Монголын төр жайжийчихлаа
2015/04/27
Төрийн албан хаагчдыг олноор нь хоморголон халж байна. Хонзогнон халж байна ч гэж болно. Аль яамнаас, аль агентлагаас хэдэн хүн халагдсан нарийн тоо гарах боломжгүй байна. Өдөр өнжихгүй үргэлжилж буй порцесс учраас. Тоймлож мэдээлэхэд ГХЯ-аас лав одоогоор 32 төрийн албан хаагч, Хөдөлмөрийн яамнаас 72 төрийн албан хаагч, МХЕГ-аас 59 төрийн албан хаагч халагдсан... гэх тоо цааш үргэлжилнэ.
ГХЯ гэхэд Консулын газрын дарга, цэрэг, жолооч юутай хээтэй нь халснаар эхэлсэн. Энэ яамны халаа сэлгээ хил даван үргэлжлэх шинжтэй болсон нь сайд Л.Пүрэвсүрэнгийн зүгээс гадаадад суугаа 43 дипломат ажилтнаа өөрсдийн зардлаар ирж, ажлаа өгөхийг шаардсан мэдээлэл юм. Үүгээр зогсохгүй өөр улсад байгаа хэд хэдэн консулын газрыг татан буулгахаар болсон гэсэн. Тэгэхээр дээрх 32 гэсэн тоо хоног хоногоор нэмэгдэх бололтой. ГХЯ-ны халагдаж байгаа албан хаагчдын үед л хоёр хөршийн төрийн тэргүүнүүд шил шилээ даран айлчилснаас эхлээд гадаадад ертөнцөд явуулсан үйл ажиллагааг нь муугаар дүгнэх аргагүй. АН-ын гишүүн сайдаас АН-ын гишүүн сайд халааг нь авсан яам. Гэтэл сонгуулийн дараахь үр дүн шиг, засаглал солигдсон үеийнхэнтэй адилтгамаар халаа сэлгээ явагдаж байгаа нь АН-ын нэр хүндийг ахиад л гишүүд, дэмжигсэдийнх нь дунд унагасан үйл явдал боллоо. Намын өнцгөөр харвал ийм. Харин монгол төрийн ноён нуруу, төрийн потенциал талаасаа бол хамгийн мэргэшсэн боловсон хүчинтэй ГХЯ ингэж суларснаар Монголын төр гадаад харилцаа талдаа лав жайжийчихлаа.
Монгол Улсыг ажилтай-орлоготой байх бодлогыг боловсруулж, шийдвэрийг нь хэрэгжүүлж буй Хөдөлмөрийн яам албан хаагчдаа бас л хуйгаар нь халж байгаа нь хэвлэл мэдээллээс харагдаж байна. Иргэдээ ажилтай орлоготой байлгах үүрэг хүлээсэн төрийн яам нь ажилчдаа ажилгүй орлогогүй болгох үйл ажиллагааг үлгэрлэн харуулж байгаа нь төр яйжийсных.Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институтийг нэгтгэж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээлэл судалгааны үндэсний төв гэж байгуулснаар Хөдөлмөрийн яамны 25 албан хаагч, хуучин ажиллаж байсан байгууллагуудаас 47-н ажилтан (жирэмсний амралттай байсан зургаан хүнд ажлын бус амралтын өдрөөр, оройн цагаар утасдаж хэлжээ) нийт 72 төрийн албан хаагчийг нэг өдөр, нэг тушаалаар, урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт халжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүчин төгөлдөр заалтуудыг Хөдөлмөрийн яам нь өөрөө үл тоожээ. Дээрх халагдсан хүмүүсийн оронд Д.Амгалан нарын хоёр дэд дарга, 7 газрын дарга, 10 хэлтсийн дарга гэсэн албан тушаалыг бий болгож МАН-ын гишүүн 20 хүнийг даргаар томилсон нь улс төрийн зорилготой харагдана. Хөдөлмөрийн яаман дахь хоморголон халалт дээрхээр дуусаагүй юм билээ яамныхаа удирдлагад байсан төрийн албан хаагчдыг 100 хувь халж, улмаар 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг бүгдийг нь, МСҮТ-үүд, барилга техникийн коллежийн захирлуудыг 100 хувь халжээ.
