-Далд уурхайн гарааны мөнгө бол 4.2 тэрбум ам.доллар. Эхний зургаан жилдээ зургаан тэрбум доллар хэрэгтэй. Нийтдээ 14 тэрбум доллар шаардлагатай-
 
Өнгөрсөн тавдугаар сарын 19-нд “Оюутолгой”-н хувь нийлүүлэгчид далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм. Дубай хотноо  гарын үсэг зурсан уг баримт бичиг олон нийтийн анхаарлын төвд байна.  Одоо ч зарим нэгэн улстөрчдөд  Оютуолгой далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө ойлгомжгүй асуудал хэвээр байгаа юм. Тиймээс “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболдтой энэ сэдвээр ярилцлаа.
 
-Оюутолгойг тойрсон улс төр саарал ордонд  өрнөөд эхэлсэн байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг зарим улстөрчид тавих болсон. Үнэндээ Ч.Сайханбилэг,  Да.Ганболд, Б.Бямбасайхан  гурав ямар төлөвлөгөөнд гарын үсэг зурчихав гэсэн хар яваад байна. Ингэхэд яагаад Дубайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан юм бэ?
 
-Хориннэгдүгээр  зуунд  бид амьдарч байна. Цаг үе өөр болсон. Мэдээлэл, технологийн хөгжил маш эрчимтэй, танигдахын аргагүй хөгжиж байна. Глобачлал, даяаршлал бол зөвхөн хүн хоорондын харилцаа биш болсон байна. Хүмүүсийг хооронд нь холбож өгдөг, орон зай, цаг хугацаа арга хэлбэр нь өөчлөгдөхийн хэрээр бүх зүйл ил тод нээлттэй болж байна. Өөрөөр хэлбэл, аль нэг улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг үйлдэл хийнэ гэдэг харьцангүй асуудал болсон.  
 
Зарим улстөрчид Дубайд очоод ямар нэгэн юмыг нууж, зориуд бултаж байгаад Оюутолгойн гэрээг зурчихлаа гэж хардаад байх шиг. Хэрэв нууцаар гэрээ байгуулъя гэвэл заавал Дубай явах шаардлагагүй. Улаанбаатарын хаа нэгтээ нууц гэрээ байгуулчихаж болно шүү дээ.  Нэгэнтээ техник, технологийн эрин зуунд амьдарч буйн хувьд ялангуяа цаасан дээр бууж байгаа баримт бичгүүд, гэрээнүүд, бизнесийн хэлэлцээрүүд хаана ч хийгддэг болсон. Нэгдүгээрт, Лондон-Улаанбаатарын хооронд дундын орон зайг ашиглаж, хоёрдугаарт, гадаадад хүрэх мессэжийг зөв, хурдан шуурхай өгөх үүднээс Ерөнхий сайдын айлчлалыг тохиолдуулан Дубайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан юм.
 
Эндээс явахдаа төлөвлөгөөг зурна гэсэн төлөвлөгөө байгаагүй. Хэрэв зарчмын гол, гол асуудлаа хөрөнгө оруулагчтай тохирч чадвал зурж болох юм гэсэн бодолтой явсан. Дубайн хэлэлцээрийн үеэр талууд зарим асуудал дээрээ ярьж тохирсон учраас монголчуудын хэлдгээр “ямааны мах халуун дээрээ” гээд төлөвлөгөөг зурсан.  Зурсан даруйдаа хэвлэлийнхэнд мэдээлсэн. Түүнээс нууж хаагаад байсан асуудал байхгүй.
 
-Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд ганцхан Монголын тал буулт хийсэн юм биш хөрөнгө оруулагч манай шаардлагуудыг хүлээж авсан  гэж хэлсэн. Гэвч “уут, уут алтаар улсаа худалдлаа” хэмээн Г.Уянга гишүүнээс эхлээд хардах улстөрч бий. Анхны хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбумаар хэтэрснийг Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн юм уу?
 
