Америк мөрөөдөл

Америк мөрөөдөл гэх хэлцийг Холливуудын кино, утга зохиолоос дуулаагүй хүн ховор. Гудамжны реппэрүүд ч дуундаа үглэдэг энэ үгээр Барак Обама номоо гарчиглаж байв. Ягшмал тодорхойлолт байхгүй ч америк мөрөөдөл бол гарвал угсаа, арьсны өнгө, нас, хүйс, шашин шүтлэгээс үл хамааран хүн бүрт тэгш боломж, зорилгодоо хүрэх бүхий л бололцоог олгох идеал буюу үзэл санаа, үндэстний нь хүсэл эрмэлзэл юм. Нөгөөтээгүүр хүн өөрийн цуцашгүй хөдөлмөр, сонголтоор ямар ч амжилтанд хүрч болно гэсэн итгэл үнэмшил, түүнийг гүйцэлдүүлэгч зөв тогтолцоог илтгэдэг. Америк мөрөөдлийн суурь философи нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхагт шигтгээстэй байдаг ажгуу. Улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөө, эрх зүйт ёс, хувийн өмч бол америк мөрөөдлийн үндэс суурь нь юм. Хоёроос цөөнгүй хүүхэд, хувийн хаус, том жийп, ажилтай орлоготой дундаж гэр бүл бол америк мөрөөдлийн хялбаршуулсан бэлэг тэмдэг бөгөөд энэ дүр төрх америкчуудын тархинд бага балчир наснаас нь зураастай байдаг. Америк мөрөөдөлдөө бид хүрч чадаж байна уу хэмээн тэд бие биеэсээ асууж, үндэстнээрээ хамт тэмүүлэх хүсэл мөрөөдлийнхөө бэлгэ тэмдэг, нэг төрлийн дэнс болгох ажээ.
 

Хятад мөрөөдөл


Хятадын нэн шинэ түүхэнд хамгийн хүчирхэг, шударга гэсэн нэр хүндийг богино хугацаанд олж авсан Си Зиньпин 2012 оны 11 сард Хятадын Коммунист Намын даргаар сонгогдсон даруйдаа “Хятад мөрөөдөл” гэсэн цоо шинэ үзэл санааг тунхаглажээ. Нэг ёсондоо Дэн Сяо Пиний Нээлттэй хаалганы бодлогоор амжилттай замнаж 21-р зуунтай золгосон хятад үндэстэнд дахиад шинэ мөрөөдөл, шинэ бодлого, шинэ үзэл санаа, шинэ оргил, шинэ хэмжүүр хэрэгтэй болсон яг л энэ торгон мөчид Си Зиньпин Хятад мөрөөдлийг тунхагласан нь чухам цагаа олсон гэлтэй. Си Зиньпин энэхүү шинэ идеологио “Хятад үндэстний сэргэн мандалт, хятад хүний амьжиргааны түвшнийг сайжруулах, хөгжил дэвшил, илүү сайн нийгмийг цогцлоох болон цэрэг армийг хүчирхэгжүүлэх” хэмээн томьёолсон байна. Хятад мөрөөдөл гэсэн хоёр үгийг уриагаа болгосон даруй хэвлэл мэдээллийн гол эх сурвалжуудаар үзэл санааг нь түгээн дэлгэрүүлж, төр нийгмийн зүтгэлтнүүд ч бүх шатанд тогтмол хэрэглэн хэвшиж, Хятадын нийгэм дахь хувь хүний эрх үүрэг, эзлэх байр суурийг тодорхойлдог болжээ.

Энэ хэллэгийг анх Нью-Йорк таймс сонины тоймч Томас Фридманы бичсэн “Хятадад өөрийн гэсэн мөрөөдөл хэрэгтэй” нэртэй нийтлэлээс үүдэж Хятадад дэлгэрсэн гэж үзэх нь бий. (эл зохиогчийн “The World is Flat” ном “Дэлхий бөөрөнхий биш” нэрээр 2007 онд Монголд хэвлэгдсэн) Нэр нь л төстэй болохоос Америк мөрөөдлөөс хэлбэр, агуулгаар тэс өөр, гэхдээ улс үндэстэндээ нэгдмэл идеал, мөрөөдөл бэлэглэж, бүгдийг нь нэг зүгт уриалан дуудаж чадаж буйгаараа зорилго нэг гэлтэй.

