Хүүхэд үрчлүүлнэ, чоно зарна гэсэн зарын цаана юу нуугдана вэ
2015/01/30
Зарын сайт болон фэйсбүүкийн зарим группт “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх аниа нартай танилцана”, “Хоёр хөөрхөн охин байна. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүн мессеж илгээнэ үү”, “Гадаадад суралцуулна. Ажиллуулана” гэх зар олонтаа гардаг.
Мөн автобусны буудлын ойролцоо байрлах зарын самбарт иргэд “Хашаа байшин зарна”, “Ажилд авна” гэсэн зар утасны дугаарын хамт бичиж наадаг боллоо. Түүнчлэн лавлах утсанд хандаж танилцах зарыг өгөх нь их. Ийм утга бүхий зарыг уншигч та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сонсч байсан байх. Эл байдал сүүлийн үед бүр ихэсч хуурамч фэйсбүүк хаяг нээж, элдэв янзын зар тавих нь ихэсч байна. Интернэт орчинд нийтэлж буй гэмт хэргийн шинжтэй, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж болзошгүй энэ төрлийн зар суртачилгаанд ямар ч хяналт байдаггүй. Зар суртачилгааны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зар сурталчилгаанд тавих тусгай шаардлага гэж бий. Хуулийн гуравдугаар бүлгийн 10.1.Харилцуур утасны лавлахаар үйлчлүүлэгчид зориулж мэдээ, лавлагаагаар үйлчилсний дараа зар сурталчилгаа нэвтрүүлж болно. 10.2.Төлбөртэй харилцуур утасны болон бусад лавлахаар зар сурталчилгааг гагцхүү үйлчлүүлэгч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд нэвтрүүлж болно гэсэн байдаг. Харин арванхоёрдугаар зүйлийн12.1-д зар сурталчилгаа түгээгч нь бусдын эзэмшилд байгаа интернэтийн хуудсанд өөрийн зар сурталчилгаагаа зөвшөөрөлгүй байрлуулахыг хориглоно. 12.2. Интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд түгээгчийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээлэл байна гэдэг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зар хэрхэн түгээхийг хуульд ингэж заасан байхад иргэд дур мэдэн энд тэндгүй хууль зөрчсөн зар тавьж байна. Үүнд холбогдох хууль хяналтын байгууллага анхаарал тавихгүй байгааг шүүмжлэх хүн олон байна. Ингээд интернэт орчин болон зарын самбарт тавьсан дуулиантай хоёр зарын талаархи мэдээллийг хүргэе.
ЗАР БИЧСЭН ӨДРӨӨ ХҮҮХДЭЭ ҮРЧЛҮҮЛСЭН БАЙВ
“Есдүгээр сарын4-нд төрсөн хүүхэд үрчлүүлнэ. Утас........ “ гэх зарыг Сансарын автобусны буудлын зарын самбарт наасан байжээ. Маргааш өглөө нь буюу 22-ны өглөөний есөн цаг гэхэд хүүхдийг үрчлүүлсэн байв. Чухам яагаад хүүхдээ үрчлүүлэх болсныг эхээс нь утсаар холбогдож тодруулахад “Амьдрал хэцүү байна. Хүүхдээ тэжээх чадваргүй”. Уулзаж тодорхой мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна гээд утсаа салгасан юм. Эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа ч төрүүлсэн нялх үрээ зар тавиад хэнэг ч үгүй хэн нэгэнд үрчлүүлэх нь хүний амьдралын ёсноос гажсан үзэгдэл мэт. 39 настай өрх толгойлсон эмэгтэй тав дахь хүүхдээ хэн гэдэг хүнд үрчлүүлсэн гэх асуултыг араасаа дагуулж байгаа юм. Хүүхэд үрчлүүлнэ гэх зарын цаана хүүхдийн эрхийг зөрчиж болзошгүй. Тухайлбал, хүүхдийг үрчилж авсан айл хэрхэн өсгөх, цаашдын амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ, хүний наймааны золиос болохгүй гэх баталгаа алга. Монголд хүүхэд үрчлэлийг зохицуулах хууль байдаг. Хуулийнхаа хүрээнд үрчлүүлэх нь иргэн хүний эрхийн асуудал. Гэтэл яагаад зар тавьж хүүхдээ үрчлүүлэх болов. Эх сурвалжийн хэлж буйгаар“Дээрхи эмэгтэй тогтсон хаяггүй. Айлын хашаанд амьдардаг. Амьдралын боломж тааруу учраас хүүхдээ үрчлүүлсэн. Үрчлүүлсэн гэж байгаа ч зарсан байж болзошгүй” гэсэн юм. “Зарсан байж болзошгүй” гэх үг анхаарлыг минь татаж байсныг нуух юун. Энэ хэргийг шалгаж байгаа эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахад“Гомдол ирээгүй учраас шалгахгүй” гэх хариултыг өгсөн юм. Уг нь хүүхэд үрчлүүлэхийг Гэр бүлийн тухай хуулийн55 дугаар зүйлд зохицуулсан байдаг. Тухайлбал, хуулийн 55.1. Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна.