-Төгс төгөлдөр зүйл гэж хорвоод байдаггүй шүү дээ. Төгс төгөлдөр нийгэм, төгс төгөлдөр хүн, төгс төгөлдөр гэрээ гэж хаана ч байхгүй. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг зарим хүмүүс муу гэрээ, дутуу гэрээ болсон гэж шүүмжилдэг. Зарим нэг тал дээр би санал нэг байдаг. 2009 оны гэрээн дотор зарим зүйлүүдийг дутуу тодорхойлсон, явцын дунд тохиолдож болох асуудлуудыг бүрэн дүүрэн тусгаагүй орхисон тал бий. Гэхдээ тохирсон гол, гол зарчмын асуудал нь аль, аль талдаа ашигтайгаар хийгдсэн.
 
Амьдралд ямар ч асуудал шинээр гарч ирж болно. Хүний амьдралд ч шинэ, шинэ хүндрэл бэрхшээл, асуудал байнга тулгарч байдаг шүү дээ. Тэр бүхнийг амьдралынхаа явцын дунд зохицуулаад явдаг болохоос тэгнэ байх гэж хэн ч урьдчилан харж мэдэхгүй. Яг үүнтэй адилхан зургаан жилийн өмнө тооцоолж чадаагүй асуудал, бэрхшээл, үл ойлголцол хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн. Үүссэн үл ойлголцлоо тухайн цаг үед нь хамт суугаад ярилцаад, тохиролцоод, шийдвэрлээд явах л ёстой. Түүнээс танайх ингэвэл, манайх тэгнэ  гээд тас гүрийгээд байж болохгүй.
 
-Та зардлын хэтрэлт бол гэмт хэрэг биш гэж байр сууриа илэрхийлсэн шүү дээ?
 
- Зардлын хэтрэлт бол хэний ч хүсээд байх зүйл биш. Хөрөнгө оруулагчдын хувьд ч ялгаагүй. Гэвч, энэ бол гэмт хэрэг биш. Энэ чинь нэг ёсондоо мөнгө дутлаа гэсэн үг. Хөрөнгө оруулалтын гэрээнд анхны хөрөнгө оруулалтын зардал өссөн тохиолдолд яаж шийдвэрлэх ёстой юм бэ, хэн хариуцлага хүлээх юм. Яаж зардлын хэтрэлтийг тооцох вэ гэсэн нарийн заалтууд тусгагдаагүй орхигдсон байсан. Зардал хэтэрч болохгүй, 20 хувиас илүү хэтэрч болохгүй гэсэн тунхаглалын шинжтэй заалт бол бий.
 
Нэгэнтээ гэрээнд ийм нарийн заалт байхгүй учраас түүнийгээ эхлээд тохирох хэрэгтэй болсон. Оюутолгой бол зуун жил хэрэгжих том төсөл. Цаашдаа зардал хэтэрсэн тохиолдолд яах вэ гэдгээ ярилцаж  шийдвэрлэх нь чухал. Түүнээс хоёр тийшээ хараад гөжөөд байвал манай улсад ч, хөрөнгө оруулагчдад ч ашиггүй. Ялангуяа үйл ажиллагааны 80 хувь нь  газар доор явна. Олон арван тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардана. Өнөөдөр биш юм аа гэхэд арав, хорин жилийн дараа дахиад л зардлын хэтрэлтийн асуудал сөхөгдөнө. Тэгэхээр өнөөдөр энэ бүхнээ тохиролцоод ажлаа эхлүүлээд явах ёстой биз дээ.
 
Аль болохоор зардлын хэтрэлтийг гаргахгүй байх, гарлаа гэхэд яаж шийдэхээ тохирох хэрэгтэй шүү дээ. Ийм тохиролцоог л  Дубайд зурсан төлөвлөгөөнд оруулж өгсөн юм. Анх тохиролцсон Хөрөнгө оруулалтын  гэрээнд өөрчлөлт хийгээгүй. Хэн, хэн хэдэн хувийн ашиг  хүртэх, яаж ажиллах вэ гэсэн анхны гэрээнд өөрчлөлт ороогүй юм байна гэж ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, зээл хүү, өртөг зардал хэтрээд ирвэл яах вэ гэсэн 2009 онд яриагүй асуудлаа тодотгоод л тохиролцсон. Тийм ч учраас далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэж нэрлэсэн. Зарчмын хувьд 2009 оны гэрээ өөрчлөгдөөгүй хэвээрээ.
 
