Өнгөрсөн оны байдлаар манай улсын хэмжээнд 117 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн судалгааг гаргажээ. Тэднээс 55.2 хувь нь эрэгтэйчүүд, 44.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр иргэдийн 28 мянга нь насанд хүрээгүй иргэд байдаг аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгэм хэрхэн ханддаг вэ? Бид хаа нэгтээ зам гарч яваа тэргэнцэртэй хүн, эсвэл харааны бэрхшээлтэй хүн  замаар гарч явахад нь очоод тусалдаг. Тэд “баярлалаа” хэмээн хэлдэг ч дотроо санаа зовниж, хэн нэгэнд төвөг удаж өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө хариуцаад явж чадахгүй байгаадаа сэтгэл зовниж яваа. Гадны хөгжил бүхий улсууд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, гарц, шат тэмдэглэгээ зэргийг хот төлөвлөлт хийхдээ онцгойлон анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг нь хамгаалж байдаг билээ. Ингэж зохицуулсан тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсөддөө зориулсан үйлчилгээг эдэлж, нийгмийн амьдралд бусдын тусламжгүйгээр оролцож, сэтгэл санааны хувьд ч ямар нэгэн дарамтгүй байдаг байна.

Харин манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ байхгүйгээс тэдний ихэнхи нь сэтгэл санааны хувьд гутранги, өөртөө итгэх итгэл сул байдаг нь судалгаагаар харагддаг билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах олон нийтийн хандлага нэг бол өрөвдөж хөөрхийлсөн эсхүл гадуурхаж төвөгшөөсөн хоёрхон хэлбэртэй байдаг нь  сэтгэл санааны маш том дарамт учруулж байдаг талаар тэд хэлдэг. Энэ ч үүднээсээ тэд төр засгаас мөнгөн тэтгэлэг дэмжлэг гэхээсээ урьтаж хэн нэгний туслалцаагүй нийгмийн амьдралд оролцох боломжоор хангаж өгөхийг л хүсч байдаг.

Иргэд олон нийтийн зарим нь тэднийг “тахир дутуу иргэд” гээд нэрлэчихсэн, ярьж байх юм.  Ийнхүү ярьж байгаа эрүүл саруул эрхмүүд минь ээ “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэсэн албан ёсны нэршил байдгийг мэддэггүй гэж үү? “тахир дутуу хүн” гэж ярих нь дэндүү бүдүүлэг басхүү хүн чанаргүй байгаагийн илрэл шүү дээ.

                                                                                                                                                                                       

              Эдгээр иргэдийн 35.5 хувь нь төрөлхийн, 64.5 хувь нь олдмол шалтгаан буюу ахуйн болон үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг нь судалгаагаар гарчээ. Ийнхүү ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд нэлээдгүй хувийг эзэлж байгаа нь санаа зовоож байна. Цаашдаа гэнэтийн ослын улмаас дахиад хэдэн эрүүл иргэн хөдөлмөрийн чадвараа алдах нь цаг хугацааны асуудал гээд орхих гэж үү? Энэ тал дээр анхаарч үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө орчин үеийн жишигт нийцүүлж, ажилчидыг аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг хангахад голлож ажиллах шаардлага зүй ёсоор бий болжээ.  

               Мөн манай улсын хөдөлмөрийн насны нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20.7 хувь нь л хөдөлмөр эрхэлж байна. Харин үлдсэн 79.3 хувь нь нийгмийн халамжийн төгрөгөөр амьдралаа залгуулж байна. Энэ бол дэндүү бага бүр хангалтгүй гэмээр үзүүлэлт юм. Үүнээс харахад л нийгэм тэднийг тусгаарлаж ханддаг нь илт байна. Тэдний дийлэнх хувь нь зүгээр л тэтгэмжийн хэдэн төгрөг харж, ар гэрийнхнийхээ халамжинд амьдарч байна шүү дээ.   

Төр засгийн зүгээс дараах иргэдэд жилд нэг удаа түлээ нүүрсний мөнгө хэмээн 140,0 мянган төгрөгийг олгодог байна. Үүнд:

-Ганц бие харж хандах хүнгүй ахмад настан

-Үр хүүхэд нь тэжээн тэтгэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан

-Бүрэн хараагүй, хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй иргэн

-Байнгын асаргаатай хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд ордог аж.

Үнэндээ тэдэнд нийгмээс үзүүлэх тус бага байдаг гэдгийг тэд өөрсдөө ч хэлдэг.  Түүнчлэн хажуугаар зөрөх нэгэн өрөвдсөн харцаар харж, нийгэм олон нийт биднээс зайгаа барьж байдаг хэмээн хэлэх хүмүүс ч тэдний дунд цөөнгүй бий.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлж, тэднийг жирийн иргэдтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлэхэд төр засгаас анхаарч ажиллах цаг нэгэнт болжээ. Түүнчлэн та бид ч гэсэн эдгээр хүмүүсийг тусгаарлаж хандахгүй байхад анхаарах хэрэгтэй болж. 

Б.Хорол