Өнгөрч буй долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, урлагт өрнөсөн онцлох үйл явдлын тоймыг  уншигч авхай танд хүргэж байна.

-Ерөнхий сайд "ард түмний" сонгосон замаар явна гэдгээ мэдэгдэв-

Монгол улсын эдийн засаг хямралд өртсөн наад захын жишээг наймаачидтай уулзахад л хэлээд өгнө. Тэгвэл энэхүү хямралаас гарахыг Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "хэмнэе, таная" гэж уриалаад байгаа билээ. Түүний хэлж буй санаа нь зөв ч хүүхдийн мөнгө, эхийн одонгийн мөнгийг хасч хэмнэлт хийхгүй гэдгээ ард түмэн хэлэгнэсэн. Ерөнхий сайд ч түмэн зөвшөөрөхгүй байхад үүнийг больё хэмээн хэлэлцэж ярилцаад хэвээр олгохоор шийдвэрлэв. Өчигдөр буюу энэ сарын 28-ны өдөр тэрбээр телевизийн шууд нэвтрүүлэгт оролцлоо. 

Энэ үеэрээ цаг үеийн байдлаар ярилцсан юм. Ч.Сайханбилэг өөрийн хүсч цааш хийх зүйлээ танилцуулж иргэдээсээ нэг зүйлийг хүсч байна. Бидэнд хоёр зам бий гэдгээ онцолсон. Тодруулбал, Оюутолгой, Бүтээн байгуулалтын томооохон төслүүдээ шийдэж ханшаа барьж тогтооё. Эсвэл зардал хэрэглээгээ бууруулж эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоож барья. Ийм нэг хоёр гэсэн зам байна хэмээв. 

Ерөнхий сайд "Бид аль замаар явах вэ? Бүх нийтээр хэлэлцүүлэг явуулъя. Би өнөөдөр дөрвөн үүрэн телефоны оперотор компаниудаас гуйсан надад нэг дугаар гаргаж өгөөч ээ гэж. Тэгээд  15151111 гэсэн дугаартай боллоо. Энэ дугаарт бүх операторын хэрэглэгч аль замаар явахыг мессэж бичээрэй. Гэхдээ өнөөдрөөс эхэлж биш шүү. Бямба гаригаас эхлээд саналаа өгч, иргэд хэлэлцүүлэгт орох боломжтой болно" гэлээ.

Мөн машины татварын талаар  "Машин авч байгаа хүн дараа дараагийн зардал гарна гэдгийг бодож л байх хэрэгтэй. Приус машин хилээр орж ирэхдээ онцгой татвар төлдөггүй. Олон улсын жишгээр ядуучуудын машин гэж байхгүй. Приус машин дээр нэмэх гэж байсан татвараа больсон".

Түүнчлэн хэвийн хэвшлийнхэний талаар "Өнөөдөр зөвшөөрөл нэртэй хориглолт их байна. Битүү дарамтан дор манай бизнесийнхэн ажиллаж байна. Зөвшөөрлийн тухай хууль батлагдсанаар бизнест ээлтэй орчин бий болно. Хяналтын тухай хууль ч мөн эерэг өөрчлөлт болно. Шалгалт хийж байгаа байгууллага, шалгуулж байгаа байгууллага олон нийтэд ил тод мэдээлэх систем бий болгоно".

Эдийн засаг гээд гурван удаа зүгээр нэг хэлээгүй. Асуудалд хандах хандлагаа өөрчлөх явдал гэдгээ мөн ч чухалчилж хэлсэн. "Ард түмнээсээ нэг удаа асуух нь муу зүйл биш" хэмээн хэлээд ард иргэдээ Үндэсний үндэс нь "ард түмэн". Тийм болохоор үндэсийн үндэс болсон ард түмнээсээ нэг удаа асуух нь буруу зүйл байхгүй гэв.

-Б.Галаарид Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо-

Нийслэлийн иргэний танхимд  Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 16-р их хурал өчигдөр болж өндөрлөлөө. Хурлаар үндсэн болон хавсаралт илтгэлүүд тавигдагдаж МСЭ-ийн дүрмийг хэлэлцэв. Мөн  Монголын сэтгүүлчдийн  эвлэлийн  удирдах бүрэлдэхүүнийг сонголоо. МСЭ-ийн ерөнхийлөгчөө сонгохооор санал хуралтаар Б.Галаарид улиран сонгогдлоо. 

Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүний суудлын төлөө дөрвөн хүний нэр дэвшсэн юм. Тодруулбал МҮОНТ-ийн захирал асан М.Наранбаатар, "Масс" агентлагийн захирал Ч.Даваабаяр  н.Шаравдорж, МУСГЗ Б.Галаарид улиран нэр дэвшсэн юм.  

-Шарил тойрсон мэдээллүүд ташаа болохыг мэдээллээ-

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олдсон занданшуулсан шарилын талаарх олон янзын таамаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа билээ.

Харин ЦЕГ-аас өнөөдөр эдгээр мэдээллүүд нь бүгд нотлогдоогүй ташаа мэдээлэл болохыг хэллээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд болсон мэдээллийг тус төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хийв. Тэрбээр,  СХД-ийн нутагт айлын хашаанаас олдсон гэх занданшуулсан шарилыг цагдаагийн газар Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шилжүүлээд байгаа ч, нотлогдоогүй олон мэдээллийг шалгаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баттай биш, тодорхой нотолгоо, баримт нь эцэслэн шийдэгдээгүй байхад элдвээр худлаа мэдээллийг гаргаж байгааг анхааруулав. Ямартай ч, цагдаагийн байгууллага холбогдох мэдээллийн мөрөөр шалгалтаа нарийвчлан хийх болно гэлээ.

Ж.Батсайхан /www.montsame.gov.mn/

 

-Хэмнэлтийг “ногоон уутнаас” эхлүүлье!!! Ерөнхий сайд аа-

 

"Азийн цагаан дагина" гэх сайхан нэртэй орон. Гэтэл энэхүү эрхэм нэр өдгөө хог хийж хаядаг ногоон уутанд мөнхөрлөө. 

Эдийн засгийн хямралд орсон энэ цагт ч мөнөөх уутны төсөв батлагдчихаж дөнгөсөөр гурав дахь жилийн нүүрийг үзэж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "хэмнэлт" хийхийг уриалаад байгаа. Тэгвэл хэмнэлтийг "ногоон уут"-наас эхэлвэл ард түмэн чинь дуу нэгтэйгээр зөвшөөрөх болно. 

Эл уут нь өч дөчнөөн өөр хэрэгтэй, ирээдүйд үлдэцтэй зүйлд зарцуулах мөнгийг салхинд хийсгэсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. 

-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихын оронд ногоон уут тарааж байгаа нь "эмгэнэл"-

Гэр хорооллын төдийгүй нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа асуудал бол “хог”. Гэхдээ үүнээс ч нэн тэргүүний асуудал бол сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг шаардлагатай байна. Манай улс 3 сая дахь иргэнээ өлгийдөн авах гэж хэрдээ хөөрцөглөв. Хүн амаа хөгжүүлэх бодлого баримталж байгаа хэрнээ хүүхдүүдээ хүмүүжүүлэх, эмнэх эмнэлэг хомсдолд орсон. Эмч мэргэжилтнүүд нь байгаа ч үйл ажиллагаа явуулах байр нь "алга". Адгийн наад зах нь есдүгээр сарын нэгэн дөхөхөөр хүүхдүүдээ цэцэрлэгт шинээр оруулах гэсэн эцэг, эхчүүд нойр хоолгүй дугаарлаж байж арай хийн цэцэрлэгт бүртгүүлнэ. Энэ үзэгдлийн араас сургуулийн багачууд бас суралцах хичээлийн байр нь хүрэлцэхээ больсон. 

Гэтэл ногоон өнгийн уутанд зарцуулж буй төсөв нь хэт өндөр байна. Өнгөрсөн онд хогны уутаар айл өрхүүдэд үнэгүй хангахад 3 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн бариултай болгоно хэмээн  4,5 тэрбум төгрөг болгосон. Нэг ширхэг уутны үнийг 90-95 төгрөгөөр тооцсон байна. Тэгэхээр өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ширхэг уутны нийт зардал 1425-1575 төгрөг болно. Харин жилд  5.4 тэрбум төгрөг гэсэн үг. Үүнийгээ ихэвчлэн “Айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа гэж тайлбарладаг.  

