Өнгөрч буй долоо хоногт дотоодод болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. Долоо хоногийн тоймд улстөрч, эдийн засаг, спорт, нийгэмд өрнөсөн үйл явдлыг онцлов.

 

-Ж.Мөнхбат: Улсаа өрөнд оруулж өтөнд бариулах зарчмыг баримтлахгүй-

Монгол ардын намаас зохион байгуулдаг “Ардын индэр” уулзалт тусгаар тогтнолын ордноо болж байна. Уг уулзалтанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцлоо. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: "Улс орны том эрх ашгийн төлөө засгийн газартай хамтарч ажиллаж байгаа.

2012 онд засгийн газрыг хүлээлгэж өгөхөд шинэчлэлийн засгийн газарт 2.8 тэрбум ам.долларын гадаад бонд гаргасан. Энэ нь Оросын холбооноос худалдаж авсан их өрийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний их мөнгө. Гэтэл энэ мөнгөөр юу хийж чадсан бэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хоёр жилд монгол улсын нэгдсэн төсвийн орлого нь 1 их наяд төгрөгөөр дараалан тасарсан. Улсын нэгдсэн төсөв, Чингис бонд, Хөгжлийн банкны зээл, Самурай бонд зэрэг таван төсөвтэй байж УИХ-ын хуралдаанаас гадуур хараа хяналтгүй маш их хэмжээний мөнгийг зарлагдсан. Тийм учраас энэ байдлыг таслан зогсоох ёстой. Энэ их хурлаар хараа хяналтгүй цацагдаж байгаа мөнгийг хяналтанд оруулж ирэх хэрэгтэй гэж төсвийн тодотгол хийх үеэр хэлсэн. 2012 онд жилд 4 тэрбум 407 сая ам,долларыг гадаадын хөрөнгө оруулалт хийж байсан. Өнгөрсөн хоёр жилийн хооронд 826 сая буюу 5.2 дахин буурсан эдийн засгийн хөрөнгө оруулттай засгийн газарт орж ажилласан гэдгээ тодотгож хэлэх нь зүйтэй. Гадаад валютын албан нөөц хоёр жилийн дотор 2.5 тэрбум ам.доллараар буюу 2.6 дахин буурч 1.6 тэрбумд хүрсэн. Ийм хүнд үед МАН засагтай хамтарсан гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ. Мөн Засгийн газарт биднийг хамтрахад гурван зарчимыг баримталсан үүний нэг нь төрийг данхайлгахгүй байх. Үүнд, яамдын тоог 15 дээш нэмэхгүй байя. Сайд нарын тоог 16-аас илүү нэмэхгүй, дэд сайд нарыг мөн нэмэгүй гэсэн зарчмын саналыг гаргасан. Харамсалтай нь бидэнтэй хамтарч байгаа улстөрийн хүчин эсрэгээрээ бүгдийг нэмнэ гэсээр байгаад 19 сайдтай боллоо. Монгол улсын олон хууль тогтоомжийг зөрчин өрийн таазыг 58.3 хувьд хүргэчихсэн байна. Дагаж мөрдөх журмын өөрчлөөд өрийн таазыг 40 хувийг үе шаттайгаар буулгахгүй бол улс орон болохгүй байна гэдгийг ярьсан. Гэтэл ардын намын оролцоогүйгээр ийм хувьд хүрчихлээ. Харин сүүлийн 20 хувьд ДНБ-нийг нэмэгдүүлнэ гэсэн асуудал оруулж ирсэн.

