Улс төрийн хулгайч муур
2015/06/07
Зуны тэргүүн сарын 15-ны ѳдрѳѳр, Бурхан багшийн эхээс мэндэлсэн, бурханы хутгыг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 их үйл давхцсаны учир ИХ ДҮЙЦЭЛ хэмээн нэрийджээ. Түүхийн ховор үзэгдэл тохиосон энэ ѳдрийг бурхан багшийн олон дүйцэн ѳдрүүдэс тодруулан их Дүйцэн хэмээн тооцож, бурханы олон шавь нар нь бурхан, шүтээнээ тахиж, хурал номоо базааж их үйлсийг бүтээдэг уламжлал тогтсон байдаг, сүүл үедээ бол лам нар жалсаал хийдэг болж.
Тѳвдийн Дүйцэн гэдэг нь Их цаглал гэж монгол хэлнээ буудаг болтой юм. Илдэн бэйлийн хошууны хамба хувилгаан лам Агваандамба, Түшээт ханы Дайчин бэйсийн хийдийн гавж их бандида Зава Дамдин гээд том том лам нарын санаачилгаар, Бурхан багшийн Дүйцэн ѳдрѳѳр Чойрын ном хаялцаж Сира хийдэд шавилан суух лам нараа бэлтгэдэг байсан аж.
Чойр гэдэг нь теория гэх үгний хувилсан хэлбэр юм гэнэ билээ гэцгээдэг. Ямартай ч Чойр нь буддын гүн ухааны онолын үндэслэлүүд байсан нь тодорхой, түүгээр онолын маргаан, мэтгэлцээн явуулахыг ном хаялцах гэдэг байсан нь хэн бугайд ч одоо ойлгомжтой болсон зүйл. Хишигтэй сайхан энэ ѳдрѳѳр манай VIP76 бас л идэвхжиж, хѳѳрцѳглѳн дайрцгааж буруу зѳвгүй чойрдоцгоов. Бурхан багштай арсалдан дүйцэндлээ гэх нь арай хаашаа юм, тэднийг хѳдѳлгѳѳнд оруулсан ямар нэг учир шалтгаан байгаа л байх л даа.
Энэ ѳдѳр бүх намын бүлгүүд хуралдаж, олон гишүүн медиад ярилцлага ѳгѳн түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоов. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим медиагаар дамжуулан ард түмэндээ хандан түгээмлээр хайр зарлацгаав. Эд нарын үгийг масс тоохоо болиод удаж байгаа ч гэсэн яахав энэ идэвхжлээс ямар нэгэн ерѳнхий дүр зураг харагдаж магадгүй гэсэн санааны үүднээс гүйлгэн уншлаа. Тэгтэл салангид үгнүүд биш болох нь улам бүр мэдрэгдэв, тэр ч бүү хэл намын харъяаллын хамааралгүйгээр тодорхой сонирхлуудаар нэгдмэл байгаа ч юмуу гэж бодогдохоор байсан тул нэг бүрчлэн уншлаа. Улаан цайм лобби яваад байгаа нь ойлгомжтой болов.
Сонгуулийн ѳмнѳ лоббизм хэрхэн үр дүнтэй механизм болон үйлчилдгийг америк жишээн дээр эх сурвалж ухаж тѳнхѳн мэдээд авлаа. Ѳѳрийн ажигласан зүйлээс бүдүүвчлэн тоймлов, цааш нь нарийвчлаад лоббийн аль группэд хэн хэн нэгдэж байна ч гэдиймүү хүсэл байвал анализ хийцгээнэ биз ээ. Лоббизм буюу ( lobbyizm) fat cat тогтолцоо. Парламентийн гишүүдийг дарамтлах, эсвэл худалдан авах замаар хувийн фирм, корпорацид ашигтай шийдвэр гаргуулахыг лоббизм гэнэ. Америкт, том олигархиуд ѳѳрсдийн хүнийг сенатад нэр дэвшүүлэн хѳрѳнгѳ хаяж сонгуулаад дараа нь ѳѳрсѳддѳѳ ашигтай шийдвэр гаргуулдаг, сонгуулийн үеэр идэвхждэг тогтолцоо бий. Энийг америкчүүд fat cat гэнэ. Бүдүүн, эсвэл тарган муур гээд орчуулж болох ч мэдрэмж сайтай монгол ухаан, шударга бусаар баяжагсадыг хулгайч муур гээд дээр үеэс ярисаар ирснийг утга тулгаваас ялгаа ч алга, онож л байна. Монголчууд, ѳнгѳн дээрээ сайхан зантай гэмгүй царайлчихаад далдуур худал хэлж, ар хударгаар хулгай хийж явдаг хүнийг хулгайч мууртай зүйрлэн хочилдог.
