Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан болж өнгөрсөн “Эдийн засгийн форум”-ын үеэр Оюутолгой гацаанд орсонд “Бид л буруутай” гэсэн утга бүхий мэдэгдлийг хийсэн.  Энэ нь Оюутолгойгоос 30 сая ам.доллараа авахгүй байхаар Сэм Уолштой тохиролцсоных гэх хардлагыг олон нийтэд төрүүлсэн билээ. Тэгвэл уг хардлага үнэний хувьтай болж таарав. Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит бус хуралдаанаараа Рио Тинтотой “Эвлэрлийн гэрээ” байгуулахыг дэмжсэн гэж эх сурвалж мэдээлж байна.

 

Хаврын чуулган эхлэхийн өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж үг хэлэхдээ “Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын тохиролцоонд хүрч чадлаа. Үр дүнг ойрын үед албан ёсоор зарлах болно” гэж мэдэгдсэн нь тус “Эвлэрлийн гэрээ” байж.

 

Өнгөрсөн сарын сүүлээр манай улсад хоёр хоног саатаад буцсан Рио Тинто группийн гүйцэтгэх захиралСэм Уолш “Санамж бичиг бол хамгийн сайн боловсруулсан, бидний зүгээс буй эцсийн хувилбар” гэсэн ярилцлагыг Монголын хэвлэлүүдэд өгсөн байдаг.

 

Түүний хэлснээс үзвэл бид сүүлийн боломжийг олголоо. Хүлээж авбал ав. Авахгүй бол хохино. Тоглоомоос гарлаа гэсэн утга бүхий зүйл мэдрэгдэж байгаа юм.

 

Гэтэл тэдний санал болгоод буй “Санамж бичиг” нь Монголд ямар ч ашиггүй талаар улс төрчид ярьж байгаа юм. Ингэсэн ч манай талаас тэдний тулган шаардсан шаардлагыг хүлээн авч буулт хийж өгсөн нь тодорхой байна.

 

Хэрвээ Санамж бичгийг байгуулбал хөрөнгө оруулалтын болоод хувь нийлүүлэгчдийн гэрээний 10 зүйл заалт зөрчигдөнө гэж байгаа юм. Тухайлбал, Талуудын үр өгөөжийг баталгаагүй болгоно. Эрчим хүч, усны тарифыг тогтворжуулна. Татварын аргачлал өөрчлөгдөнө, Төслийн санхүүжилтын эх үүсвэр 4.2 тэрбум ам.долларыг Рио Тинто ашиглах эрх нээгдэнэ, Менежментийн үйлчилгээний нэмэлт гэрээ байгуулан нэмэлт төлбөрийг Рио Тинто Монголын Засгийн газраас авна гэх мэт манай талд ашиггүй үйлдэл болно.

 

Мөн анхны хөрөнгө оруулалт болон татварын нийт 30 сая ам долларын өр Монголд төлөгдөхгүй болох магадлал өндөр болно гэж буй. Сэм Уолш Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан нууц уулзалтаараа татварын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх магадлал өндөр байгаа талаар эх сурвалжууд хэлсний нэг илрэл энэ юм.   

 

Дашрамд дурдахад,  Оюутолгой төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын явцад татвар дутуу төлсөн хэргээр Татварын ерөнхий газар өнгөрсөн зургаадугаар сард “Оюутолгой”-д 127 сая ам.долларын акт тавьсан. Улмаар ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс түүнийг 30 сая ам.доллар болгож бууруулаад байсан билээ. Гэхдээ Сэм Уолш монголд ирэхийнхээ өмнөхөн “Рио Тинто” болон “Туркойз хилл ресурс” компанийн зүгээс татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд маргаан шийдэгдэхгүй бол олон улсын Арбитрын шүүхэд хандана гэж мэдэгдсэн юм.

 

Харин буцсаныхаа дараа шүүх, цагдаа, татварын асуудлаар огт дуугараагүй байна.

Т.Хулан