55.2. Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна.
55.3. Бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг нь үрчлүүлэх тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна.
55.4. Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийнх нь зөвшөөрлийг авна.
55.5. Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.
55.6. Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана.
55.7. Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг20 хоногт багтаан гаргана.
55.8. Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэсэн байдаг. Үнэндээ энэ үйл ажиллагаанд хүүхдийн байгууллагын оролцоо байдаггүй. Мөн үрчилсний дараа хэрхэн амьдарч байгаа эрх нь зөрчөөгүй эсэхийг шалгаж, хяналт тавьдаг байгууллага байдаггүй. Зар тавьсан эмэгтэй хүүхдээ хуулийн дагуу хүнд үрчлүүлсэн эсэхийг тодруулсан уу гэх асуултад хариулт авахаар нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газарт очлоо. Тус газрын мэргэжилтнээс энэ талаар тодруулахад“ Тийм юм болсон юм уу. Ямар ноцтой сэдэв бэ. Хэрэв ийм хэрэг гарсан гэдгийг нотолбол манай байгууллага анхааралдаа авч шалгаж болно. Хамгийн гол нь нотол” гэх утгатай зүйлийг ярьсан юм. Хэлсэн үгэнд минь итгэхгүй болохоор нь интернэтэд тавьсан зарыг харуултал “Ноцтой хэрэг гарчээ”. Хүүхдийн төлөө үндэсний төвөөс мэдээлэл ав” гэлээ. Хүүхдийн төлөө ажилладаг гэх сүржин уриатай тус байгууллагынхан энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь харамсалтай. Ил гарч байгаа нь энэ ч далд хэлбэрээр хэчнээн хүүхэд хууль бусаар хэн нэгэнд үрчлэгдэж, гэмт хэргийн золиос болж байгааг хэн ч мэдэхгүй. Ингээд Хүүхдийн төлөө үндэсний газрын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
Г.Ойнбаяр: ЗАРААР ХҮҮХДЭЭ ҮРЧЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
- Хүүхэд үрчлэл хуулийн хүрээнд хэрхэн явах ёстой вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Монгол Улс НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцтой 1990 онд нэгдэж орсон. Нэгдсэн цагаасаа хүүхдийн эрхийн конвенцын дагуу зөвлөмжийг хэрэгжүүлж ирсэн. 1999 онд баталсан Гэр бүлийн хуулийн дагуу хүүхэд үрчлэлийг зохицуулдаг. Хүүхэд үрчлэлийн асуудал хүүхдийн байгууллагаар дамждаггүй. Хүүхэд үрчлэн авсан хүн төрсөн эцэг, эхийн үүрэг гүйцэтгэж, эрх эдлэх буюу хариуцлага хүлээдэг. Тиймээс бүртгэл нь дүүргийн Засаг даргын захирамжаар явдаг. Гэр бүлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ. Бичиг баримтаа бүрдүүлж өгснөөс 14 хоногийн дараа дүүргийн Засаг даргын захирамж гарна.
-Ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
-Тухайн эцэг, эх хүүхэд үрчилж авахын тулд сэтгэцийн эмгэг болон гаж зуршилгүй байх ёстой. Тиймээс цагдаагийн байгууллагаас хэрэг зөрчилд холбогдож, байнга архидан согтуурч, мансууруулах бодис хэрэглэж байсан эсэхээр тодорхойлолт гаргуулна. Эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж үзэхийн тулд эрүүл мэндийн шинжилгээний хуудас бөглүүлдэг. Мөн ажлынхаа газраас цалингийн тодорхойлолт авна. Хэрэв ажилгүй бол хорооны Засаг даргаас тодорхойлолт авах ёстой. Ингэж байж хүүхэд өсгөх амьдралын боломжтой эсэхийг судалж үздэг юм.
-Тэгвэл дээрх асуудлаар тухайн дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт хандана гэсэн үг үү?
- Дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлээд хандана. Үүний дараа дүүргийн Засаг даргын захирамжаар тухайн хүүхдийн үрчлэлтийн асуудлыг шийдвэл гэрчилгээгээ авна.
-Хүүхэд үрчлүүлнэ гэсэн зар тавиад хүүхдээ үрчлүүлсэн байна лээ. Үүнд танайх хяналт тавьсан уу?
-Иргэд хуулийн хүрээнд хүүхдээ үрчлүүлэх ёстой. Зар тавьж хүүхдээ үрчлүүлж болохгүй. Энэ эмэгтэй нь тодорхой оршин суух хаяггүй байсан. Орон нутгийнхаа Засаг захиргаанд хандаж, мэдээлэл аваагүй учраас хамгийн хялбар арга буюу хүүхдээ өөрөөсөө холдуулах арга хайж зар тавьсан. Ингэж зар тавих нь өндөр эрсдэлтэй. Хүний наймааны золиос ч болж магадгүй. Хэн гэдэг хүн үрчилж авч байгаа нь тодорхой байх ёстой. Худалдаа наймаа хийж байгаа хэрэг биш шүү дээ. Үүнийг цагдаагийн байгууллага шалгах хэрэгтэй гэв.
АМЬД ЧОНЫГ МЯНГАН ДОЛЛАРААР ЗАРЖЭЭ
Фэйсбүүкийн үл хөдлөх хөрөнгийн группт Найдансүрэн Батзаяа гэх хаягтай иргэн амьд чоно зарна гэсэн зар оруулсан байв. Зард байгальд нь тэжээсэн тарган, хоёр настай хэрнээ том биетэй, ааш нь догшроогүй чоно зарна. Байгальд нь тавихаар сөрөг чононуудад тасдуулдаг. Хүнд дассан болохоор хүнд ойртоод байдаг. Чоно мэддэг, тэжээж чадах хүнд зарна. Цирк, зоо паркт зарахгүй гэжээ. Утсаар холбогдож хэдэн зүйлийг тодруулсан юм.
-Чоно зарна гэсэн үү. Хэдээр зарах вэ?
-Тэгсэн. Мянган доллараар зарна.
-Хаанаас авчирсан бэ. Бэлтрэг байхаас нь тэжээсэн юм уу?
-Хэнтий аймгаас хоёр жилийн өмнө бэлтрэг байхад нь барьсан. Зэрлэг зан байхгүй. Түүхий махаар хооллодог гэв.
Ан амьтдыг хамгаалах хуульд чоныг эрдэм шинжилгээний ажил, гоо зүйн зориулалтаар ашиглах, хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэг амьдралын үйл ажиллагаанд хэрэгтэй чанарыг ашиглах боломжтой байдаг гэнэ. Тэгэхээр хэн нэгэн хүн гэртээ чоно тэжээж болохгүй гэсэн үг юм. Ан амьтныг хамгаалагчдын холбоо “Зэрлэг амьтныг тэжээвэр болгох нь амьдрах орчныг нь боогдуулж байгаа хэрэг” гэж үздэг байна. Амьтны эрхийг хамгаалах сангийн тэргүүн С. Дамдинсүрэнгээс энэ талаар тодруулахад “ Манай сан жилд дөрвөөс таван зэрлэг амьтныг хүний гараас чөлөөлж байгальд нь тавьдаг. Иргэд сонирхлынхоо дагуу амьтан тэжээдэг. Энэ нь амьтныг зэрлэг ч биш, тэжээвэр ч биш болгодог. Байгальд амьдрах чадваргүй болгоно. Өөр амьтанд бариулах, өлбөрч үхэх эрсдэлтэй” гэв. Иргэд хууль зөрчиж зэрлэг амьтан тэжээвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулах эсвэл гурван сар хүртэлх хугацаагаар хорих шийтгэлтэй байдаг байна. МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Бадамхандаас хэрхэн хяналт тавьдгийг тодрууллаа.