Ганц, хоёр зүйлийг тодотгосон хэрэг. Энгийн нэгэн жишээгээр тайлбарлахад чи бид хоёр хамтраад 10 сая төгрөгийн бизнес хийхээр хамаг юмаа тохироод гэрээ байгуулаад явлаа гэж бодъё. Гэтэл авсан техник хэрэгсэл нь үнэтэй, ажиллуулж байгаа ажилчдын цалин нь нэмэгдсэн гээд зардал хэтэрч болноо доо.  Яг үүнтэй адилхан асуудал Оюутолгой дээр үүссэн. Мэдээж, гэрээнд заасан анхны хөрөнгө оруулалтын зардал яагаад өссөн бэ гэдгийг шалгасан, нягталсан. Элэгдэл хорогдлоо тооцож байж тохиролцоонд хүрсэн.
 
-Хэтэрсэн зардлын хэдэн хувь нь Монголд үлдсэн бэ? Энэ өнцөгөөс нь тооцвол их сонин тоо гарч магадгүй болохоор сонирхсон юм?
 
- Хэтэрсэн зардлын хэдэн хувь нь Монголд үлдсэн бэ гэдгийг тооцох боломжгүй, харьцангуй ойлголт шүү дээ. Танай хүүхдийн хэдэн хувь нь ээжийнх, хэдэн хувь нь аавынх вэ гэж асуусантай адилхан.
 
Оюутолгой бол Монголын компани. Энэ утгаараа өнгөрсөн тав, зургаан жилийн хөрөнгө оруулалт, зардал мөнгө зуун хувь Монголд шингэсэн гэж хэлж болно. Эдийн засаг, санхүү талаас нь тооцвол ингэж хэлж болно. Харин хууль эрх зүйн талаасаа  татвар, шууд өгөөж гэдэг утгаар нь тооцвол өөр тоо гарч ирдэг. Жишээлбэл, өнөөдөр тэнд Японоос оруулж ирсэн трактороор газар ухаж байна. Биет байдлаараа энэ трактор зуун хувь Монголын газар дээр ажиллаж байна. Мөнгөөр нь тооцвол япончууд мөнгийг нь авсан байдаг. Тэгэхээр хэтрүүлсэн зардлын хэдэн хувь нь Монголд шингэж үлдсэнийг хэлэх боломжгүй. Элэгдэл хорогдол, шимтгэл гээд их олон асуудлыг тооцох ёстой болно.  
 
Тиймээс  ажил бараа үйлчилгээ, ханган нийлүүлэлт, зураг төсөл, тээвэр гээд бүх л ашиг, өртөг зардлуудыг  нь нарийвчлан тооцохоор зуу гаруй жил ажиллах энэ уурхайн нийт ашгийн 53-55 хувь нь Монголд  үлдэх юм байна гэдгийг баталгаажуулсан. Анхны гэрээнд ингээд заагаад өгчихсөн байсан. Сая далд уурхайн төлөвлөгөөг байгуулахдаа энэ ашгийг давхар баталгаажуулсан.  Нэг зүйлийг нэмж хэлэхэд, өгөөж гэдгийг гурван зүйл дээр ярьдаг. Нэг нь ашигт малтмал  ашигласны буюу рояльти татвар. Монгол таван хувийн рояльти авдаг.  Энэ бол энэ баялаг дээр эзэн болж төрснийхөө төлөө авч байгаа татвар.
 
Хоёр дахь нь бүх төрлийн татварууд байдаг. Зөвхөн эд бараа биш бүх ажил үйлчилгээ багтдаг. 2009 онд гэрээ зураад 2010 оны нэг сараас татваруудын төлбөр орж ирсэн. Гурав дахь нь ногдол ашиг.  Монгол 34 хувьтай, хөрөнгө оруулагч 66-тай. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөж, мөн гаргасан зардал, өр зээлээ төлсний дараа цэвэр ашгаа хуваахыг ногдол ашиг гэдэг. Оюутолгой дээр  двидент авах болоогүй байна. Анхны хөрөнгө оруулалтын зардал хэтрэхээр ногдол авах хугацаа тодорхой хэмжээгээр хойшилох нь тодорхой. Дээрээс нь хэрүүл, уруултай суугаад байвал ашиг хүртэх хугацаа улам хойшилно гэсэн үг.
 