Өрийн таазыг нэмэх зарчим баримтлахгүй. Улс орноо өрөнд оруул өтөнд бариулах нь байж болохгүй зүйл учраас үүний эсрэг бид хатуу зогсоно. Түүнчлэн давхар дээлийг тайлья гэдгийг асуудлыг өнгөрсөн хавраас эхэлж ярьсан. Бид бүхэн үндсэн чиг үүргийн дөрвөн яам байгаль орчин, сангийн яам, гадаад харилцаа, хууль зүйн сайдууд давхар дээлтэй байж болно харин бусдыг нь гаднаас томилоно гэсэн байр суурьтай байсан. Энэ зарчмаа барьсан байгаа. Ардчилсан нам, Ардын нам шидлийн засгийн газарт хамтрахдаа санамж бичигт гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээр дагаж мөрдөх хэд хэдэн зүйл заалт бий. Жишээлбэл, хямралаас гарах засгийн газрын хөтөлбөрийг хамтран боловсруулж хямралыг даван туулна гэж зүйлийг тусгасан. Харамсалтай нь Ардчилсан намыг бүлэг хямралаас гарах төлөвлөгөөг хэлэлцэх үед ийм хөтөлбөр хэрэггүй. ЭЗЭН-100 хөтөлбөрөөрөө явья гэдэг саналыг өчигдөр гаргасан байна. Энэ бол туйлын харамсалтай юм. Өмнөх засгийн газар нь энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй огцорсон. Гэтэл огцорсон засгийн хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг шинэ засаг хэрэгжүүлж явна гэдэг нь олон улсын жишигт байгаагүй үйл ажиллагаа болно гэж бид ойлгож байна. Тийм учраас эдийн засгийн хямралаас гарах хөтөлбөрийн саналуудаа ардын нам өгсөн байгаа. Энэ төлөвлөгөөг баримталж ажиллах зарчмыг барьж ажиллана. Шийдлийн засгийн газарт орчихлоо гээд амаа үдүүлэхгүй ээ хэмээн онцолсон юм.

Энэхүү уулзалтын үеэр 2014 онд 16,6 мянган иргэн 17,8 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авч, 2012 оныхоос тэтгэмж авагчдын тоо 56 хувиар, тэтгэмжид зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2,4 дахин нэмэгдсэн байна. Алтанхуягийн Засгийн газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр Монгол банктай хамтран 3,0 их наяд төгрөгийг цөөн хэдэн компанид маш бага хүүтэй олгосон боловч үр дүн нь гарсангүй. Харин ч эсрэгээр, хөтөлбөр хэрэгжих хугацаанд орон сууцны 1м2-ын үнэ 2,1 дахин, Аптан тарианы 1-р гурилын үнэ 43,6 хувиар, “Атар” талхны үнэ 61,8 хувиар, үхрийн нэг килограмм ястай махны үнэ 5,3 хувиар, 1л сүүний үнэ 50,5 хувиар, АИ-92 автобензины 1 литрийн үнэ 5,7 хувиар тус тус нэмэгдсэн бөгөөд иргэдэд оногдох зүйл байсангүй. Сүүлийн 2 жилд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд иргэд 550,0 гаруй тэрбум төгрөг илүү төлсөн тооцоо гарсан гэдгийг ч мөн танилцуулав.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр Л.Бямбасүрэн суллагдлаа-