Ж.Бадамханд: ЧОНО ТЭЖЭЭХ ЭРХГҮЙ БОЛ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО
-Амьд чоно зарна гэх зарыг интернэтэд тавьсан байна лээ. Ховордсон амьтны эвэр, туурай, эд эрхтнийг зарахыг хориглодог. Үүнд танайх ямар хяналт тавьж, ажилладаг вэ?
- Ховордсон ан амьтны эвэр, туурай эд эрхтнийг зарахыг хориглодог. Чоно нь элбэг амьтны тоонд багтдаг. Зөвшөөрөлтэй үед агнах, барих, тэжээж болно. Хэнтий, Дорнод, Сүхбаатарын талд амьдардаг чоныг 17 нас хүртэл нь агнахыг хориглочихсон. Чоныг тэжээх тохиолдолд заавал зөвшөөрөл авсан байх хэрэгтэй. Бэлтрэгийг нь тэжээе гэхэд орон нутгаас нь зөвшөөрөл авч, зохих хураамж төлбөрөө төлсөн тохиолдолд тэр хүний өмч болно гэсэн үг л дээ.
-Хэдэн төгрөгийн хураамж төлөх вэ?
-109 мянган төгрөгийн хураамж төлдөг.
-Амьд чоно зарна гэсэн зарыг оруулсан иргэн зөвшөөрөлтэй юм болов уу?
-Хэдэн жилийн өмнөөс хаанаас авчирч тэжээсэн талаарх мэдээлэл бидэнд байхгүй. Хаанаас барьсан талаарх гарал үүслийн бичиг тэр хүнд байх ёстой. Зүүн гурван аймгаас авчирсан чоно байвал хууль зөрчсөн гэж үзнэ. Тэр иргэнтэй уулзаж, чоно тэжээх зөвшөөрөлтэй эсэхийг нь шалгана. Хэрэв тэжээх эрхгүй байвал хуулийн дагуу хариуцлага тооцно гэлээ.
Чоно зарна гэх зар тавьсан залуутай өчигдөр утсаар холбогдож зарсан эсэхийг тодруулахад“ Мянган доллараар зарчихсан” гэх хариулт өгөв. МХЕГ-ын мэргэжилтэн зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатараас чоно барих, агнахыг хориглосон гэсэн. Гэтэл мянган доллараар зарсан гэх чоныг Хэнтий аймгаас хоёр настай байхад нь барьсан. Ингэхээр дээрх иргэн хориглосон газраас хууль бусаар чоно барьсан байгаа юм. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээлэл гарвал шалгалтын ажиллагаа хийдэг. Тэгвэл чоно зарсан иргэнийг шалгаж эхэлснийг цагдаагийн байгууллагаас тодруулахад тодорхой хариулт өгөөгүй юм. Үүнээс үзэхэд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Зар суртачилгааны тухай хуулийн хяналт сул байна. Иргэд ч интернэт орчинд элдэв янзын зар оруулж, гэмт хэргийн золиос болох эрсдэл ойрхон байгааг эндээс харж болох юм.
Зочин · 2015/01/31
Za chono ch yamai.Ter urchluulsen geh huuhdiin huwi tawilan...
Зочин · 2015/01/31
Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 350 до******** авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур******д доорх http://TheWeeklyJob.com/?id=330452 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бу******д тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. Танаас ямар ч зардал гарахгүй
fyfds · 2015/01/31
15-35 насныханд зоfриулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