Энэ их мөнгийг дан ганц "хогны уут"-нд зарцуулж байхын оронд сургууль, цэцэрлэггүй бяцхан үрсийг минь ирээдүйд анхаарч болмоор санагдаж өмнө нь хэд хэдэн удаа эрээчсэн удаатай. Тэгвэл өнөө жил энэ уутандаа 6.7 тэрбумыг зарцуулахаар төсөвт оруулжээ. Энэхүү мөнгөөр гэхэд, хоёр эмнэлэг, мөн тооны эмнэлэг, сургууль барьчихна. 

Манай улсад 2-5 насны цэцэрлэгийн насны нийт 220 мянган хүүхэд байдаг ч өнгөрөгч оны байдлаар 70 мянган хүүхэд буюу 32 хувь нь гэртээ цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөдөг гэх судалгаа гарсан. Сүржин нэртэй "Азийн цагаан дагина" уутнаас татгалзаж ХЭМНЭЛТ хийе. Эсвэл энэ ногоон уутын бизнесийг зогсоож Хүүхдийн ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГ  барья! Ерөнхий сайд аа.

-Үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтныг ажил олгогч насаар нь тэжээдэг болъё-


Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээлж байгаагаар дэлхий дээр жилд 2,2 сая хүн үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, өдөр бүр 6000 ажилчин амь үрэгдэж, 15 хором тутам нэг ажилчин нас барж байна.

Монголчуудын хайхрамжгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрнэ хангаагүйн улмаас   2012-2014 онд    улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ослоор  194 хүн нас барсан байна. Тодруулбал 2012 онд үйлдвэрлэлийн  400 осол болсноос  87 хүн, 2013 онд 406 осол өолсноос 51 хүн, 2014 огд 333 осол болсноос  56 хүн нас барсан байна.  2012-2014 онд болсон ослын улмаас  1212 хүн осолд өртөж  271 хөгжлийн бэрхшээлтэй болж, 748 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байгаа юм.

Энэ осол бол ажил олгогоч эздийн хариуцлагагүй байдал, дарга даамлуудын  ажилдаа хайхрамжгүй ханддагтай шууд холбоотойг илтгэж  байгаа юм. Өөрөөр хэлбэл дээрх хүмүүс хэрвээ ажилдаа хариуцдагатай хандсан бол  194 гэр бүл хүнээ алдахгүй,  271 өрхийн  амьжиргаа, амьдрал “сүүдэрт” өнгөрөх болж байна. Хүнээ алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хохь болоод үлдэж байгаа.

Ослууд гол төлөв уул уурхай болон барилгын салбарт гарсан байгаа. Ослын шалтгаан нь гол төлөв  аюулгүй ажиллах арга барилд суралцаагүй, тоног төхөөрөмжийн эвдэрлээс болсон нь сүүлийн гурван жилийн судалгаа харуулж байна.  

Хэдийгээр үйлдвэрлэлийн осолд өртсөн хүмүүст  тэтгэмж өгдөг ч энэ нь хангалтгүй байдаг.  Тэгвэл ажил олгогч осолд өртсөн хүн, үйлдвэрлэлийн ослоор нас барсан хүний гэр бүлд  сар бүр тэтгэмж өгдөг эрх зүйн зохицуулалттай болмоор байна.  Эсвэл үйлдвэрлэлийн осолд буруутай этгээд хохирогчид насан туршид нь тэтгэмж өгмөөр байна. Авдаг хэд,  хариуцлагыг нь нэмээд өгвөл  өнөөдөр үйлдвэрлэлийн осол, ы түүний улаас нас барж байгаа болон эрүүл мэндээрээ хохирч байгаа  хүний тоо илт буурах нь тодорхой бизээ.  

-Монголын эдийн засаг 2017 онд дампуурч магадгүй гэв-

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар улс орны эдийн засгийн тулгамдсан асуудлаар хэлэлцэн өрийн таазыг нэмэх эсэх талаар нэлээд их хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

Тэгвэл манай улсын энэ нөхцөл байдлын талаар Хятадын мэдээллийн Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээллийг орчуулсан хүргэж байна. 