“ETV” телевизийн уран бүтээлчдийн хийсэн “Төөрөлдсөн тавилан” баримтат нэвтрүүлэг оны өмнө цэнхэр дэлгэцнээ гарч олны сэтгэлийг баярлуулж, үзсэн хүн болгон нулимс дуслуулж суусан цаг саяхан. Тодруулбал, уг нэвтрүүлгээр 33 жилийн өмнө алс хол Баян-Өлгий аймагт айлд өргөгдсөн Мөнхзаяа хүү, хорих ангид ял эдэлж байгаа төрсөн ээжтэйгээ уулзсан билээ. Хүний амьдралын эрээн бараан, жаргал, зовлонг баримттайгаар өгүүлсэн уг нэвтрүүлгийн гол дүр болох Л.Бямбасүрэн өдгөө 59 настай. Тэрбээр 2004 оны есдүгээр сард аргагүй хамгаалалт хийж нөхрийнхөө аминд хүрснээр өнөөг хүртэл торны цаана суусан ажээ. Харин түүнд шүүхээс эрүүгийн хуулийн 91.2 дугаар зүйл ангид зааснаар 18 жилийн хорих ялаар оноосон байдаг. Түүнийг яагаад хүн амины хэрэг үйлдэх болов гэдэг асуултад тус нэвтрүүлэг бүрэн хариулт өгсөн. Энэхүү баримтат нэвтрүүлгийг үзсэн хүн болгон Л.Бямбасүрэнд өршөөл үзүүлээсэй хэмээн хүсч байсан биз ээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Л.Бямбасүрэнд уучлал үзүүллээ. Л.Бямбасүрэнг эдлээгүй үлдсэн хорих ялаас нь бүрэн чөлөөлснөөр ийнхүү эрх чөлөөтэй болж байгаа нь сайхан явдал. Олон түмэн Ерөнхийлөгч нүдээ олсон өршөөл хэмээн ам сайтай байна. Хүйн холбоотой ээж, хүү хоёр өдгөө хамтдаа амьдрах болсон сайхан мэдээг дуулгаж буйдаа баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “Монгол Улсын үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн харъяат, регистерийн дугаар .......... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 407 дугаар ангийн ялтан, Боржигон овогт Лүндэнгийн Бямбасүрэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсүгэй. Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэжээ.

 

-Хатаасан жимснээс өт гарч, алимнаас хачиг илрэв-

Монголчууд бид шинэ он, хаврын тэргүүн сараа угтан Цагаан сарын баяраа тэмдэглэн угтдаг заншилтай билээ. Өнөө жилийн сар шинэ хоёрдугаар сарын 18-ны өдөр битүүрч, шинийн нэгэн 19-ны өдөр тохиож буй. Баярын өдөр дөхсөн энэ өдрүүдэд дэлгүүр, захаар хөл хөдөлгөөн ихтэй байна. Уламжлалт баяраа тэмдэглэх гэж өөрсдийнхөө хүрээнд иргэд бэлтгэлээ базаадаг. Хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөөрөө хуурамч, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн авах явдал мэр сэр гардаг. Тэгвэл ийм хэрэг гаргахгүй нь тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Сар шинийн баяр" болох гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүрэгт сүү, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаад хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх үүрэг болгосон юм. Уг үүргийн дагуу хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд иргэддээ сэрэмжлүүлж зарим шалгалтын үр дүнг танилцуулъя. 1. Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар дүүргийн хүнсний захууд, хүнсний худалдаа эрхэлдэг 33 аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 162 иргэн хамрагдсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээний бичиггүй худалдаалах, хүнсний ногоо, өндөг, мах, сүү, цагаан идээг мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, жингийн баталгаажилтгүйгээр борлуулах зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ. Мөн цагаан будаа, элсэн чихэр, хадны чанамал, хүнсний ногоо, жимс, жимсгэнээс 8 дээж, цагаан идээ, мах махан бүтээгдэгдэхүүн, бууз баншны 23 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан, хүнсний худалдаа эрхэлдэг 23 аж ахуйн нэгж, иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байна. Уг Шалгалтаар хадгалах хадгалалтын хугацаа дууссан 2 нэрийн 16 ширхэг,9 хайрцаг, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, шинжилгээ баталгаажилтгүй, улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн 4 ширхэг зөгийн бал, тусгай зөвшөөрөлгүй худалдаалсан 5 төрлийн, 37 ширхэг архи, 11 төрлийн 82 хайрцаг тамхийг хураан авчээ. 2. Булган аймгийн Булган сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт худалдаалж байсан хаяг, шошгогүй, долоон кг-аар савлагдсан хатаасан жимснээс өт илэрчээ. Иймд тус дэлгүүрт худалдаалагдаж байсан нийт 56 кг хатаасан жимсийг хураасан байна. Мөн Бугат, Булган сумдын зарим дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан хэрэглэх болон хадгалах хугацаа нь дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 72 нэрийн 870 гаруй мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан, устгажээ.

