Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт “Bloomberg” телевизид ярилцлага өгөхдөө “Засгийн газрын “Рио Тинто”-той хийх хэлэлцээр энэ долоо хоногт дуусна” гэж мэдэгдсэн.

 

Тодруулбал, хоёр жил гаруй гацаанд орсон “Оюутолгой”-н далд уурхайн 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэнэ гэсэн үг.

 

Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлээд буй шиг Оюутолгойг 5.4 төгрөгийн барьцаанд тавьж байж, хүндхэн асуудлаас гарахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Нэг ёсондоо асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр "Оюутолгой"-г тавьж тууна гэсэн үг юм.

 

Тиймээс хоёр тал нууцаар гэрээ байгуулахаар болжээ. Энэ долоо хоногт “Рио Тинто” группийн төлөөллүүд Монголд ирнэ. Харин манай талаас “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар гэрээнд гарын үсэг зурах юм байна.

 

Нууцаар гэрээ байгуулж ажиллах болсон зарим шалтгаан нь УИХ-ын дарга З.Энхболдтой холбогдоотой гэнэ. Учир нь тэрбээр мөн л эсэргүүцэж байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд уг асуудлыг нууцаар зүтгүүлж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

 

Хамгийн ноцтой нь уг гэрээгээр “Оюутолгой”-г барьцаанд тавьж туух нь бараг тодорхой болсонд оршиж байна.  Ингэж хардах бодитой үндэслэлүүд ч байна.

 

Нэгдүгээрт, Гадны хэвлэлүүд тэр дундаа “Bloomberg” агентлагт “Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 5.4 тэрбум долларын өр авч “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том ордыг барьцаанд тавих гэрээнд гарын үсэг зурах гэж гэсэн утга бүхий мэдээллүүд гарсан.

 

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар үүнийг нь бататгаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг “Оюутолгой”-г гадныханд худалдчихлаа гэж өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэн. Энэ талаар тэрбээр "Өнөөдрийн амиа аргацаагаад цаашид биднийг олон арван жил тэжээх ордуудыг тавьж туух гэж байна.Ингэхдээ 5.4 тэрбум долларыг авахын тулд тус ордуудыг 14 банкны барьцаанд ямар нөхцөлтэйгээр тавих гээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй байна. Тухайлбал, мөнгөний барьцаанд газар нутаг, лицензийн алийг нь тавих гэж байгаа нь тодорхой байгаа” гэв.

 

Бас нэгэн ноцтой асуудал нь нууцаар байгуулах гэрээнд далд уурхайг хөдөлгөхөд Монголын талаас тодорхой хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тусгаж өгсөн гэх мэдээлэл байна. Тодруулбал, янз бүрийн татварын хөнгөлөлтүүд үүнд нь багтаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

 

Мөн далд уурхайг ажиллагаанд оруулахад зориулж гаднаас зээл босгоход Монголын Засгийн газар баталгаа гаргаж өгөх асуудал уг гэрээнд тусгагдсан байх магадлалтай гэнэ. Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа уг зээлд Засгийн газар баталгаа гаргаж өгөхгүй гэж гүрийж байсан. Харин Ч.Сайханбилэг баталгаа өгч магадгүй болсон нь энэ аж.

 

Уг асуудалд УИХ-ын зарим гишүүд нилээн шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа бол УИХ-аар заавал хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа аж.  Харин зарим нь Оюутолгойг хөдөлгөх нь чухал гэж үзэж байгаа юм байна.

 

"Оюутолгой"-той холбоотой нэгэн нууц гэрээг бидэнд мэдэгдэхгүйгээр хийхээр бэлтгэж эхэлсний зах зухаас нь дурдахад ийм байна.

Т.Энхэлээ