Улс орныхоо эдийн засгийн хямралтай нөхцөл байдлыг хэрхэн даван туулах, ДНБ-д эзлэх хувийг хэрхэн нэмэгдүүлэх талаар  мягмар гарагт Монгол Улсын УИХ-ын чуулган хэлэлцсэн юм. Одоогоор 2,36 тэрбум ам.долларын гадаадын өртэй тус улс өрийн тааз буюу өрийн нийт хэмжээг ДНБ-ий 58,3 хувьтай тэмцэх хэмжээтэй байх ёстой гэсэн хууль баталжээ. Өмнө гаргасан хуулиар энэ өрийн хэмжээ нь ДНБ-ий 40 хувьтай тэнцэнэ гэж зааж байжээ. 

Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын экспортын үнэ  буурч байгаа нь Монгол улсын эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлж, энэ салбараас бага үгүй ашиг олдог тэдэнд эдийн засгийн хүндрэл бий болгож байгаа юм. Түүнчлэн тус улсын гадаад вальютын нөөц багасчээ.  Монгол улсын экспортын 90 гаруй хувь нь нүүрс, зэс, бусад ашигт малтмалаас бүрддэг нь ийн тус улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.

Энэ мэт хүндрэлтэй байдал үргэлжилж, тус улс гадаад өрөө дахин нэмвэл 2017 он гэхэд эдийн засаг нь дампуурах эрсдэлтэй гэдгийг олон улсын эдийн засгийн шинжээчид анхааруулж байна гэж Хятадын Синьхуа агентлагийн мэдээнд дурджээ. 

http://news.xinhuanet.com/english/2015-01/20/c_133933669.htm

С.Отгонбаяр 

-Монголд спиртийн 7, архины 57, шар айрагны 19, дарсны 10 ААН үйл ажиллагаа явуулж байна-


Монгол улсын нэг иргэнд жилд дунджаар 19 литр архи, 32 литр шар айраг ноогдож байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.  Өнгөрсөн онд хийгдсэн судалгаагаар спирт 1925 литр, архи дарс 24774 литр, шар айраг 64 сая литр үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортолж, экспортод 154926 литр архи гаргасан үзүүлэлттэй байна. Түүнчлэн дотоодод үйлдвэрлэсэн болон импортлосон архины хэмжээг харьцуулж үзэхэд маш өндөр архины хэрэглээтэй гэсэн тоон үзүүлэлт гардаг бөгөөд энэ нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжтэй харьцуулахад маш өндөр дүн гарч байгаа юм.  

Тэгвэл  архины хэрэглээг бууруулах зорилгоор  УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг  Архины хяналтын тухай хуулийг өргөн бариад байгаа. Хуулийн төсөлд согтууруулах ундааны хяналтыг судалгаанд суурилсан, бодитой байдлаар хэрэгжүүлэх, татварыг нэмэгдүүлэх замаар сөрөг үр дагаварыг бууруулах, бодлого тодорхойлоход ашиг, сонирхлын зөрчилтэй этгээдийн нөлөөг оруулахгүй байх зэрэг согтууруулах ундааны хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой зарчмыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан байна. Мөн хуулийн төсөлд  согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулах журмаар олгодог байхаар тусгаж, эрх бүхий байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэн төрөл тус бүрээр олгож, хугацаагаар сунгаж, эсхүл хүчингүй болгохоор заажээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулгадаа, 2000 онд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг баталсан. Энэ хуулийн гол зорилт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлтэй байсан учраас энэ асуудал Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэж байсан. Сүүлийн үед дэлхийн нийтийн чиг хандлага согтууруулах ундааны хор уршгаас бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой болж байгаа учраас энэ асуудал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр орж ирж байгаа гэж ойлгож байгаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, шар айрагны 19, дарсны 10 нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосноор зах зээл дэх архины нийлүүлэлт, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундаа хэрэглэх үндэс болж байна. Статистик дүнгээс үзэхэд манай улсад гарсан нийт гэмт хэргийн гуравны нэг хувь нь хүнд, хоёрны нэг хувь нь онц хүнд хэрэг, нийслэлд гарсан гэмт хэргийн 57, 7 хувийг согтуугаар үйлдсэн байдаг. Үүнээс үзэхэд гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл нь архидан согтуурахтай шууд холбоотой байна. Иймд согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийг багасгахад чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай байгаа гэв.

