Хэдхэн хоногийн дараа манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Тэгвэл “Монголын тархины сааны холбоо” тус өдрийг угтаж, тархины саажилттай, дауны синдромтой хүүхдүүдийг баярлуулсан юм. Уг үйл ажиллагааг зохион байгуулагчид “Зүрхнээс зүрхэнд” хэмээх өдөрлөгийг “Хаан банк”-ны театрт явууллаа. Энэхүү өдөрлөгт урлагийн тоглолтыг зохиож, хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Өдөрлөгийн эцэст урлагийн тоглолт үзэж, бэлэг авсан хүүхдүүдийн мөрөөдлийг цааснаа буулгаж авчээ.

Энэ үеэр Монголын тархины сааны холбооны зохицуулагч, Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын нийгмийн ажилтан С.Энхбаттай уулзсан юм.

-“Зүрхнээс зүрхэнд” үйл ажиллагааг зохион байгуулахын гол зорилго юу вэ?
-Зургадугаар сарын нэгэнд Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр баярлаж цэнгэхээс гадна хүүхдийн эрхийг хамгаалах хэрэгтэй. Хүн бүр зүрхтэй. Тэр зүрх бүхэнд эдгээр хүүхдийн сурч боловсрох гэсэн хүсэл эрмэлзлийг хүргэхийн тулд энэ үйл ажиллагааг зохион байгуулсан.

-Нийгмээс та бүхэн юуг хүсч байна вэ?
-Тархины саа, дауны синдромтой хүүхэд, залуус бол нийгмийн нэг л хэсэг. Тэднийг гадна харагдах байдлаар нь дүгнэж, жийрхэх хэрэггүй. Бидэнд ийм зүйл хэрэгтэй, өг гэж гуйхгүй. Хамгийн гол нь эдгээр хүүхдүүдийг нийгэм эерэгээр хүлээн авах хэрэгтэй. Тэд ч гэсэн суралцах, ирээдүйд хөдөлмөрлөх эрхтэй гэдгийг хүн бүхний санаж явах ёстой зүйлсийн нэг гэж бодож байна.

-Манайд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага бий. Тэдний үйл ажиллагааг шүүмжлэх хүн ч олон. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Тийм шүү. Хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд энэ секторыг анхааралдаа авч үзэх нь зүйтэй гэж хэлмээр байна. Жишээ нь, Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын барилгын хугацаа нь дуусч, хүүхдүүд сурч боловсрох газаргүй болсон энэ үед Хүүхдийн төлөө үндэсний газар байр сууриа илэрхийлэхгүй байгаад үнэхээр харамсч байна. 100 гаруй хүүхэд тавдугаар сарын нэгнээс хойш гэртээ байна. Эдгээр хүүхдүүд ирэх намар гэхэд хаана байрлах нь бүрхэг хэвээрээ. Ийм нөхцөл байдалд хүүхдийн гэсэн тодотголтой байгууллагуудын дуу хоолой нийгэмд үгүйлэгдэж байна.

-Хамтран ажиллаж буй ямар байгууллагууд байна вэ?
-“Монголын тархины сааны холбоо” ерөнхий зохион байгуулагчаар ажилласан. Төлөвлөсөн ажил маань нурах шахсан ч гэнэтийн тулгамдсан энэ үед Хаан банкныхан театртаа биднийг хүлээн авсанд ихэд талархаж байна. Бас олон тооны сайн дурын суралцагчид хамтран ажиллалаа.

-Таны хувьд сайн дурын ажлыг хэзээнээс хийж байна. Яагаад хүнд гэж хэлж болохоор энэ ажлыг сонгосон бэ?
-2007 оноос энэ чиглэлээр албан ёсоор ажиллаж эхэлсэн. Ер нь 2005 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сурагчидтай ижил сурч боловсорч чадах юм байна гэдгийг ойлгож, сайн дурын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Энэ чиглэлээр ажиллахад олон сайхан дурсамж үлддэг. Тухайлбал бид энэ сарын 23-нд “Англи хэлний олон улсын сайн дурын ажилтны Монгол дахь соёлоос суралцья” өдөрлөгийг зохион байгуулахад ярьж, алхаж чадахгүй ч компьютерээ хөлөөрөө ажиллуулж, англиар илтгэл тавьж байгаа тархины саажилттай, дауны хам шинж өвчтэй залууг хараад үнэхээр их бахархаж байлаа. Р.Энхчулуун: Хүүхдүүдэд маань ууттай бэлэгнээс илүү сурч, боловсрох орчин нөхцөл чухал Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборт суралцагч хүүхдийн ээж Р.Энхчулуунаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Сая бас Ерөнхийлөгчийг хүлээж дуу хоолойгоо хүргэх гэсэн ч бүтсэнгүй. Хэрвээ Ерөнхийлөгч ирсэн бол та юу гэж хэлэх байсан бэ?
-Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор бол нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж үйл ажиллагаа явуулдаг цорын ганц байгууллага гэдгийг улсын маань Ерөнхийлөгч ч мэддэггүй юм шиг байна. Тус цогцолборын барилгын ашиглалтын хугацаа дууссан учраас нураасан. Үүнээс болоод манай хүү болон 100 гаруй хүүхэд суралцах газаргүй болчихоод байна. Энэ асуудлыг л хурдан шийдүүлэхийг хүсч байна.

-Таны хүүхдийн хувьд энэ цэцэрлэгт яваад хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Гурван жил суралцаж байна. Их зүйл өөрчлөгдсөн. Олон нийттэй харилцаж сурч байна. Өөрийнхөө санаа бодлыг олон нийтэд ойлгуулахад ч гэсэн суралцаж байна.

-Танай гэр бүлийн хувьд эх үрсийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Эх, үрсийн баяраар хувийн болон улсын байгууллага олон л үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэхдээ энэхүү өдөр бол хүүхэд, багачуудын хувьд эрхийг нь хамгаалах өдөр юм. Хүүхдүүдэд маань ууттай бэлэгнээс илүү сурч, боловсрох орчин нөхцөл чухал гэдгийг санах нь зүйтэй.

 

Г.НЯМСҮРЭН