-Хөрөнгө оруулалтын зардал өсөхөөр ногдол ашиг хүртэх хугацаа хойшлогдоод байна гэж улстөрчид шүүмжилдэг. Харамсаүлтай нь, өөрсдийнх нь хэрүүл, маргаанаас болоод монголчуудын ашиг хүртэх хугацаа улам л хойшлоод байна?
 
- Хэрэлдээд, цаг алдах тусмаа боломжоо алдана. Нэгэнт эхлүүлсэн, тэгсэн  мөртлөө бүрэн чадлаар нь ашиглуулахгүй бол техник хэрэгсэл нь зэвэрнэ. Зардал нь өснө. Өөрөөр хэлбэл, цаг алдах тусам  ямар ч төсөл, бүтээн байгуулалтын алдагдал улам нэмэгдэнэ. Үргүй зардал нь өснө. Яагаад гэвэл ажилгүй хийхгүй удах тусам хүүгийн хүү гүйгээд байна гэсэн үг.  Үргүй зардал нэмэгдэхээр өр төлбөр нь өснө. Өр төлбөр нь өсөхөөр өнөөх ашиг авах хугацаа маань дагаад хойшлогдоно шүү дээ.  Сүүлдээ чухам юунаас болоод алдаж байна гэдгээ олж харж чадахааргүй  асуудал нь томорчихдог.
 
 Зарим хүмүүс ашигт малтмалаа ашиглаад яах вэ,  үр хүүхэддээ үлдээе гэсэн юм ярьдаг л даа. Наана нь хав дарж, өлөн зэлмүүн амьдарсан ч хамаагүй гэж ярьцгаадаг  хүмүүс байна.  Үр хүүхэддээ баялгаа үлдээж болно. Гэхдээ тэр үед баялаг маань “хог” болохгүй гэх баталгаагүй шүү дээ.  Дэлхий дахинд эрдэс баялгийг орлох шинэ, шинэ санаанууд төрөн гарсаар байгаа тохиолдолд баялгаа ашиглаж, улсаа хөгжүүлэх л ёстой.  Үр хүүхэддээ өндөр хөгжил, сайн сайхан амьдрал, боловсрол мэдлэг, соёл үлдээх хэрэгтэй.   Дэлхийд болж байгаа өрсөлдөөнд монголчууд ялагдаж болохгүй.  Адилхан л хөгжихийн төлөө, баяжихийн төлөө зүтгэх хэрэгтэй.  
 
Зарим нэг нь улсаа хөгжүүлэх ёстой, баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэж боддог бол заримд нь аргалын утаа үнэрлээд хөдөө амьдрах таалагддаг юм шиг байна.  Гэхдээ өрөнд унасан, баялаг нь үнэд орохоо больсон ядуу улс үлдээх үү, өндөр хөгжилтэй баян улсыг өвлүүлэх үү гэвэл би хоёр дахийг нь дэмжинэ.  Бидний тооцоолсноор бол өнгөрсөн жилүүдэд үл ойлголцол үүссэнээс болоод ойролцоогоор  гурван тэрбум долларын шууд болон шууд бус алдагдал байна гэж үзсэн. Зээлийн хүү, байр үйлчилгээ, ханган нийлүүлэлт, ажлын байр гээд тооцоод гаргасан тоо.
 
-Оюутолгойн гацаанаас болоод орж ирээгүй гадаадын хөрөнгө оруулалтыг тооцох юм бол багагүй тоо гарах нь ээ дээ?
 
-Тэрийг бол сайн хэлж мэдэхгүй байна. Далдыг хардаг далай лам биш болохоор Монголд хичнээн хөрөнгө оруулагч орж ирэх гэж байснаа Оюутолгойгоос болоод буцсан бэ гэдгийг тооцоолох боломжгүй. Өнөөдрийн тухайд хичнээн компани Монголоос гарсан бэ, Монголд орж ирэхээр төлөвлөж байсан хичнээн хөрөнгө оруулагч больсон бэ гэдгийг тоогоор хэлж мэдэхгүй байна.  Гэхдээ хоёр жил хоорондоо үйл ойлголцол үүсгэснээс болоод хичнээн доллар алдсаныг би түрүүнд танд хэлсэн.   Харанхуй ой руу нэг нөхөр сав бариад орлоо гэж бодъё.  
 
Оройхон нөгөө нөхөр сав дүүрэн жимс, мөөгтэй гараад ирвэл хүмүүс энэ ойгоос мөөг, жимс түүж болох юм байна гэж бодно, түүхээр явна шүү дээ. Харин нөгөө нөхөр ойгоос гарч ирж чадахгүй бол тийшээ зүглэх хүн байхгүй болно.  Гадаадын олон хөрөнгө оруулагч Оюутолгойн төслийг хараад сууж байгааг үгүйсгэхгүй.  Тэгэхээр Монголд “Рио Тинто” шиг, “Туркойз Хилл” шиг том компаниуд орж ирээд, гэрээ байгуулна гэдэг биднийг харж байгаа гадаадынханд эерэг сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй. 
 
-Зургаан тэрбум долларыг  олон улсын арилжааны банкуудаас авахаар болсон. Энэ мөнгө бүгдээрээ Монголд хөрөнгө оруулалт болж орж ирж чадах уу?
 
-Орж ирнэ. Далд уурхайн бүтээн байгуулалт нийтдээ 14-15 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа.  Далд уурхайн гарааны мөнгө бол 4.2 тэрбум доллар. 2016 он хүртэл зургаан тэрбум доллар хэрэгтэй. 2017 онд есөн тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Хүмүүс үүнийг ойлгохгүй байгаа юм. Баланс дээр бичигдэж байгаагаар нь тооцвол энэ мөнгө зуун хувь Монголд орж ирнэ.
 
 Яг тодорхой зүйл дээр, тухайлбал, ажил үйлчилгээ, бараа таваар, тог цахилгааны төлбөрийг тооцвол бас л   өөр тоо гарч ирнэ.  Монгол Улс машин үйлдвэрлэдэггүй, багаж, төхөөрөмж хийдэггүй. Ийм том уурхайн зураг төслийг хийж чадахгүй.  Энэ бүхнийг тооцвол  зарим мөнгө нь гадагшаа явна. Гүний уурхайг ашиглах асар үнэтэй зураг төслийг гадаадынхнаар  хийлгэж таарна шүү дээ. Эцсийн дүндээ энэ төслийн нийт ашгийг Монголд 54 хувь үлдэнэ гэж дахин хэлье. 
 
-Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталснаар  Монголын эдийн засагт энэ онд ямар хэмжээний доллар орж ирэхээр төлөвлөгдсөн бэ?
 
- Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөний тайланг Сангийн яам өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хүлээж авсан.  Одоо ингээд ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэж 20-иод сая доллар өнөө, маргаашгүй орж ирнэ. Дээр нь татварын 30 сая доллар шууд орж ирнэ. Наадмаас өмнө 30-40 сая доллар орж ирнэ. Ядарсан хүнд бол багагүй мөнгө.  Цаашлаад жилдээ нэг тэрбум доллар орж ирнэ гэсэн тооцоог хийсэн.  Эдийн засаг сэргэж хөдлөхөөр болж байна гэдэг эерэг дохио. Оюутолгойг хөдлөхөөр болсон сургаар гадаадынхан Монголд наадам үзнэ гэж байна. Манай улсад арван жуулчин ирлээ гэхэд арван буудал орлоготой байна биз дээ.
 
-Гарааны гээд нэрлээд байгаа 4.2 тэрбум долларыг Монголын арилжааны банкуудаар дамжуулах уу. Зарим нэг хүн бол дамжихгүй гэсэн тайлбар хэлж байгаа?
 
-Дамжина. Цаг хугацааны асуудал байгаа болохоос. Дээр нь хэлэхэд энэ зээлэнд “Рио Тинто” зуун хувийн баталгаа гаргаж өгч байгаа  гэдгийг бодолцох хэрэгтэй. “Рио Тинто” анхны хөрөнгө оруулалтад зарцуулсан зургаан тэрбумыг өндөр хүүтэй зээлээр авсан. Өндөр хүүтэй авсан мөнгөө бага хүүтэйгээр солих гэсэн арга шүү дээ.  “Рио Тинто”-д ч ашигтай, манайд ч ашигтай хувилбар.   Гаднаас авсан зээлийн 34 хувь нь манайд ногдож байгаа. Тиймээс монголчууд “Рио Тинто”-г харлуулахаас илүү хариуцлагатай хандаж сурмаар байна. Тэгээд энэ хооронд ТЭЗҮ нь батлагдвал бодит ажиллагаанууд нь эхэлнэ.  Тухай графикт шаардагдах мөнгийг “Рио Тинто” гаргах юм. 2017 он хүртэл 9 тэрбум доллар,  төсөл хэрэгжих хугацаанд нийтдээ 14 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
 
