Саяхан манай улс урд хөршдөө мах нийлүүлэхээр болчихоод хүрээд ирлээ.Нэг талдаа энэ нь малчдынхаа малыг эргэлтэд оруулах, тэдний хөдөлмөрийг үнэлгээжүүлэх, амьдралыг нь арай өөр түвшинд хүргэх сайн талтай ч нөгөө талдаа ихээхэн бухимдал төрүүлээд байгааг онцолъё.

Учир нь хоёрхон сая хүнээсээ хэд дахин их малтай, бэлчээр, нутгийнх нь даац хэтэрлээ гэгддэг хэрнээ кг махыг 10 ам.доллараар үнэлж авч байгаа нь аймаг, хотын иргэдийн бухимдлын индэр болоод байгаа юм.

Иргэддээ хямд мах нийлүүлж чадахгүй мал аж ахуйн салбарт төрийн бодлого үгүйлэгдсээр ийнхүү урд хөршийн зах зээл рүү махаа татаж малаа нядалж эхэллээ. Энэ сарын 22-ны байдлаар гэхэд л үхрийн махны үнэ өмнөх сарынхаас 0.3-0.8 хувь, хонины ястай махны үнэ 0.9 хувь, адууны махны үнэ 4.9 хувиар өсчээ.

Энэ бол дан ганц өнөөдөр өсч байгаа үнэ ханшийн чангарал биш. Энэ мэт багахан мэт боловч хувиар өссөөр л байсан махны зах зээл иргэдийг туйлдуулах хэмжээнд дөхөж очиж байгаагийн нэгхэн алхам. Үүнээс ч өсөх магадлалтай байна. Учир нь зургадугаар сараас хойшлох тусам баяр наадам, найр хуримын ажлууд хөвөрч энэ хэрээр махны хэрэгцээ өсдөг. Өнөөдрийн байдлаар лангуун дээрээ үхрийн гуяны цул мах бол 13 мянгаас буухгүй бусад төрлийн мах нь 7000-10 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа нь махны бизнес хэн нэгний бодлогоор тодруулбал, Монгол Улсын махны зах зээлийн толгойг хаашаа эргүүлбэл ашигтай вэ гэдгийг удирдаж суудаг цөөн хэдэн хүний бодлогоор урагшилсаар байгаа нь энэ.

Мах биш малыг нь авах хүсэлтэйгээ урд хөршийнхөн илэрхийлнэ билээ. Үнэхээр энэ мэт монголын ард түмний хоол хүнс рүү харийнхан төрийн бодлогоороо халдах гэсэн оролдлогод нийцэх монгол махны үнэ ханшийн чангаралтад хяналт тавихгүй бол бид бүхний мах, малтай байх үгүй нь нүд ирмэхийн зуурт л асуудал болж босож ирэх ирээдүй харагдаад болдоггүй ээ. Угтаа бол манайх Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, эдийн засгийн яам гэх мэт бодлого боловсруулах хэдэн зуун хүнээс бүрдсэн том толгойдуудтай.

Өнөөдрийн махны лангуун дээрх жинлүүрийн туухай дээр жин дарж байгаа үнийг 50 хувь буулгах хэмжээний асуудал ярьж, бодлого боловсруулах хангалттай нөхцөл боломж бий. Учир нь мал, малчдад очих төрийн хөнгөлөлт, хайр халамжууд ихэднэ үү гэхээс багадаагүй. Ийм байтал иргэдээ махны үнэд туйлдуулж хэтэвчийг нь лангууны араас сэгсрэх хэрэг бий юу.

Өчигдрийн байдлаар гэхэд л Баянзүрх худалдааны төвд нэг кг хонины (ястай) махны үнэ дунджаар 8086 төгрөг, хонины цул мах 7967, үхрийн (ястай) мах 8857, үхрийн цул мах 10286, ямааны мах 6233, адууны мах 6857 төгрөгийн үнэтэй байна. Иргэдээ хямд махаар хангаж өрхийн төсөвт нь хэмнэлт мэдрүүлж амжаагүй байж махаа гадныханд гаргах нь оновчтой бодлого байж чадах уу.

М.Мөнхтунгалаг