З.Энхболд: Өнгөрсөн хугацаанд 19 тэрбум төгрөгөөр юу хийв
2015/06/07
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутаг дахь томилолт үргэлжилж Алтанбулаг чөлөөт бүсэд ажиллан, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр УИХ-ын даргад 2013-2015 онуудад хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулсан юм. 2014 оны зургаадугаар сарын 22-ны өдөр бүсийн үйл ажиллагааг нээж, олон улсын үзэсгэлэн, яармаг худалдааг зохион байгуулсан гэв.
Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт, газрын гэрээ байгуулсан 112 аж ахуйн нэгж, чингэлэгийн худалдаа эрхлэх 59 аж ахуйн нэгж тус бүс нутагт ажиллаж, 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж . Дэд бүтцийн хувьд одоогоор гааль худалдааны зам талбайг улсын комисст хүлээлгэн өгч ашиглаж эхлээд байгаа аж. Мөн бүсийн үерийн хамгаалалтын далан сувгийн ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн, бүсийн доторх 800 м3 усан сан, бүсийн доторх цэвэр, бохир усны шугам хоолойн туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэж хэрэглэгчийг холбоход бэлэн болсон байна.
Мөн 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр УИХ-ын баталсан “Алтанбулаг” чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг байгуулж дуусаад байгаа гэв. Тус бүсийн үйл ажиллагааг эхлүүлсэнээс хойш 2014 оны есдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар бүсэд 11330 зорчигч нэвтэрсэн бөгөөд чөлөөт бүсийн үйл ажиллагаа хэвийн горимоор явагдаж байгааг УИХ-ын даргад танилцуулсан юм.Чөлөөт бүсэд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлал, үйлчилгээ, олон улсын банк санхүүгийн чиглэлийн, төлбөрт таавар, бооцоот тоглоом гээд бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн зохицуулалттай бөгөөд чөлөөт бүсийн нийт орлогын 20 хүртэлх хувийг чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор зарцуулах юм байна. Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн мэдээлснээр чөлөөт бүсэд одоогоор эхний ээлжийн хөрөнгө оруулагчдын хэрэгцээг хангах төдий 35/6кВт-ын 160х2, 400х1, 630х1 ил станц, хаалттай дэд өртөө (630х2) ажиллаж байна.
“Сэлэнгэ-Дарханы цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас нэмж техникийн нөхцөл олгох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Цаашид ерөнхий төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд 35/6кВт-ын дэд өртөөний хүчин чадлыг 35/10кВт-ын хүчдэлтэй 2х6300 кВт чадалтай болгон өргөтгөнө. Алтанбулаг сумын төвийн хэрэглэгчдийн болон чөлөөт бүсийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх цахилгааны ачааллыг шинээр 3 хаалттай дэд өртөө барьж шийдвэрлэх аж. Алтанбулаг чөлөөт бүсийн цахилгаан хэрэглэгчдийн ачааллыг 2 ш 10кВт-ын хуваарилах байгууламж, 8 ш хаалттай дэд өртөөг шинээр барьж эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна. Цахилгаан хангамжийн зураг төслийг хийх ажлын даалгаварыг бэлтгэж зураг төслийн үнийн санал авахаар эрх бүхий байгууллагуудад хүргүүлээд байгаа аж.Түүнчлэн чөлөөт бүсийн хүзүүвчийн болон эхний ээлжийн бүтээн байгуулалтын төслүүдэд шаардлагатай зориулалтын стандарт зам талбайг барьж байгуулах, олон улсын үзэсгэлэн яармаг худалдааны цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, мод модон бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэлийн паркийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд шинээр хэрэгжүүлнэ гэлээ.
Танилцуулгын дараа УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс хэчнээн төгрөгийн санхүүжилт авч, ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар тодруулав. Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр “Өнгөрсөн 2 жилийн хугацаанд улсын төсвөөс нийтдээ 19 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Үүгээр цэвэр усны асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд бохирын шугам сүлжээний ажил 70-80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Энэ ажлыг дуусгахад 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Түүнчлэн цахилгаан, зам, дулааны станц зэрэг дэд бүтцийн асуудлыг концессын гэрээгээр шийдвэрлэх шаардлага байгаа гэлээ. УИХ-ын дарга З.Энхболд "10 тэрбум төгрөгөөр нэг сумын төвийг бүрэн тохижуулдаг байтал танай чөлөөт бүс 19 тэрбумын төсөв авсан байна. Гэтэл бохир усны шугамаа Алтанбулагаас Сүхбаатар хүртэл татахаар төлөвлөсөн нь инженерийн шийдлийн хувьд оновчгүй, эдийн засгийн хувьд үрэлгэн бодлого болсон байна" хэмээн шүүмжлэв.УИХ-ын дарга дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар чөлөөт бүсэд худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.УИХ-ын даргыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс ажиллаа.