Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулчихаад “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа шиг “Одоо минийх боллоо” гэж суусан Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаан дээр санаандгүй хатуу сургамж авсан юм. 
 
УИХ-ын гишүүн Г.Уянга “Та юунд энэ УИХ руу нулимж байдаг юм бэ? Өнөөгийн энэ улстөрийн хямрал, үүний шалтгаан нь та. Энэ бол таны 25 жил тарьж ургуулсан үр, таны 25 жилийн ажлын үр дүн. Энэ улс чинь эзэнтэй, парламентын засаглалтай юм шүү. Та тайлангаа яагаад тавихгүй байна. Хуулиар Та УИХ-д ажлаа хариуцах ёстой, тэр тайлангаа тавь” гэж хатуу шаардсан. Энэ үг УИХ-ын бүх гишүүдэд “Хэн нь эрх баригч вэ?” гэдгийг сануулсан үйл явдал болж, тэр орой бүгдээрээ бүр АН-ынхан ч оролцож Г.Уянга гишүүний үгийг тэмдэглэжээ. Ард түмний дунд тархсан ойлголтоор Ерөнхийлөгч халдашгүй дархан эрхтэй, төрийн тэргүүн гэгддэг ч Монгол Улсын Үндсэн хуулиар парламентын засаглалтай улс учраас Ерөнхийлөгч жил бүр УИХ-ыд тайлангаа тавих хуультай гэдгийг Монголчууд тэгэхэд л мэдсэн юм.
 
Ерөнхийлөгч чуулганаас тэгсгээд гарсан бөгөөд маргааш нь бичгээр тайлан хүргүүлсэн байна. Гэвч энэ нь хангалтгүй байсан бололтой Г.Уянга гишүүн Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавина гээд “Үндсэн хууль” зөрчсөн хэд хэдэн алхам хийсэн гэж мэдэгдсэн билээ. Удалгүй иргэд Ерөнхийлөгчийн “Үндсэн хууль зөрсөн эсэх” асуудлаар цэцэд хандаж маргаан үүсгэсэн юм. Учир нь УИХ гишүүн цэцэд хандахыг хуулиар хорьсон байдаг. 
 
Үүний дараа л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган нээгдэхээр тайлангаа тавина гэж мэдэгдсэн ба энэ баасан гарагт тайлангаа тавихаар товложээ. Харин энэ зуур парламент ба цэц, Ерөнхийлөгчийн институцийн хооронд маргаан дэгдээд байна. Парламентын гишүүд тайлангийн үеэр асуулт асуух эрхтэй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгч асуулт асуулгахгүй байхаар бүхнийг хийж байна. Хэрэв З.Энхболд Ерөнхийлөгчийг хамгаалж гарахгүй бол огцруулж оронд нь Р.Амаржаргалыг томилуулахаар болсон гэсэн мэдээлэл улстөрийн хүрээнд яригдаж байна.
 
Энэ маргаанд Засгийн газар ч татагдан орсон бөгөөд “Оюу толгой” төслийн асуудлаар хууль зүйн болон олон нийттэй харилцах асуудлаар зөвлөгөө авах зорилгоор 17,5 тэрбум төгрөг төсөвлөсөн нь илэрч улстөрийн хямрал хурцадсан билээ.ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогтыг парламент хамгаалж үлдсэн ч энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй гарцаагүй холбох олон мэдээллүүд хөвөрч байна. Р.Пэйнтэр бол АНУ-ын ТЕГ-ын мэдээлэгч агаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой эртний гүн гүнзгий холбоотой тухай материалууд хэвлэл мэдээллээр тасралтгүй гарч байна. Мөн “Оюу толгой” төслөөс худалдан авсан байрныхаа мөнгийг шилжүүлсэн асуудал ч тархаад байна.
 
Харин ангийнхан нь Г.Уянга гишүүнийг “Ерөнхийлөгчийг хүмүүжүүлэгч” гэж нэрлэдэг болжээ. Ардчилсан хувьсгалаас хойшхи 25 жилийн хугацаанд нэг ч Ерөнхийлөгч УИХ-д тайлангаа тавьж байгаагүй, өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн энэ заалтыг мартчихаад байсан юм. Харин анх удаа УИХ-ын гишүүн Г.Уянгын шаардлагаар Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж парламентын хуралдаанд тайлангаа тавих гэж байгаа нь энэ долоо хоногийн улстөрийн хамгийн чухал үйл явдал болох юм.
 
Хэрэв Ерөнхийлөгчийн тайлангийн талаар УИХ-д хэлэлцүүлэг явагдахгүй бол тайлан тавих буруу жишиг тогтож мэднэ гэж хуульчид сануулж байна. Ерөнхийлөгч УИХ-д тайлангаа тавьж байгаа нь ард түмэнд тайлагнаж байгаа хэрэг, төлөөллийн ардчиллын зарчмаар тайланг ард түмнээс сонгогдсон УИХ-д тавих ёстой гэсэн агуулгаар энэ заалтыг Үндсэн хуульд оруулсан гэсэн тайлбар гарч байна. Тиймээс ард түмэнд тавьж буй тайлан асуулт хариултгүй өнгөрвөл жинхэнэ утгаараа “Дүр эсгэсэн ардчилал” бий болсныг харуулна. 
Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг байнга тавьж, маш хүчтэй шахалт үзүүлснээр “өөрчлөх ёстой” гэсэн шийдвэрийг парламентаас гаргуулчихаад байгаа Г.Уянга гишүүн шүүмжилдэг Үндсэн хуулиа хуулиа цэцээс ч илүү сахиулж байна гэж гишүүд тоглоом хийдэг болжээ. 
 
Х.Сүрэн