Өглөө, оройд ажил, хичээл цуглах, тарах үеэр замын ачаалал хамгийн их байдаг. Үүний нэг шалтгаан нь дуут дохиог олон хүн зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүйгээр хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцдог байдал элбэгшсэнтэй холбоотой хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байна.

Уг нь тээврийн хэрэгслийн тусгай дуут дохионд тавих стандарт буюу Хууль зүйн сайдын 159 дүгээр тоот тушаалд улаан цэнхэр өнгийн дуут гэрлэн дохиог төрийн тусгай хамгаалалт, цагдаа нарт, улааныг гал түймэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, ногооныг эмнэлэг, түргэн тусламжnay  газруудад олгоно гэж заасан байдаг аж. Өөрөөр хэлбэл тусгай дуут дохиог нийгэмд үйлчилгээ үзүүлдэг дээрх байгууллагууд л ашиглах эрхтэй юм. Мөн олон улсын айлчлал, улс нийтийг хамарсан үйл явдал  зэрэг шаардлагатай тохиолдолд төрийн тусгай хамгаалалтын албаныхан ашиглаж болох заалттай юм байна.

Үүнтэй холбоотойгоор дараах баримтыг дэлгэж байна.  Өнгөрсөн онд Замын цагдаагийн газраас 183 тээврийн хэрэгсэлд “маяк” буюу дуут гэрлэн дохио тавих зөвшөөрөл олгожээ. Харин үүний дараа  ЗЦГ тусгай дуут болон гэрлэн дохионы зөвшөөрөлтэй автомашинуудад шалгалт хийж, нийслэлийн зургаан дүүргээс хууль бусаар хэрэглэж байсан 60 гаруй тусгай дуут болон гэрлэн дохиог хураан авсан байна. Үүнээс үзвэл цөөнгүй автомашин хууль бусаар  дуут болон гэрлэн дохиог хэрэглэж байсан нь харагдах юм.

 Гэхдээ эдгээр хураан авсан тусгай дуут болон гэрлэн дохиог хэн хаана хадгалдаг нь тодорхойгүйгээс эдгээр нь ЗЦГ-ынхны  “далд” бизнес болдог уу? эсвэл тусгай дуут болон гэрлэн дохиог хэн дуртай нь хэрэглэдэг болоо юу?  гэх хардлагууд олны дунд бий болж байна.

Албаны хүний хэлж байгаагаар, эдгээр гэрлэн дохионуудыг урд хөршөөс оруулж ирэн захын контейнерүүдээр зардаг болсон гэнэ. Мөн иргэдийн дунд эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс дуут дохио ашиглаж байгаа гэсэн хардлага байгааг ч үгүйсгээгүй юм.  

Гэхдээ тодорхой журам, стандартын дагуу дуут гэрлэн дохио ашиглах эрхийг олгодог болохыг онцолж байна.  Дуут гэрлэн дохио хэрэглэж буй бүх газар ард иргэдийн сайн сайхны төлөө үйлчилдэг. Тиймээс иргэдэд үйлчлэх үйлчилгээнд нь саад учруулах эрх цагдаа нарт байхгүй. Тэр ч үүднээсээ “Маяк” бүхий машин замын осол гаргасан тохиолдолд замын цагдаа зогсоох эрхгүй байдаг. Хотод ч, хөдөө хээр ч тэр зарим автомашинууд энэхүү тусгай дуут болон гэрлэн дохиог ашиглаж, замын постод татвар төлдөггүй, замын цагдаа нар ч зогсоодоггүй.

Тусгай болон дуут гэрлэн дохио ашиглан шуурхай албанд явах тусгай зөвшөөрлийг авахын тулд дараах материалыг бүрдүүлэх хэрэгтэй байдаг байна. Нийслэлийн цагдаагийн газраас авсан тусгай зөвшөөрөл, тухайн тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд хамрагдсан бичиг, машины гэрчилгээний хуулбар зэргийг бүрдүүлэхээс гадна ямар зорилгоор ашиглах гэж байгаагаа өөрийн гараар бичиж ЗЦГ, аймаг цагдаагийн хэлтэст бичгээр гаргана. Уг саналыг гаргаснаас хойш ажлын 5 өдөрт хариу өгдөг журамтай аж.

Мөн дуут болон гэрлэн дохио хэрэглэх зөвшөөрөл авсан авто тээврийн хэрэгслийн зориулалт өөрчлөгдөх бүрт тусгай дуут болон гэрлэн дохиог авч, өнгө будгийг арилган нийслэлд Замын цагдаагийн газарт, аймагт цагдаагийн хэлтэст мэдэгдэх журамтай .

Харин тусгай дуут болон гэрлэн дохиог зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд гэрлэн дохиог хурааж, захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-д заасны дагуу 5000 төгрөгөөр торгодог гэнэ.

Үүнээс харахад энэ мэт зөрчил дутагдал гаргадаг эрхмүүдэд оноох хариуцлага хэтэрхий зөөлөн учир энэ төрлийн зөрчил ихээр гарч, тусгай дуут дохиотой том том жийпнүүд ихээр явдаг юм болов уу гэсэн сэрдлэг төрж байгаа юм.

Б.Хорлоo