УИХ-ын гишүүдийн зүгээс сүүлийн үед архидалт багассан. Архины хязгаарлалт хийснээр шагийн бизнес, далд худалдаа цэцэглэнэ. Иймээс архины хэрэглээг багасгах, ямар түвшинд архидалт их байгаад анхаарал хандуулах, ухамсарлуулах, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү ажиллах шаардлагатайг хэлж байсан юм. Нийгмийн сөрөг үзэгдэлтэй шууд хатуу аргаар тэмцэх бус харин хууль зөрчсөн тохиолдолд өндөр хариуцлага хүлээлгэх замаар явах нь зөв гэсэн байр суурьнаас хандаж байсан.

Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, эдийн засгийн хямралтай хүнд энэ үед архины хяналт, худалдааг чангатгах нь буруу. Энэ нь нэг талаас олон мянган хүний ажлын байртай холбогдоно. Хатуу хууль гаргаснаар хууль бус худалдаа, шагийг бий болгоно. Иймээс архи худалдаалах дагнасан цэг бий болгох цаг нь арай болоогүй байна гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, олон янзын судалгаанаас үзэхэд архидалтыг багасгах хамгийн гол үр дүн бол хүний ухамсарт нөлөөлөх асуудал юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Иймд эртнээс хүний ухамсарт нөлөөлөхийн тулд залуу хүмүүст хандсан заалтууд их байх хэрэгтэй . Мөн дөнгөж архинд орж эхэлж байгаа хүмүүсийг эртнээс ухамсарлуулж энэ байдлаас гаргахад зориулсан үйл ажиллагаагаар дэмжих шаардлагатай гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, хоёр хуулийн төслийн аль аль нь архины худалдаа, үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдаа, архины үйлчилгээ, хэрэглээ гээд бүх шатанд чангатгах чиглэлийн үзэл баримтлалаар орж ирсэн гэж ойлгож байгаа. Мэдээж Улсын Их Хурлын 76 гишүүн бүгдээрээ архины эсрэг, архидалтын эсрэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Гагцхүү энийг яаж хуулинд зөв оруулах асуудал хамгийн чухал асуудал. Архины эсрэг тэмцэнэ гээд архитай тэмцэх гээд байгаа хандлага буруу гэдэгтэй санал нэг байгаа. Архи худалдах тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт хийнэ, дуудлага худалдаагаар явуулна гэж байгаа нь зөв эсэхэд анхаарах хэрэгтэй. Архины хэрэглээг багасгах чиглэлийн асуудлыг эдийн засгийн хөшүүргээр зогсоох хэрэгтэй гэсэн саналтай байна. Харин шууд хориглох, хасах асуудлаар шийдэх нь үр дүнгээ өгөхгүй. Гэхдээ зарим заалтуудыг дэмжих бололцоотой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, энэ хуулийн төслийг маш удаан ярьж ,хуулийн талаас нь тодорхой хэмжээнд зохицуулалт хийе гэж байгаа. Хэрэглэгчдийн холбоо, Архины эсрэг тэмцдэг Төрийн бус байгууллагууд өөрсдөө энэ хуулийг гаргахыг хүсч дэмжиж байгаа гэсэн тайлбарыг хийж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихийг гишүүдээс уриалав.

Харин энэ асуудлаар  УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар завсарлага авах санал гаргасан.Улмаар энэ асуудлыг ажлын  5 хоногийн дараа  хэлэлцэхээр болсон юм. 

-М.Даваажаргалд “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол” хүртээхийг уриаллаа-

Монгол түмний бахархалт хүү, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал нь Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж, 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, дэлхийн сая сая хүнийг байлдан дагуулсан бахдам амжилтын эзэн боллоо. Тэртээ 1960-1971 оны хооронд барилдаж байсан Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг 34 жилийн дараа Монгол түмний бахархалт хүү давуулж чадлаа.

Төв нутгаас төрөн гарсан энэ цагийн энгүй хүчтэн, Дэлхийн бахархалт хүн, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалын энэхүү түүхэн амжилтыг төр засаг, түмэн олон өндрөөр үнэлж “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол” хүртээн, элэг нэгт ахан дүүсийн омог бахархлыг мандааж өгөхийг Төв нутгийн мянга мянган залуучуудын өмнөөс “Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо” уриалж байна.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа