МИАТ компанийн   хуу­чин удирдлагуудад хол­богдох шүүх хурал үргэл­жилж байна. “Дайны эрсд­лийн сан” гэх нэрийдлээр мөнгө угаасан, завшсан энэ хэрэгт өгч буй мэдүүлгээс харахад Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг тэргүүтнийг аминд тулсан хүнд өвчтөн Ч.Хоролсүрэн “үүрч гарах” бололтой юм.

Ч.Хоролсүрэн “Би Хонконгийн иргэн Тони Ли гэдэг хүнтэй Монголд орж ирсэн дөрвөн тэрбум 302 сая 892 мянган төгрөгийг Гантөмөр, Тамир, Туяа нарын дансаар дамжуулж зохих хувийг аваад буцаагаад Тони Ли-д өгч байсан. МИАТ компанийн захиргаанд ажиллаж байсан Орхон, Эр­дэнэбилэг, Батбилэг нарт энэ мөнгөнөөс хувь авдагаа хэлээгүй болохоор тэд мэдээгүй.

Шүүх хуралдаанаар буруутай маань тогтоогдвол хариуцлагаа хүлээж хохирлыг төлж барагдуулахад бэлэн. Энд шүүгдэж байгаа бусад хүн энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэжээ. Ямар “сайхан” сэтгэл вэ...Хохирол ч яах вэ, хэдийгээр хөрөнгө мөнгө чухал ч эцсийн дүндээ цаас шүү дээ. Магадгүй Ч.Хоролсүрэнд хэргээ үүрүүлж буй дарга нарын хувьд “задгай мөнгө” гэх биз. Гэтэл шүүхийн өмнө хариуцлага хүлээж хорих ял авбал “ходоодны хорт хавдартай” /Ч.Хоролсүрэн өөрөө оношоо хэлсэнээр/ тэрбээр яаж энэ ялыг эдэлж барах билээ. Үүнийг тооцоолсон царай зүс нь өнгөлөг сайхан шүүгдэж буй МИАТ-ийн экс удирдлагууд маадгар харагдана. Гэвч хэрэг үүрүүлэхийн тухайд шүүгдэгчийн мэдүүлэг чухал. Хуульд үүнийг л гол баримтлал болгох нь тодорхой. Яах вэ, “хамар дороос нь” хулгай хийж байхад мэдээгүй гэх ёс төдий зэм хүртэх л биз. Харин тэдэнд хүний үнэр жаахан ч атугай байвал чин үнэнийг шүүхийн танхимд хэлчихээсэй.

Яг ийм хэрэг Гаалийн ерөнхий газрын дарга байсан Х.Баатарт тохиолдож билээ. Түүнийг улсын хөрөнгө завшсан хэмээн буруутгаж найман жилийн ял оноосон. Тэрбээр Н.Энхбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Т.Бадамжунай, Ц.Оюунбаатар нарыг хаа­цайлан бүх бурууг өөртөө үүрсэн. Ямар сайндаа л Сангийн сайд Ч.Улаан тухайн үед “Би Х.Баатарыг танихгүй” гэж мэдүүлсэнд өнөөг хүртэл итгэдэггүй” хэмээн ярьж суух вэ. Үүний цаана “Би хэргийг үүрчихвэл дараа нь тэд намайг аварна” гэсэн итгэл найдвар байсан хэрэг. Гэвч тэрбээр тухайн үед буюу 2006 онд МАХН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболд, МАХН-ын генсек С.Баяр нарт эрх чөлөө хүссэн захидал бичсэн ч эзэндээ хүрээгүй юм гэдэг. Харин тэр мөнгө МАХН-ын хандив болж, нөхөд хэмээн бодож явсан хүмүүс нь Х.Баатарыг мартан улс төрд “амжилт” гаргасаар байв.

Х.Баатар хоригдож байх үедээ бие нь муудаж хэвлэлийн хуудаснаа нүд хальтрим зураг нь нийтлэгдэж байсан ч түүнийг эргэж очих “зоригтой” анд байсангүй. Хаа очиж Т.Бадамжунай шоронгоос гарахад нь хамгийн түрүүнд очиж ажил олж өгөх гэж хөөцөлдөөд бүтээгүй гэдэг. Эдүгээгийн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын тухайд 2006 оны есдүгээр сарын 13-нд бичсэн “тусламж хүссэн” захиаг зөөх шууданчийн үүрэг хүлээсэн ч хачирхалтай нь уг захидал хэвлэлийн хуудаснаа нийтлэгдсэн. Уг нь тэр үед Ц.Оюунбаатар Х.Баатар найзынхаа захиаг хүрэх ёстой эздэд нь хүргэсэн бол ял нь хөнгөрөх байсан ч юм бил үү. Тэгэхээр Х.Баатарт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, тэр ч байтугай Ерөнхийлөгч найз байсан ч тусыг нь усаар хариулсан энэ түүх улстөрч бол хүн биш. Тэр тусмаа авлига, албан тушаал, их хэмжээний хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэгт бусдыг хаацайлж хэрэг үүрэх нь ямар үр дагавар дагуулдгийг харуулсан.

Энэ удаад Ч.Хоролсүрэнгийн “Удирдлагууд минь намайг гэмт үйлдэл хийж буйг огт мэдээгүй. Тэд буруугүй” хэмээн шүүхийн өмнө мэдүүлж байгааг сонсоод өөрийн эрхгүй дээрх түүх санаанд орох аж. Хэдийгээр Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг нар төрийн өндөр дээд албан тушаалд очоогүй ч Ч.Хоролсүрэнд гэмээ үүрүүлснээр шударга иргэн хэвээр үлдэх нь юу л бол. Тэгэхээр нэг тогооноос хоол идэж, тохой зэрэгцэн ширээнд сууж, олзоо хуваалцаж явсан хүмүүсийн хувьд нэгнийхээ сайхан сэтгэлд дөрөөлж дэнсэн дээр байгаа амь насыг нь ялын бооцоонд тавиад хэргээс мултрах гэж байгаа бол муухай л юм болж байна.

 

У.Оргилмаа