МХЕГ бол иргэдийн хувьд аюулгүй амьдрах нийгмийн баталгаа болсон газар. Нарийн мэргэшсэн, тусгай үүргийн албан хаагчидтай, хуулиар олгогдсон эрх үүрэгтэй төрийн бүтэц юм. Тэнд сая шинэ дарга очсоноор төрийн энэ эрх үүрэг мөн л яйрч жайрч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар МХЕГ-аас нийт 11 албан хаагч халагдах тушаалаа авчээ. Хөдөө орон нутгийн МХГ-аас 35 төрийн албан хаагч, улсын байцаагч халагдсан албан мэдээлэл ирлээ. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар бүгд төрийн албанаас нохой шиг хөөгдсөн байна. Аймгуудын МХГ-ын дарга нарын 80 хувийг халжээ. Энэ бүхэн Монголын төр жайжийж суларсны шинж биш үү.
Энэ мэтээр төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа үйл явц өнөөдөр төрийн бүх яам, тамга, газар хэлтэс, агентлагууд дээр явж байгааг ҮАБЗ анхааралдаа авч Монгол төрийн дархлаанд, цаашилбал аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч байгааг ярилцсан бололтой. Яахыг нь, ямар арга хэмжээ авахыг нь харж байя.
Төрийн ажлыг хэн дуртай нь хийдэггүй юм. Хүссэн хүн бүр яваад орчихдог орчин биш. Одоо үлдсэн цөөн төрийн албан хаагчид нь хэзээ намайг бусадтай маань адил нохой шиг хөөх бол хэмээн айдас дунд ажлаа хийсэн болж байна. Ганц эдгээр ч бус шинээр очсонууд нь ч цаашид ажиллах итгэлгүй, нэг дарга нь ирээд л халах биз дээ гэсэн айдастай өдөр хоногийг өнгөрөөж байна. Төрийн ажил өдөр хоног өнгөрөөсөн байдлаар явах ажил биш. Энэ нь Монгол төрийн дархлаа суларч, төрийн багана жайжийсных. Төрийн албан хаагчдын эрхэнд улс төрийн нам солигдвол халддаг байсан бол одоо нам доторх фракциуд халддаг болсон нь ГХЯ-ны ав хоморголлоос харж болно. Монгол төрийн албан хаагчид очсон дарга сайд бүрийнхээ таалалд нийцэх гэж өмнө нь бөхөлзөж, өвдгөнд нь мөргөж, хойно урд нь нахилзаж, гөлөлзөж байдаг. Монголын төрийн албан хаагчдыг хэн ийм болгож байна гэхээр Төрийн албаны тухай хууль нь ийм байдалд оруулж байгаа юм. Төрийн албан хаагчдад хамаатай, зориулагдсан бүх хууль эрх зүйн орчин нь Монгол төрийн албан хаагчдыг дарамталж байна. Тэднийг ийм хүнд, ичгэвтэр байдалд оруулж байна. Хуулиараа төрийн албан хаагч баяжвал шоронд, ямар бандаашиг авч өмссөнөө хүртэл тайлагнахгүй бол шоронд, хамаатан садан, хань ижил, үр хүүхдүүдийнхээ бизнесийг хүртэл хэлэхгүй бол шоронд. Тэрбайтугай таньдаг, итгэдэг хүмүүсээ ажилд авах юм бол ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчсөн болж шоронд орох нь. Энэ бүх хуулийн нээнтэгээр төрийн албан хаагчдын нурууг бөхийлгөх гэж шүдээ тачигнуулж, нүдээ гялалзуулсан хүмүүс олон боллоо. Энэ нь Монголын төрийг занаж, дорд үзэж байгаа хэлбэр. Төр засгаа ийм хүчгүй болгосон улс оронд л Боко харам бүлэглэлүүд үүсдэгийг бид олон улсаас харж байна. Монголын төрд өстэй хүмүүс одоо үед ямар их бий болов оо.