-Еэвэн буюу саран боовны нууц ухаанаар Монголчуудыг сөхрөөсөн Хятадуудын ухаан өнөөдөр бэлэгдлийг минь бөхөөх гээд байна уу-

Монголчууд бидний эртнээс уламжлагдан ирсэн цагаан сарын баяр ойртох тусам хүмүүс сар шинэдээ бэлдэн завгүй болж байна. Хэдийгээр эдийн засаг тийм ч сайнгүзй байгаа ч уламжлал, мөн сайн цагийн түрүүч хэмээгдэх хаврын урийг угтан золгох гэсэн сэтгэлээр өнгөтэй өөдтэй бүхнээ энэ баяраар барьж өмсөж, эдэлдэг эртний уламжлалаа хадгалахаар тэмүүлсээр байгаа нь нууц биш. Гэтэл хот суурийн газрын цагаан сарын баярыи ширээнд тавигдах идээ будааны дийлэнх нь урд хөршөөс орж ирдэг болсон нь бас учиртай ч юм шиг. Басхүү энэ байдлыг бодож эртний уламжлал соёлоо хадгалсан баяраа хиймээр санагдах. Манай хэсэг зурхайчид саяхан нэгэн мэдэгдэл хийлээ. Их л сонирхолтой энэхүү мэдэгдлийн дагуу түүх соёлоо бага сага сонирхож үзсэн юм. 1990 он гарсаар зах зээлийн эдийн засаг цэцэглэн хөгжсөнтэйгээр холбоотой ч юм шиг. Хэн дуртай нь урд хөршөөс оруулж ирсэн чанартай, чанаргүй бараагаа ард иргэдэд шахах гэсэн улайрал, мөн ёс заншилаа уландаа мартсан /гишгэсэн/ өөрийн өвөгдийн түүхээ мартаж орхисон гашуун үнэн ажээ. Манайхан эртнээс "суурь еэвэн" гэж нэрлэдэг байсан еэвэн өнөөдөр манай идээний дээд хэсэгт байрлах болсон нь Монголын төрийг нэгэнтээ унагасан еэвэн сарын мөн чанар дахин сэргэх гээд байна уу даа гэсэн халаглал төрөх шиг. Монголын дарлалд олон арван жил амьдарсан Хятадууд дугуй еэвэнгийн нууц бичгээр дарсан түүх бидэнд байгаа. Еэвэн гэдэг үгийг монголчилбол "yue bing" (бин, гамбир) буюу "саран боов" гэсэн Хятад үг. Тиймээс ч Монголчууд суурь еэвэн хэмээн нэрийдэж тавгийн идээнийхээ доор хийж дээр нь бидний нэрлэж заншсан "ул боов"-оор даруулж 3-9 үе давхарлан өрж шинэ сараа угтдаг нь ч бас учиртай байсан ажээ. Учир нь энэхүү бэлэгдэл нь Хятадын Еэвэн сарын баяр хэмээх энэхүү бэлэгдлийн баярыг мартахгүй мөнхүү алдсан алдаагаа дахин давтахгүй гэсэн сэтгэлээр сар шинийн баяраараа хэрэглэдэг өвгөдийн бодлогоор ийн өрж хэрэглэдэг нь Хятадыг өлмий дороо байлгах гэсэн санаагаа илэрхийлдэг байсан гэнэ. Тиймдээ ч суурь еэвэн хэмээсэн хэмээн зурхайчид, түүхчид хэлж ярьсаар...

Гэтэл өнөөдрийн нийгэм үүх түүхээ мартсан иргэд хэт туйлшрах хэмээн нэгнээсээ уралдаж еэвэнгээр тавгаа дарж тавьдаг болсон нь уламжлал соёлоо эгээрсэн Хятадын арга ухаанд дарлагдсаар л байх уу. Өнөө биднийцээжээ дэлдэн монгол ухаан хэмээн ярих хэдий ч үнэндээ төр уламжлал, ёс заншилаа үр хойчдоо уламжлуулахгүйгээр яриад байх тийм ч утга учиртай зүйл биш болов уу.

