Монгол Улсын Их Сургууль хэдийгээр төрийн мэдэлд байдаг ч  санхүүжилтийн дийлэнх хувийг сургалтын төлбөрөөс бүрдүүлдэг. Тэгвэл энэ мөнгийг МУИС-ийн Хуулийн сургуулийнхан зугаа цэнгэлд зарцуулж байгаа бололтой.  Тодруулбал  2015-01-12-ны өдрөөс дөрвөн өдрийн зугаалгыг арлын Япон улсад хийсэн байна. Зугаалгад МУИС-ийн дийлэнх багш, захиралтайгаа явсан байна.

МУИС-ийн багш нараас ганц нэг нь гадаадын  хамтран ажилладаг сургуульд очиж хэдэн өдөр ажилладаг ч гэсэн энэ удаад  тийм биш гэдэг нь илэрхий байгаа юм. Өөрөөр хэлбэл МУИС-ийн Хуулийн сургууль нь Япон улсын Нагояагийн их сургуультай холбоотой ажилладаг. Харин МУИС-ийн Хуулийн сургуулийн захирал Б.Тэмүүлэн болон багш нарын зугаалгын үеэр  тус сургуульд  ямар нэгэн гадаадын багш нартай холбоотой арга хэмжээ зохион байгуулагдаагүй байгаа юм.  

 













 

Төсөв хүнд байх үед ийнхүү зугаацаж байгаагаа МУИС-ийн Хуулийн сургуулийн захирал Б.Тэмүүлэн болон багш нар  ихэд нууцалж  өөрсдийн цахим хуудсандаа нэг ч зураг байрлуулахгүй байгаа юм.  Ганц нэг байрлуулсан зургаа  үтэр түргэн авч байгаа  харагдсан.  

Эцэг эхчүүдийн  хувьд  үр хүүхдээ улсын нэр хүндтэй, сайн багштай, чанартай сургуульд оруулж, ихийг сургахын төлөө байдаг болохоор  голоо таслахаас наахнуур бүсээ чангалж байгаад төлбөрийг нь өгдөг. Муухайгаар хэлэхэд хуруу хумсаа хуйхлан байж, гадаа гандаж хөхрөн байж цуглуулсан мөнгөө сургалтын төлбөрт өгдөг.  Үүн дээр эдийн засгийн хямрал,  амьжиргааны төвшин нөлөөлж иргэдийн хувьд  МУИС-ийн  Хуулийн сургуулийн  1 200 000 /хамгийн багадаа/ төгрөгийн төлбөрийг арай хийн төлж байгаа.  Тэгтэл  иргэдийн зовлонгоор  жаргал хийж байгаа мэт ийнхүү зугаалж байгаа нь  МУИС-ийн шинэчлэл  ялзрал болж байгаагийн нэг жишээ юм.

Тиймээс МУИС-д салбарын яамнаас шалгалт, аудитын газраас санхүүгийн шалгалт хийж энэ мэт ёс бус үйлдэлд хариуцлага тооцох нь зүйтэй бизээ. 

А.Баярмаа