Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг огцруулахын төлөө  Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга н.Ариунболд  нар үгсэн хуйвалдаж байсан хууль бус ажиллагаа нь олон нийтэд ил болсон. Тиймээс дээр дурьдсан цагдаагийн экс дарга нарыг Тагнуулын Ерөнхий Газарт  Эрүүгийн хуулийн 82-р зүйл буюу  Төрийн эрх мэдлийг  хууль бусаар авах гэж хуйвалдсан  гэх үндэслэлээр шалгаж, үүний зэрэгцээ ЦЕГ-аас үүрэгт ажлаас нь чөлөөлж, цолыг нь хураасан байдаг. Ингэснээр тэд цагдаагийн хурандаа бус энгийн  иргэн болоод байгаа. Тэгвэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга асан иргэн Ц.Батсүх  Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг зөрчин байж Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхэд гомдол гарган асуудлыг өөрийнхөө талд шийдүүлсэн байдаг.  Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулинд маргаантай байгаа асуудал /ТЕГ-т шалгагдаж байгаа/ эцэслэн шийдэгдсэний дараагаар  Захиргааны хэргийн шүүхэнд хандах эрх нь үүсэх талаар тусгасан байдаг. Тагнуулийн ерөнхий газарт шалгагдсан хэрэг дуусаагүй байхад шүүхэд өргөдөл гаргах эрх  нь Ц.Батсүхэд байгаагүй гэсэн үг. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэх ёстой Ц.Батсүх энэ хуулийг зөрчин байж шүүхэд хандсан бөгөөд шүүх түүнийг ажилдаа эргүүлэн томилох “хэрэгтэй” гэж үзсэн байдаг. Гэтэл цаг үеийн байдал өөрчлөгдснөөр ЦЕГ-ын даргын тушаалыг хамгаалан давж заалдах шатны шүүхэд хандах үүрэгтэй байсан цагдаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараагийн шүүхэд гомдол гаргах эрхээ тодорхойгүй шалтгаанаар эдлээгүй юм. Ингээд Ц.Батсүх анхан шатны шүүхийн шийдвэрээр давах, дээд шүүх гэлгүйгээр хуучин албандаа эргэн тухалсан байна.  

Тэгвэл Ц.Батсүхийг ажлаас нь дахин халж болохыг хуулийн талаас нь авч үзье. Ц.Батсүхийг  гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан. Ц.Батсүхэд Эрүүгийн хуулийн 133-р зүйл ангийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэх байсан ч сахилгын шийтгэл хүлээлгээд өнгөрсөн байдаг. Хэрвээ түүнд Эрүүгийн хуулийн 133-р зүйл ангийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөөөр торгох эсвэл, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх байсан. Гэвч прокуророос тэдний энэ хууль бус үйлдэлд эрүү үүсгээгүй байж болох талтай. Энэ нь Ц.Батсүхэд ашигтай байдал авчирсан. Гэхдээ Захиргааны хэргийн 20-р  шүүх ЦЕГ-ын даргын тушаалаар  Ц.Батсүхийг ажлаас халсан үндэслэл нь зөв боловч өвчтэй байхад нь халсан нь буруу буюу ажлаас халах үйл ажиллагаа хууль зөрчсөн байна гэдгийг онцолсон байдаг.  Энэ нь Ц.Батсүхийг ажлаас нь халсан өмнөх зөв үндэслэлийн дагуу ажлаас халсан тушаал гаргах үедээ гаргаж байсан алдаагаа засаж одоо эрүүл, ажлаа хийж байхад нь дахин халах боломж байгаа гэсэн үг юм.

Гэвч ЦЕГ-ын шинэ дарга Р.Чингис хууль зөрчсөн даргатайгаа үлдэх, эсвэл дээрхи боломжийг ашиглан дахин халж болох эсэхийг шийдэх л үлдсэн байна. Хууль зөрчиж байгаа баримтууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг биш удаа төрөл бүрээрээ гарчихаад  байхад хаацайлаад суугаад байхгүй  гэдэгт хууль мэддэг олон хүн найдаж байгаа юм.  

Өөрөөр хэлбэл Монгол улсын хууль иргэн бүрт ижил тэгш үйлчилдэг тул  түүний үлгэр жишээ нь энэ гээд Ц.Батсүх даргаа зөв үндэслэлээ барьж байгаад дахин халчихбал энэ нь л жинхэнэ хууль хэрэглээний үлгэр дууриал болох байх. Түүнээс биш энэ мэт ойлгомжгүй байдлыг хэвээр үлдээвэл ЦЕГ хэл амтай хэдэн хурандаа нараа халж, арга хэмжээ тооцож, хуулиа ч зөв хэрэглэж чаддаггүй, тэд нар нь ч хуулийн цоорхой ашиглан янз бүрийн үнэн, худал нь мэдэгдэхгүй баримт бүрдүүлэн шүүхдээд, буцаж ажилдаа томилогддог байдал газар авах биз ээ.

А.Баярмаа