ЧОЙ  /Эх сурвалж: www.bolod.mn/

-Өрхийн орлого нэмэгдэж, 9.3 мянган иргэн ажилгүй байна -

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ оны нэгдүгээр сарын байдлаар ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 2015 оны 1 дүгээр сард 6668 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6721 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 221 буюу 3.4 хувиар, хүүхдийн тоо 234 буюу 3.6 хувиар өссөн байна. Харин нялхсын эндэгдэл 118 болж, өмнөх оны мөн үеийнхээс 32 хүүхэд буюу 37.2 хувиар, 5 хүртэлх насандаа 141 хүүхэд энджээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 49.6 мянга болсны 27.1 мянга нь эмэгтэйчүүд юм. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 35.8 мянга нь ажилгүй иргэд болж өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 19.6 мянга буюу 54.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 1 сард ажилгүй 8.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 585 иргэн ажилд зуучлагдан орж, 9.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.0 хувийг магистр, доктор, 32.5 хувийг дипломын болон бакалаврын, 6.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.9 хувийг суурь, 42.9 хувийг бүрэн дунд, 2.0 хувийг бага боловсролтой, 0.7 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна гэв. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 22.8 мянга буюу насны залуучууд байна. Харин эдийн засгийн хувьд үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 21,8 их наяд төгрөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 15,5 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос оны үнээр 14,3 хувь, зэрэгцүүлэх үнээр 7,8 хувиар өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2015 оны нэгдүгээр сард 366,4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 46,8 тэрбум буюу 11,3 хувиар буурахад хөрөнгийн зардал 4 тэрбум төг буюу 6,1 хувь, хүүгийн зардал 5,4 тэрбум төгрөг буюу 21,5 хувиар өссөн хэдий ч татаасын зардал 13,1 тэрбум буюу 8,3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

-М.Энх-Амгаланг Улсын Ерөнхий прокуророор томиллоо -

 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлсэн. Энэ асуудлыг өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсний дараагаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн юм. Гишүүдийг асуулт асууж санал хэлсний дараагаар УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж улмаар М.Энх-Амгаланг Улсын Ерөнхий прокуророор томиллоо. М.Энх-Амгалан нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, 6 дугаар сургуульд тус тус суралцаж, 1982-1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Мөрдөн байцаах дээд сургуульд хууль зүйн бакалавр, 2003 онд Оросын Холбооны Улсын МКСВУЗ-д хууль зүйн магистрын зэргийг тус тус эзэмшсэн.

Дээд боловсролтой. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байсан.

-Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоно -

Японы мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтыг эвдэн, дээд зиндаанд 33 удаа түрүүлсэн 69 дэх их аварга Монгол Улсын гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ. Сар шинийн баяр болж байгаатай холбоотойгоор Хакухо М.Даваажаргал энэ сарын 15-ны өдөр эх орондоо ирэх юм байна. Түүнд 2015-02-17-ны өдрийн 12 цагт Хөдөлмөрийн баатар цол гардуулахаар болсон юм. Эх орныхоо нэрийг арлын Японд гаргаж яваа Хакухо М.Даваажаргалд баяр хүргэх хэн бүхэн 2015-02-17-ны өдрийн 12 цагт Чингисийн талбайд ирж баяр хүргэх боломжтой юм.

Хакухо М.Даваажаргал найман жилийн тэртээ 22 насандаа мэргэжлийн сумо бөхөөр Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон бахдам амжилтын эзэн юм. Мөн гарамгай барилдааны гурав, дайчин барилдааны хоёр, уран барилдааны шагнал тус тус хүртэж байсан. Түүний нөр их хөдөлмөрийг үнэлэн 2007 онд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээсэн билээ.