-“Эрдэнэт” үйлдвэрийг” Оюутолгой”-той байнга харьцуулдаг. Эрдэнэт хот босгож байхад “Оюутолгой” юу хийсэн бэ гэх ч юм уу, ийм харьцуулалтыг улстөрчид байнга ярьдаг?
 
-Эрдэнэт хотыг барьж байгуулсан нь дан ганц “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой биш.  Социализмын давуу талыг харуулахын тулд, ЗХУ болон бусад соц улсын оролцоотойгоор Эрдэнэт хотыг байгуулсан. Ганц Эрдэнэт хот биш л дээ.  “Эрдэнэт”-ийг өөлөх юм бол хангалттай ярих юмтай төсөл. Дан ганц “Эрдэнэт” үйлдвэрийн орлогоор Эрдэнэт хотыг босгосон гэвэл ёстой том эндүүрэл болно.  “Эрдэнэт” хивсний үйлдвэр, цахилгаан станц, сургууль цэцэрлэг, орон сууц, барилга байгууламж бүхэлдээ социализмын иж бүрэн төлөвлөгөөр хэрэгжсэн ажлууд. Үүнийг “Оюутолгой”-той харьцуулаад жишээд байх  нь утгагүй.  
 
Тэс өөр төслүүд, тэс өөр механизм хэрэгжиж байна гэж ойлгох хэрэгтэй.  “Оюутолгой”-г түшиглэсэн хот сууриан босох ёстой юу гэвэл босох ёстой.  Гэхдээ үүнийг дан ганц “Оюутолгой” шийдээд,хэрэгжүүлээд явахгүй.  Монголын Засгийн газар, орон нутаг гээд бүгдээрээ оролцох ёстой.  Хот байгуулалт бол Монгол Улсын төрийн бодлого. Ямар ч байсан энэ ажлын хүрээнд жил бүр “Оюутолгой”-гоос Өмнөговьд таван сая доллар өгөхөөр тохиролцсон. Монголд жилд таван тэрбумын хөрөнгө оруулалт авдаг аймаг Өмнөговиос өөр байна уу гэвэл байхгүй шүү дээ. Хэр оновчтой зүйлд захиран зарцуулах  нь  орон нутгийн удирлагуудаас хамаарна.
 
- “Оюутолгой”-гоос орон нутагт таван сая доллар өгөхөөр тохиролцсон  гэлээ. Энэ мөнгөнд хэн хяналт тавих юм бэ?
 
-“Эрдэнэс Оюутолгой”, Өмнөговь аймаг,  “Оюутолгой” хамтраад хяналт тавих байх. Хамтарсан хяналтын зөвлөл байгуулах болов уу. Илэрхий тэнэг зүйлд зарцуулж болохгүй. Мэдээжийн хэрэг, мөнгөний үнэр авсан болгон “надад тэдэн төгрөг хэрэгтэй”, “ийм төсөл хэрэгжүүлэхэд мөнгө өгөөч” гэх л байх. Гэхдээ энэ бүгдэд  талууд хяналт тавиад, шийдээд явах механизм бол байгаа.
 
-Монголын эрдэс баялаг дээр Орос, Монголын өрсөлдөөн явж байна. Тиймээс гуравдагч орны хөрөнгө оруулалт чухал гэж үзэх хүмүүс цөөнгүй?
 
