УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-аас гарч, шинэ нам байгуулж буйгаа сүр дуулиантайгаар мэдэгдэв. Энэ нь түүний тус намаас гарч буй хоёр дахь тохиолдол.

Тэрбээр анх 2004 онд  АН-аас гарч Ард түмний намыг байгуулан сонгуульд оролцож байв.

Тухайн үед эрх мэдлийн хувиарлалтаас болж АН-д гоморхож хаяж явчихаад  хэрэгт холбогдож УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь асуудалд хөндөгдөөд ирэнгүүт “Эргээд намдаа оръё” гээд 2008 онд ирсэн байдаг.  Энэ үед тэрбээр аврал хайж АН-д элссэнээр УИХ-ын гишүүнийхээ суудалд үлдэж чадсан юм.

Л.Гүндалай тэр үед “Төөрсөөр төрөлдөө гэгчээр хуучин намдаа эргэж ирлээ. Ард түмний намын хувьд бид Ардчилсан намтай эвсэх, нэгдэх асуудлаар олон удаа ярилцсан. Ард түмний намын нөхөд маань нэгдэхгүй гэсэн байр суурьтай байгаа учир би намаасаа гарч, АН-даа эргэж ирж байгаа юм. Өмнө нь мөн энгийн байдлаар АН-д элсэж байсан. Өнөөдөр ч мөн ийм шийдвэр гарган, ямар ч болзолгүйгээр намдаа эргэж элсэж байна...” гэж байв. Түүнийг ингэж хэлсний дараа АН-ын дарга Ц.Элбэгдорж  шинэ гишүүнийхээ батлах дээр гарын үсгээ зуран гардуулж байсан санагдана.

Гэтэл тэрбээр 2004 онынх шигээ туйлбаргүй үйлдлийг  энэ удаа давтан гаргав. Ингэх болсон нь ч цаанаа учир шалтгаантай гэнэ. Нэр нүүрээ бодолгүй дахин намаасаа гарч буй нь бас л эрх мэдлийн хувиарлалтаас болсон аж.

Тэрбээр сүүлийн хэдэн жил АН-д ихэд гомдож яваа гэнэ. АН 2012 оны сонгуульд ялж Засгийн эрх барингуутаа Л.Гүндалайд эрх мэдэл хувиарлаагүйд нь тэрбээр ингэж их дургүйлхжээ. Энэ талаараа ч тэрбээр хэд, хэдэн удаа намынхаа нөхдөд хэлж гомдоллосон байна. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын үеэр тэрбээр “Ардчилсан нам Засгийн эрхэнд гарангуутаа эрх мэдлийн хувиарлалтаа буруу хийсэн. Үүнд нь гомдоллосон хүмүүс хэл, ам гаргаад байгаа юм шүү дээ. Тэдний нэг нь би. Би сайд болмоор байна. Намайг ямар ч эрх мэдэлгүй, мөнгөгүй ес, аравхан хүнтэй боомтын даргаар томилчих юм” хэмээн ярьсан гэдэг.

Энэ мэт намдаа гомдож явтал удалгүй хамтарсан Засгийн газар байгуулагдаж өөрийг нь боомтын даргаас мулталж орхижээ.

Ингээд түүний гомдол улам хурцдаж намаасаа гарахаар шийдсэн бололтой. Тэрбээр энэ талаараа “Аливаа нэг зүйлийн төгсгөл нь нэг зүйлийн эхлэл байдаг. Би шинээр эхэлж байна. Би улс төрийн шинэ үйл явдлыг эхлүүлнэ. Улс төрийн цоо шинэ нам байгуулахыг зорьж байгаа” гэв.

Тэрбээр мөн ирэх 2016 оны сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байгаа аж. Тиймээс шинэ нам байгуулахаар болжээ. Шинэ нам байгуулах үйл явцаа Эрдэнэтээс эхлүүлнэ гэж буй. Л.Гүндалай Эрдэнэт хотын оршин суугч болж байгаа бөгөөд маргааш нүүх юм байна.

Эрдэнэт хот руу нүүж буй шалтгаанаа тэрээр “Хөвсгөлөөсөө нэр дэвшиж болох байсан. Гэсэн ч намын дарга болж байгаа учраас хоттой арай ойрхон байхгүй бол болохгүй. Наашаа ирэх ажил байнга гарах болно. Тиймээс Хөвсгөл арай холдоод байгаа” тайлбарласан.

Гэхдээ орон нутгийн иргэд түүнийг Хөвсгөлд нэр дэвших нүүргүй бас гарах магадлал багатай хэмээн ярьж байна.

Т.Хулан