн яаманд албан ёсоор бүртгэж авлаа. Уг эмийн гурван сарын курс эмчилгээ 900 ам.доллар болох бол зургаан сарын курс эмчилгээ 1800 ам.доллар болох юм.  “Ombol” компани албан ёсны борлуулагч бөгөөд тус байгууллагад захиалга өгөх ажээ.  Энэ эмийг захиалснаас хойш 6 сарын дараа Монголд ирэх юм байна.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн хэлж байгаагаар уг эм нь:  “Рибавирин гэдэг эмтэй хавсраад уухад 80 хувь, Интерферонтой хавсарч хэрэглэсэн тохиолдолд 90-95 хувийн үр дүнтэй байдаг нь тогтоогдсон.” ажээ.  "Sofosbuvir"  эм нь бусад с вирусын эмий бодвол гаж нөлөө багатай гэнэ. Хэрэглэж байх үед толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг нөлөө ажиглагдана. Гэхдээ энэ нь эмчилгээний явцын дунд арилдаг юм байна.

Манай улсад  жилд 16 000  орчим хүн нас бардагаас 10 хув нь элэгний өвчнөөр нас бардаг байна. Хамгийн сүүлд 2007 онд хийсэн судал­гаагаар нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэсэн дүн гарсан. Энэ нь долоон хүн тутмын нэг нь С вирустэй гэсэн үг. Дэлхийн улс орнуудаас Монгол, Египет С вирусийн  халд­вар өндөртэй оронд тооцогддог. Элэгний С вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халд­даг. Эхээс урагт халдварлах магадлал долоон хувьтай байдаг. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар үүсдэг юм байна.

 Дашрамд дуулгахад  тус эм нь  АНУ-д 84 000 ам.доллараар зарагддаг бөгөөд Монголчуудад 44 дахин хямдруулан худалдаж байгаа.  Энэ нь олон нийтэд  үнэгүй туршилт явуулах гэж байна гэсэн хардлагыг төрүүлж байгаа.  Үүнд  Ж.Амарсанаа: Би өөрөө элэг суд­лаач, элэгний эмч хүн. Тийм учраас хаана, ямар  сайн эм гарч байгааг сонирхож, судалж байдаг. Хам­гийн сүүлийн үеийн судалгаагаар нэг компанийн бүтээг­дэхүүн маш сайн үр дүниэй байгаа нь "Glead science" компани "Sofosbuvir". Эмийн судалгааг дөр­вөөс таван жилийн өмнө хийж эхэлсэн. Эхлээд суурь судал­гаа хийгдээд дараа нь клиникийн судалгаа хийж, гурван үе шатаа даваад гарч ирсэн эм. 2013  оны арванхоёрдугаар сард АНУ-д бүртгэгд­сэн. АНУ-ын эм бүртгэлийн агентлагт бүртгэгдэнэ гэдэг бол маш олон үе шатын судалгааг давж гарч ирдэг учраас энэхүү  бүтээгдэхүүн  чанартай, найдвартай гэдэгт эргэлзэхгүй байна. Миний хувьд олон улсын хурлуудад сууж байхдаа энэ эмийн талаар олон удаа сонсож,  үр дүнг нь мэдэж байсан учраас нэг өдрийн өмнө ч гэсэн Монголд оруулж ирье гэж бодсон. АНУ руу явах шалтгаан маань эмийн компанитай уул­зах байгаагүй. Жилд олон дахин томи­лол­тоор явж чадах­гүй учраас нэг явсан дээрээ нэг ажлыг ч гэсэн бүтээе гэж бодоод тэр компанийн байран дээр нь очоод  энэ эмийг Монголд бүрт­гүү­лэх хүсэлтэй бай­гаа­гаа ярьсан. Энэ эмийг АНУ-д одоо хэрэг­лэгдэж байгаа. Тийм учраас хэтэрхий их болгоомжлох шаардлагагүй” гэдгийг хэлж байсан.  

А.Баярмаа