УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөө өглөө  Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлыг авч  хэлэлцлээ.  Энэ үеэр 2012-2014 оны 11 сар хүртэл Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг шүүмжилсэн үг хэлсэн нь гишүүдийн анхаарлыг татсан юм.


Н.Алтанхуяг :
"Ийм хариуцлагагүй байдлаар бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж болохгүй.  Манайхан ажил ярих болохоор бүгд алга болчихдог. Засгийн газрыг төлөөлөөд энд сууж байгаа хүмүүс гишүүдийн асуултад хариулж чадна гэдэгт би эргэлзэж байна. ЗХЭГ-ийн дарга С.Баярцогтод би “Сонгууль болоогүй байхад ядаж төрийн нарийн бичгийн дарга нараа байлгаарай” гээд хэлээд байхад төрийн албан хаагчдаа солиод тавьчихсан. Ийм байдалтайгаар өнгөрсөн хоёр жилд юу хийснээ ярина гэж байхгүй. Хуучин сайд нарыг оруулж ирээд ямар ажил төлөвлөөд алийг нь хийсэн, хийгээгүй, заавал хийх ёстой ямар ажил байна, мөнгө төгрөгөө яаж хувиарлах талаар ярьмаар байна. Ийм үхээнц, хэлбэрдсэн, цаг нөхцөөсөн байдлаас УИХ салах хэрэгтэй. Засгийн газар бол тас, няс гээд асуудлаа ярьчихдаг юм. Гэтэл энд одоо  хуралдаа цугласан ч юм алга. Тэгээд жижүүрийн юм яриад сууж байдаг. Мөрийн хөтөлбөрийг УИХ дээр тусгайлан ярих ёстой. Хүмүүс энэ мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын гишүүд тойрч суугаад мөрөөдлийнхөө жагсаалтыг биччихдэг гэж ойлгодог. Зарим нь хэрэгждэг. Зарим нь хэрэгжихгүй үлддэг гэж шүүмжилдэг. Би АН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүнийхээ хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөр бол Засгийн газарт хамтарсан намуудын мөрийн хөтөлбөрийн гол зүйлүүдийг тусгасан амьдралд хэрэгжихүйц хөтөлбөр юм. Тиймээс ч бид  өнгөрсөн хоёр жил уг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд чардайж ажилласан. Гэтэл Эрүүл чийрэг хүн хөтөлбөр 42,4 хувьтай гэх мэтийн юм яриад сууж байх юм.  Энэ мөрийн хөтөлбөр АН-ын ард түмнээрээ хэлэлцүүлсэн санааг суурь болгоод МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Эрдэс баялагтай холбоотой санаануудыг шингээсэн, ИЗНН-ын байгаль хамгааллын нарийн бодлогуудыг тусгасан юм. Өнөөдөр  Д.Оюунхорол сайд ямар бодлого хэрэгжүүлэх гээд сууж байгаа юм. МАН-ын амлалтаас энд нэг их ороогүй биз дээ. Одоо жил хүрэхгүй хугацаанд үүнийг цааш нь яаж үргэлжлүүлж ажиллах юм. Би ойлгохгүй байна. Ер нь бодлогоо ойлгож байна уу гэдэгт эргэлзэж байна. Сэтгэл тавьж хийж чадна гэдэгт ч итгэлгүй байна. Хоёр жил хүмүүсийн хийсэн ажлыг нөхнө гэдэг хэцүү. Ч.Сайханбилэг гарч ирээд “Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг” гэж хэлсэн. Үүнийг би ойлгохгүй байгаа юм. Хүнээ хаяж болохгүй биз дээ.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусах ёстой. Эсвэл хамтарсан юм бол мөрийн хөтөлбөрөө боловсруулаад оруулж ир. Хүнээ орхиж болохгүй шүү" гэсэн юм.

Л.Ганзориг