МАН УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор намын жагсаалтыг байхгүй болгож,  100 хувь мажоритар системийг сэргээх санал гаргаад буй.

Энэ нь мэдээж  АН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд таалагдахгүй тул УИХ дээр дэмжлэг авах магадлал тун бага. Иймээс МАН ард нийтийн санал асуулга явуулах замаар өөрсдөдөө ашигтай шийдэл гаргуулах төлөвлөгөө боловсруулж буй гэнэ.
Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлдөө санал авахаар өчигдөр Засгийн газарт хүргүүлсэн юм.

 



МАН намын жагсаалтыг  байхгүй болгосноор  УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-тай саналаа хуваалгүй амжилт гаргана гэж тооцжээ. Учир нь МАХН гэсэн нэр олон нийтийн танил ч тус намд олонд танигдсан, санхүүгийн чадвартай хүн цөөн тул тойрогт өрсөлдөж ялах магадлал бага юм. Харин МАН орон нутагт намын анхан шатны байгууллага нь бэхэжсэн,  санхүүгийн чадвартай хүн олон тул жижиг  76 тойрог бүхий мажоритар хувилбар ялах магадлалыг нэмэгдүүлнэ гэж буй аж.


Э.Мягмардорж