- Орос, Хятад бол  Монголын мөнхийн хөршүүд. Бид энэ хоёр хөршөөсөө хаашаа ч зугатаж чадахгүй нь тодорхой.  Өнөөдрийн энэ глобачлагдсан ертөнцөд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай, сайн хөрш явах ёстой.  Гэхдээ Орос дэлхийд цорын ганц улс биш, Хятад дэлхийд цорын ганц улс биш.  Тиймээс монголчууд дэлхийн олон оронтой, Японтой, Солонгостой, Герман, Америктай харилцах ёстой шүү дээ. Хувцас хунар, мэдлэг мэдээлэл, мал эмнэлэг, технологи, эрүүл мэнд, боловсрол гээд дэлхийд энэ чиглэлээро тэргүүлж байгаа орнуудаас суралцаж, импортлох хэрэгцээ, зайлшгүй шаардлага бидэнд бий. Тэгэхэд би зөвхөн энэ хоёртой харилцана гээд сууж болохгүй.   Гуравдагч орон гэж харна уу, эсвэл хамгийн сайн технологи, хамгийн мундаг компанитай харилцаж байна гэж ойлгоно уу, хамаагүй. Гол нь манай эдийн засагт энэ бол маш чухал хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
-Тавантолгойн цахилгаан станц дээр ямар оролцоотой байх юм бэ?
 
-Монгол Улс тавдугаар цахилгаан станц барина гэж миний мэдэхээр гучин жил ярьж байна. Нэг ч алхам урагшилсангүй. Тэнд барина, энд цэвдэгтэй гээд өөлбөл олон өө гарна.  Энэ шиг Оюутолгойг ч юм уу, Тавантолгойг ч юм уу өөр ямар нэгэн асуудлыг өөлөөд, ярьсаар байгаад хамгийн гол нь олон жилийн хөгжлөө алдаад байгааг олж хармаар байгаа юм. Өөлөөд байгаа хүн бол их гоё шалтгаан хэлдэг л дээ. Гэвч үр дүн нь юу вэ гэвэл өнгөрсөн 30 жилд нэг кВт эрчим хүч үйлдвэрлэдэг эх үүсвэр бариагүй л байхгүй юу.  Ямар азаар баруун аймгуудад хоёр жаахан усан цахилгаан станц барив.  Анх барихад нь яаж өөллөө. Одоо ямар гоё болж байна. Байгаль орчин, мал аж ахуй, амьдрах орчинд яаж нөлөөлж байна гэдгийг бүгдээрээ харж байгаа шүү дээ.  Тийм учраас өнөөдөр Оюутолгойг явуулах ёстой, Тавантолгойг явуулах ёстой. Эгийн голын цахилгаан станцыг барих ёстой. Харамсалтай нь, өнөөдөр Оюутолгойн эрчим хүч зуун хувьд Хятадаас хамааралтай байгаа.   Ямар байсан энэ төслийг өөрийн эрчим хүчээр хангах шаардлагатай. Хангаж чадахгүй бол нэг том асуудал үүснэ.  Монгол Улсын Засгийн газар дахиад Хятадтай гэрээ хийнэ, үнэ тарифын асуудал яригдана. Ер нь их эмзэг асуудал.
 
-Ардчилсан намын рейтинг өдөр ирэх тусам унаж байна. Хэдхэн хүний хэрүүлээс болоод танай намын нэр хүнд өдрөөс өдөрт доошилж байна. Ийм байдлаар ирэх сонгуульд оролцвол АН ялагдах нь гарцаагүй?
 
-Манай намын нэр хүнд 96 оноос доош орно гэж хэзээ ч байхгүй. Унаж яваа машинаа хар, барьж байгаа утсаа хар. Гудамж талбайгаа хар, замаа хар. Өдрөөс өдөрт Монгол Улс хөгжиж байна. Улаанбаатар гурван жилийн өмнө хур хогондоо дарагдсан байсан бол өнөөдөр иргэд нь хогоо цэвэрлэхэд идэвхтэй оролцдог болсон. Ипотекийн зээлээр хичнээн хүн гэр оронтой болов. Цаашлаад газраа зарж орон сууцанд хэдэн хүн оров.  Хүний сайнаар улс орон хөгждөггүй. Тогтолцооны сайнаар улс хөгждөг юм. Тогтолцоо нь эрүүл саруул, ил гаргаж ярьдаг.  Хариуцлага тооцдог бай:ж улс орон хөгждөг. Алдаа оноо байх нь асуудал биш. Манайхан ч өөрсдөө юмаа мэдээд сууж байгаа байх. Рейтинг бол түр зуурын үзэгдэл.  “Телевиз”-ээр илүү гялтганадаг болохоороо манай намынхан л муу, муухай харагдаад байгаа байлгүй.
 
Ж.НЯМСҮРЭН