Өчигдөр УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хурлаар “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч УИХ-ын дарга З.Энхболдын хүсэлтээр хойшлуулжээ.

Учир нь АН-ын гүйцэтгэх зөвлөлийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар судлах ажлын хэсэг байгуулах аж. АН-ын гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Тавантолгойн ордыг ашиглах төслийн компанийн  51 хувийг төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компани эзэмшээд, үлдсэн 49 хувьд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг оруулах нь зөв гэсэн шийдвэр гаргасан билээ.  УИХ дахь АН-ын бүлгийн хурлын үеэр энэ шийдэл маш их эрсдэл дагуулж мэднэ хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгүүлсэн ч уг шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дагах ёстой гэж АН-ын удирдлага үзэж буй бололтой.


Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ерөнхийд нь дэмжиж буй бол МАН-ын  дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд эсрэг байр суурьтай  байгаа. УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс”эвслийн бүлгийн хувьд мөн л эрс тэс байр суурьтай байгаа бөгөөд одоог хүртэл хоёр ч удаа хуралдаад, байр сууриа нэгтгэж чадаагүй байгаа аж.


Үүнээс үүдэн Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох гэрээний асуудал  гацаж мэдэх нөхцөл байдал үүсээд байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар урьдчилсан байдлаар сонгогдсон хөрөнгө оруулагчид болох “Шенхуа Энержи”, “Сумитомо” компаниуд төслөөс татгалзаж магадгүй болсон аж. Тэд УИХ-ын шийдвэрийг хүлээх бөгөөд хэрэв гэрээний төсөлд томоохон өөрчлөлт гарвал Монгол улсын Засгийн газартай хамтран ажиллах шийдвэрээсээ буцах гэнэ.


Э.Саруул