Хамгийн сонирхолтой нь Си Зиньпин хоосон гоё лоозон хэлсэнгүй. Тэрбээр Хятад мөрөөдөлтэй уялдуулж “Хос 100” (Two 100s) нэртэй маш тодорхой хоёр зорилт, хөгжлийн стратеги дэвшүүлжээ. Эхний зорилт нь 2021 он буюу ХКН-ын 100 жилийн ой тохиох үед moderately well-off society (xiaokang) буюу дунд зэргийн чинээлэг нийгэм цогцлоох тухай бол хоёр дахь зорилтоо Хятадыг орчин үежүүлж, үсрэнгүй хөгжүүлэх зорилгын хүрээнд 2049 он буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор fully developed nation буюу өндөр хөгжилтэй орон болно гэж тодорхойлжээ.

Дунд зэргийн чинээлэг нийгэм цогцлооно гэдэг нь томоохон хотууд төдийгүй хөдөө орон нутгийн иргэд ч өндөр түвшний амьжиргаатай болох тухай юм. 2010 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 2021 он гэхэд хоёр дахин нугалж, орон нутагт буй иргэдийг хотжуулж (ойролцоогоор 1 тэрбум буюу хятадын хүн амын 70%) дуусгах зорилт тавьжээ. Модернизаци буюу орчин үежүүлэлт гэдэг зорилтоо шинжлэх ухаан, технологи болон эдийн засаг, бизнесийн салбарт дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэхээс өгсүүлээд Хятадын соёл иргэншил, соёл, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх бодлогыг хамааруулж, хүний хүчин чармайлт, хөгжлийн асуудалд төрөөс идэвхийлэн оролцоно хэмээн маш тодорхой томьёолсон байна.

Олон улсын хөрөнгө оруулалтын банкир Роберт Күн Хятад мөрөөдөл нь дөрвөн хэсгээс бүрддэг гэж Нью-Йорк Таймс сонинд бичжээ: 1. Хүчирхэг Хятад орон (эдийн засаг, улстөр, гадаад бодлого, шинжлэх ухаан, зэвсэгт хүчин); 2. Соёл иргэншсэн Хятад орон (тэгш байдал, шударга ёс, баялаг соёл, өндөр ёс суртахуун); 3. Эв нэгдэлтэй Хятад орон (нийгмийн анги давхаргууд хоорондоо эв найртай байх); 4. Үзэсгэлэнт Хятад орон (эрүүл байгаль орчин, агаар, төрөл бүрийн бохирдлыг багасгах);

Үндсэндээ маш тодорхой зорилт тавьсан удирдагчынхаа уриалга дор хятад үндэстэн нэг зүгт харж, тэмүүлж чадаж байна. Хятад мөрөөдөл гэдэг үг өдгөө www.baidu.com хайлтын системийн хамгийн их эрэлттэй түлхүүр үгсийн нэг болсон нь үүнийг илтгэнэ. (Бээжинд буугаад мордсон гийчин Хятадын аль ч сувгаар Beautiful China нэртэй Хятадын үзэсгэлэнт байгалийн зураглал, рекламыг үзэхгүй өнгөрөх аргагүй)

Урд хөрш хөгжлөө олон арван жилээр тодорхойлж байна. Тэд Great renewal of Chinese nation хэмээж үндэстнээ шинэ эрч хүч, шинэ өнгөөр тодорхойлж байна. Tэд дэлхийд тэргүүлэгч үндэстнийг шинээр бүтээж байна.
 

Монгол мөрөөдөл... Бид хаашаа зүглэнэ вэ?

Pax Mongolica хэмээх бүтэн эринг хүн төрөлхтний түүхэнд мөнхөлсөн Монголын эзэнт гүрний мандан-бадралын үеэс хойшхи бидний амьдарч буй 21-р зуун бол яах аргагүй шинэ Монголын дахин-сэргэн-мандалтын зуун мөн. 20-р зууны эхэн үеийн Монголын төрийн зүтгэлтнүүд тухайн үед бидэнд “ногдсон” хамгийн боломжит идеологийг нутагшуулж, тусгаар Монгол улсын төлөө хэмээх үндэстний их хүсэл тэмүүлэл дор үйлдвэржилт, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёл, боловсрол, хотжилтод маш тодорхой зорилтууд тавьж, улс нийтээрээ НЭГ ЗҮГТ харж, уйгагүй хөдөлмөрлөсний дүнд орчин үеийн Монголын суурийг тавьж чаджээ. Тэд тавьсан зорилгодоо ХҮРСЭН. 90-ээд оны Ардчилсан хувьсгалынхан ч түүхэн гавьяагаа байгуулж, тусгаар тогтнолыг бүрэн утгаар нь тунхаглаж, ардчилсан нийгмийн суурийг тавихдаа бүхэл үндэстнээрээ НЭГ ЗҮГТ хамтдаа тэмүүлж, хөдөлж чадсан.

