УИХ-ын гишүүн асан,  МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж саяхан өдөр тутмын нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Манай нам, МҮАН хоёр УИХ-ын бүтцийн байгууллагад  ажиллаж буй гишүүдийнхээ дунд сэлгээ хийнэ. Бид Л.Цогийг УИХ-ын дэд даргаас буулгаж, оронд нь МҮАН-аас хүн томилуулна” гэсэн утагтай зүйл хэлжээ.

Гэвч  гавъяат хуульчийн хувьд тэр хувийн байр сууринаас  ингэж хэлээгүй гэдгийг учрыг сайтар мэдэх эх сурвалж тайлбарлаж байна. Урьд нь МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголдоо ирж, Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягтай “нууц” гэрээ хийхдээ намын журмын нөхөр Л.Цогийгоо  “Гэрээг минь  үгүйсгэлээ” хэмээн баахан зангаж байгаад буцсан юм билээ. Тиймээс мань эр Л.Цогийг одоогийн албан тушаалаас нь буулгах арга хайж, тийнхүү Ц.Шаравдоржоороо “сэлгээ”-ний тухай яриулсан хэрэг аж.  Мөн Л.Цог нь ч бас зүгээр байсангүй. Тэрбээр өнгөрсөн сарын сүүлчээр парламентад суудалгүй намуудын /МНН, ЭОНН, ХМХН зэрэг/ дарга нартай уулзаж, Үндсэн хуулийн  өөрчлөлтийн талаар санал солилцох үедээ  тэдэнтэй “УИХ тарах ёстой” гэдэг дээр санаа бодол нэгдэж,  тэдний санааг дэмжсэн нь МАН, АН-ын дарга нарын дургүйг хүргэж орхижээ. Солонгост биеэ эмчлүүлж буй Н.Энхбаяр нь ч тэдний дургүйцлийг  өлгөж  аван “Л.Цогийг УИХ-ын дэд даргаас хусах” төлөвлөгөөг ярилцаж эхэлжээ.  Гэхдээ УИХ-ын дэд даргыг өөрчлөх эрх зүйн боломж одоогоор гарахгүй болов уу. Учир нь энэ албан тушаалд суугаа хүн өөрөө ёс зүйн алдаагүй гаргаагүй, УИХ дахь нам, эвслийн бүлэг нь татан буугдаагүй тул тийм ч амархан суудлаа тавиад өгчихгүй бололтой.

Б.Баяр