Монгол төрийн албан хаагчид хэний ч өмнө, ялангуяа очсон дарга бүрийн өмнө солонгос баарны үйлчлэгч шиг үүднээсээ эхлээд бөхөлзөх ёстой болж байна. Өвдгийг нь үнсээд, ширээндээ түшиж суулгаад, эрх хав шиг аяглаж байх шаардлага яригдаад байгаа юм. Тэгвэл Монголын төр хэний ч өмнө бөхөлзөх ёсгүй. Харин Монголын төрийн өмнө хүн бүр бөхөлзөх ёстой. Монголын төр тэнд байна гэж дуулдахад л энд бүгдээрээ навтасхийж байх ёстой. Монголын төр захын хүний өмнө бөхөлзөж байвал Монгол шиг ийм жижиг орны тусгаар тогтнол эргэлзээтэй болно. Монголын төрөөр хэн дуртай нь юу ч хийлгэж чаддаг болно. Харин Монголын төрийн түшмэдийн гарын арван хуруунд ажил нь орчихсон, төр нь иргэдээ дарамталдаггүй, бөхөлздөггүй, гаргах ёстой шийдвэрээ гаргаж, хэнээс ч айлгүй хэрэгжүүлдэг болж байж тусгаар тогтнол маань үнэ цэнтэй, баталгаатай байна. Харин төрийн бүх шатандаа дарамттай, төрийн мэргэшсэн албан хаагчгүй, хоноцын сэтгэлгээтэй хүмүүс орж гарсан, бөхөлзсөн хүмүүсээр дүүрсэн үед л мэргэжлийн бус төрийн бүтэц бий болдог. Өнөөдөр Монголын төр яг ийм байдал руу орж жайжийчихлаа. Ийм төр ард түмэнд ямар хортой байдгийг өнөөдөр бид харж эхэлж байна.
Дууслаа. · 2015/04/29
Жайжийчихсан төрийн дээрээс Элбэгдорж гулсаад унаж байна. Худлаа хоосон чалчсаар байгаад нүх рүү уналаа даа. Хөөрхий сайн хүн байсан гэж хэн ч харамсахгүй дээ.
Зочин · 2015/04/28
2012onii 11 sard 110000 turiin alban haagch ajlaas ni halsan baidag ene chini ariun yavdaluu durakuudaa ajilaa hiij chadahgvi gainuudiig ****uulah heregtei ushuu sain tseverleesei
Зочин · 2015/04/28
Meregjliin hynaltiig taraah heregtei,Mongolchuudiin biznesiin orchind chudur tu**** bolson,hereggyi gazar shyy.Hymyys ni tsomhtgold orood yvbal yvna l biz,ter hireer avligachdiin too bagasana.
Зочин · 2015/04/28
Өнөөдөр л харж байна гэнээ. 1996 оноос хойш сонгууль, аль нэг яамны сайд солигдох бүрд төрийн албан хаагчид хөл бөмбөг больж хувирсаныг одоо л харлаа гэхээр бусад хугацаанд..... Ер нь төрийн алба төрлийн, найз нөхдийн, нутгийн, гээд л талийж өгнө. Одоо төрийн алба бол ямарч чадваргүй, өлбөгөр, дарга нартаа долдойчилсон, яамруу орсон гадны хүнд бол пээдгэр залуучууд л болсон. Мэргэжлийн чадвар турш**********р "0", англи хэлээр 10үгтэй, зарим нь бүр ямар сургууль төгссөн хаана ажилласан нь мэдэгдэхгүй ийм боловсон хүчинтэй төр бол тэнгэрийн дүлийтэй зүйрлэм хэнд ч хэрэггүй хиймэл дүр боловоо.