Үндэстний хүсэл эрмэлзэл бол үндэсний язгуур эрх ашгаар эрэмбэлэгдэж байнгын усалгаа, зөв манлайллыг эрж хайж байдаг. Шилжилтийн нугачаа, даяаршлын эринд алдагдсан үнэт зүйлүүдээ хайж, үндэстний цоо шинэ ялгарлыг цогцлоох учраа дээр дооргүй олохгүй хөл алдаж байна.

Бид өнөөдөр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулж, капитализмын замаар замнаж буй мэт боловч яг үнэндээ дээрх хоёр замналаасаа байнга хазайж байна. Одоо “мөрдөгдөж” буй Монгол улсын хөгжлийн бодлого бол сонгуулийн дөрвөн жилд зориулсан амлалтын жагсаалт төдий юм. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого хэмээх сүржин нэртэй бичиг баримт байдаг боловч ард нийтийн хүсэл зоригийн илэрхийлэл болж чадсангүй. Агуулга, зорилт нь чухам юу байдгийг энгийн иргэд байтугай төрийн түшээд өөрсдөө ч ойлгоогүй, мөрдөөгүй, итгээгүй.

Улс орон байтугай хувь хүн, гэр бүл, компаниуд ч урт хугацааны төлөвлөгөө гаргаж хөгжлөө тодорхойлдог нь үсрэнгүй орнуудын амжилтын хэв маяг. Бид бүх шатандаа төлөвлөгөөгүй, хариуцлагагүй нийгэмд бужигналдаж байна. Ажил хэргийн уулзалтад оролцогч талууд ирэх эсэх нь 50 хувь эргэлзээтэй, Засгийн газар нь ямар ч шийдвэрээ дуртай цагтаа өөрчлөх магадлалтай, төгрөгийн ханш хэрхэн өөрчлөгдөхийг нэг жилийн өмнө байтугай сарын өмнө мэдэх боломжгүй байдгаас ихэнх компани ядаж л нэг жилийн төлөвлөгөө гаргахдаа бэрхшээлтэй тулгарна. Хувь хүн, компани байтугай угаас улс орон маань хаашаа явж байгааг ч мэдэж байгаа хүн байхгүй байна. Зарим нь социализм байгуулахаар шулуудаж, зарим нь ардчиллаас ухарч байна. Бид Канад, Австралийн хөгжлийн замналаар явах гээд байна уу эсвэл мэдлэгийн эдийн засагт суурилсан Япон, Солонгос шиг болох гээд байна уу? Скандинавын орнуудын нийгмийг цогцлоох гээд байна уу эсвэл Монголын гэсэн өөрийн хэв маягийг тодорхойлж байна уу? Хэрэв тийм бол тэр нь тэгээд юу вэ?

Үндэстний хүсэл тэмүүллийг тэргүүлэх сэхээтний олонлогууд ба ард түмний сонгосон төлөөлөл зүгшрүүлж, манлайлдаг. Монголын төр ба тэргүүлэгч улс төрийн нам, хүчнүүд үндэстнийхээ хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил, үнэт зүйлийг огоорч, тэднийг мохоож байна.

Манай үндэстний амбиц буюу үндэстний хүсэл мөрөөдөл юу вэ? Тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын дараагийн зорилт юу байх вэ? Бидэнд яг одоо улс үндэстнээрээ хамтдаа тавьсан зорилт, хүрэх оргил, түүнд хүрэх хөгжлийн загвар, тавьсан огноо байна уу? Манай үндэстний соёлын бодлого юу вэ? Бид нэг хүнд ногдох ДНБ-ийг хэзээ арав дахин өсгөх вэ? Бид хэзээ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ тоонд багтах вэ? Хэрэв очих бол ХЭЗЭЭ вэ?

Үндэстний хүсэл эрмэлзэл, түүндээ тулгуурласан биелэгдэхүйц, цаг хугацаатай, тооцоо судалгаатай, гуйвшгүй хөгжлийн бодлого, зорилтуудаа тодорхойлж, улс үндэстнийхээ хувьд гүн бат итгэл үнэмшил олж аваагүй цагт бид наад захын жижиг асуудлуудад ч ямагт нийгмээрээ талцаж, хөгжлийн эрчийг өөрсдөө чангааж суух өнөөгийн дүр зураг үргэлжилсээр байх болно. 

(Үргэлжлэл бий...)
 

Cистемийн шинжээч  Д.Сайнбаяр 

http://twitter.com/dsainbayar

- See more at: http://society.time.mn/content/53854.shtml#sthash.6jW3vGfp.dpuf