Элгээрээ хэвтсэн эдийн засгийг өөд татах тулгуур хүчин зүйлийн нэг хэмээн найдаж байсан Тавантолгой таг суулаа. Ядахад гайгүй төсөл төлөвлөгөө наашлуулж, гаднын хөрөнгө оруулагчидтай ойлголцож байсан Я.Батсуурь захирлыг бариад хорьчихоор юун эдийн засгийн байдал сэргэх манатай. Бүр ч уруудаж эхэллээ. Стратегийн орд газрын түншлэлүүд ч манайхаас айж эхлэв. Гэрээ хэлцэл хийж, ид ажил нугалж байгаа түншлэлийг нь бариад хорьчихоор айхаас өөр аргагүй. Үүний зэрэгцээ татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком ЖР нарт ял өгчихсөн үе ч давхцав. Энэ нь гаднын хөрөнгө оруулагчдад томоохон цохилт болсон байж таарна.

 

     Тэгснээ гэнэт Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд уучлал үзүүлсэн. Энэ явдал нь ч сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Яллачихаад хэдхэн хоногийн дараа өршөөчихөөр энэ Монгол Улсын хууль дүрэм, эрх баригчид гэж ямар янзын толгойтой, бодлоготой юм бэ гэж хэн ч айж сүрдмээр. Үнэнийг хэлэхэд манай эрх баригчдын энэ байдал нь харийнханд яг л галзуу солиотой хүн шиг харагдаж байгааг нуух хэрэггүй.  

 

    Хамгийн сонирхолтой нь энэ мэт галзуу солиотой үйл явдлын дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлыг хорьсон. Харин хорьсныхоо дараа эрх баригчид маань Тавантолгойн үйл ажиллагааг сэргээнэ. Энд л манай эдийн засгийг босгох том боломж бий гэж ярих нь бүр ч галзуу солиотой сонсогдоно.  

 

    Үүний зэрэгцээ Монгол Улсын сайд гэсэн тодорхой хийх ажилгүй нэг албыг бялуу хуваах хүрээнд гаргаж ирэв. Үүнд нь “Шударга ёс” эвслээс олон жил лааз өшиглөсөн М.Энхсайханыг тавьчихлаа. Тэрээр Тавантолгойн төслүүдийг гацаанаас гаргана, алаад өгнө, мандуулаад өгнө хэмээн гарч ирэв. Намын квотоор сайдын суудалд очсон энэ нөхөр л бүхнийг мэддэг баатар болж, нэгэнт өөрийн жамаар явж байсан төсөл төлөвлөгөөг нурааж, сүүлдээ Я.Батсуурийг хориход ч нөлөөлөл үзүүлчихэв үү яав гэж хардахад хүргэнэ.

 

     Үнэнийг хэлэхэд анх өр ширнээс нь эхэлж энэ ажилтай ноцолдсон Я.Батсуурь л энэ ажлын ар талд гарч чадах байв. М.Энхсайханы хувьд намын квот дагуу энэ суудалд орж ирсэн. Үнэндээ үүнийг хий гээд хэлчих ажил үгүй сул суудал юм. Шадар сайд нь байна. Бусад салбар хариуцсан сайдууд нь олон дэдүүд туслахтайгаа ажиллаж байхад М.Энхсайхан шиг хэрэггүй хүн энэ Засгийн газарт байсангүй. Энэ байдлыг ойлгосон Ч.Сайханбилэг бантахдаа Тавантолгой төслийг гацаанаас гаргах үүрэг өгчихсөн хэрэг. Гэтэл М.Энхсайхан гэгч нь бүхнийг мэддэг баатар болж дайраад байхаар өмнөх ярьсан хэлсэн нь үгүйсгэгдэж, дараа дараагийн ажил улам чөдөртэй болж байх шиг. Энэ тал дээр УИХ-ын дарга З.Энхболд хүртэл анхааруулж хэлсэн дээ.

 

     Тавантолгой төсөлд үнэн хэрэгтээ сонгуулийн мөнгө босгохоор орж рсэн нам дамжсан гомдогсод гологсод огт хэрэггүй. Анхнаасаа ажилтай нь зууралдсан Я.Батсуурь нь л хэрэгтэй юм байгаа биз дээ.

 

А.Гал