Монголын лоббичид бол хулгайч муурнууд, гэхдээ америкийн fat cat-нээс ялгагдах нэг онцлог бий. Америк муурнууд албан тушаалд очуут лоббидсон хѳрѳнгѳтнүүддээ ашигтай шийдвэр гаргаж ѳгдѳг. Монгол муурнууд, олигархиудаас мѳнгий нь аваад хулхидчихдаг болхоор хаширсан олигархиуд нь эхлээд шийдвэрээ гаргачих, дараа нь бол баараггүй гэсэн байдлаар ханддаг аж. Жишээ нь Тавантолгойн тѳсѳлд манайхийг оруулчих, дэмжсэн хүмүүсийн сонгуулийн зардлыг хариуцна гэдэг ч юмуу Оюутолгойг дэмжчих, сонгуулийн зардал баараггүй гэх эсвэл офшоор дансанд нь хѳрѳнгѳ байрлуулна гэх жишээтэй л юм. Тохиролцоо бол тун энгийн, харин ѳгѳж авах махинаци нь манай АТГ-ын хэдэн мэдлэг, боловсрол нимгэн түшмэдүүдэд бүү ярь ОУ-ын авилгаар тѳрѳлжсѳн лунжгар туршлагатай хуульчидад ч баригдахааргүй нарийн хийгдэнэ. Ер нь америкт ном сонсоод ирсэн тѳрчид, бизнесманууд мэдлэг сураад ирэхээсээ урьтаад муугий нь сураад ирсэн гэмээр л байцгаах юм.
1. Оюутолгойн лобби групп
2. Энержи ресурсийн лобби групп.
3. Эрдэнэс Таван толгойн лобби групп
4. Монголын тѳмѳр зам лобби групп
5. Гадаадын ХО фирмийн лобби групп Лоббийн группэд багтаж чадаагүй улс тѳрчид агуу эх орончдын дүрд хувилан, ард түмний нэрийг барин ариун дайнд мордоцгоов. Тэдэнд дургүй нь хүрсэн Ж.Оюунгэрэлээс эхлэн зарим олигархиуд...баян хүнд атаархсан тэнэгүүд, тэнэглэл... гэж хараав.
Тавантолгойн дайн эхлэх болоогүй байна гэж нэгэнтээ М.Энхсайханы дурсаж байсан нь ортой болоод ирлээ, мэдээллийн дайн бол эхэлчихсэн. Энэ схемийг цааш хѳгжүүлээд аль группэд нь хэн орж байгааг, тэдний хэлсэн үг үйлдлээс уншигчид тѳвѳггүй олоод харчих биз ээ. Зарим гишүүд давхар лобби хийж байгаа нь ил харагдах байх. Мэдээж дийлэнхи лоббичид Оюутолгой дээр сууж байгаа нь ойлгомжтой. Нэг зүйл бол маш тодорхой, тэр нь намын харъяалал харгалзахгүй лоббидно, хэлсэн үгнүүдээс анзаарна биз ээ. Ард түмний ѳмнѳ улс тѳрийн бүлэглэл юм шиг мѳртѳѳ далдуур формал бус лоббийн бүлэглэл үүсэн сонгуульд бэлдэх ажилдаа орцгоожээ л гэж харагдах л болуу. Бурхан багшийн Их Дүйцлийн дараахан нь АН-ын Тѳрийн ордны зѳвѳлгѳѳн, МАН-ын Тусгаар тогтнолын ордны уулзалдаан, МАХН, МҮАН-ын Хээрийн салхи хэмээх хѳѳрѳлдѳѳн 3 их үйл давхцаж, улс тѳрийн Их Дүйцэл тохиов. Мэдээж, Оюутолгой акцион амжилттай болж их мѳнгѳ орж ирэх нь тодорхой болсон болхоор тэрнээс сонгуульд зориулан шанагадах тоглоомын дүрмээ тохирцгоох нь, ядарч л яваа ард түмний амьдралын асуудлыг хэлэлцсэнээс чухал байсан нь ойлгомжтой юм. Сонгуульд бэлтгэх ажлаа тоглоомын дүрэм гэсэн нь тэдний ѳѳрсдийх нь хайрласан нэр. Ард түмний СОНГУУЛЬ ч уг нь тоглоом биш л дээ, новшийн ч юмаа даа. Хатан Туул маань байгалийн жорлон болж, тѳрийн ордон маань улс тѳрийн жорлон боллоо гэж нэг нь бичсэн гэнэт санаанд оров.
И.Цэрэнхүү