Л.Оюун-Эрдэнэ:  Манай намд бохир аргаар улстөр хийдэг жишиг тогтож байгаад харамсч байна
НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Харвардын их сургуулийг дүүргээд эх орондоо ирээд байгаа юм. 

-Юуны өмнө “будаг нь ханхалсан” шинэхэн төгсөгчид амжилт хүсье. Сургуулиа төгсч ирээд ажилдаа орчихов уу? 

-Cургуулиа амжилттай төгслөө Ирсэн өдрийн маань маргааш МАН ын удирдах ажилтны зөвлөгөөн болж таарсан. Намынхаа бодлого чиглэл, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн хуулийн талаар багцлаад мэдээлэл авах боломж гарсанд баяртай байна. Хоёр жил системийн гадна байсан хүнд сонсох, мэдээлэл авах хэрэгцээ их байлаа. 

-Гэхдээ та Монголын улстөрд өрнөж байгаа үйл явцын талаар байнга мэдээлэлтэй байсан биз дээ?

-Сургаар сонсох, дунд нь байх хоёр өөр шүү дээ. -Таныг ирэнгүүт залилан хийсэн гээд хэвлэлээр шуугиад эхэллээ.

-Алс газар явсан нөхрөө хадаг барьж угтдаггүй юм гэхэд хараалаар булж угтах нь монгол ёс биш. Н.Номтойбаяр гишүүн Намын удирдах ажилтны зөвлөгөөн дээр “Америкаас хоёр луйварчин ирсэн” гэж ярихад нь их гайхсан Дараа нь материал хэвлэчихсэн орон нутгийн намын дарга нарт тарааж байна гэсэн. Бүр орон нутгаар хүмүүс гарчихсан, манай холбооны Их хурлын төлөөлөгч залуучуудтай уулзалт хийгээд явж байна гэж сонссон. Өнгөрсөн долоо хоногт бараг бүх хэвлэлээр намайг гүтгэлээ. Би намын байгууллагын шат шатанд ажил хийж, олон арга хэмжээ зохион байгуулж явлаа. Нэг нэгийгээ гүтгэж, ийм үйлдэл гарч байсныг санахгүй юм. 

- Таныг Хяналтын хороонд өгсөн гэсэн. Ямар зөрчил гаргасан юм бэ? 

-Би Хяналтын хороонд өгсөн бичгийг нь харсан. Бас энэ хорооны удирдлагуудтай уулзаж тодруулга авсан. Сонирхолтой л үндэслэл санагдсан. “Нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ 2012 оны долдугаар сарын 7- ны өдөр Я.Содбаатарын гарын үсгийг хуурамчаар ашиглан хийлч Б.Дэлгэрцэцэгт Тусгаар тогтнолын ордны их танхимд хоёр цаг үнэгүй тоглох эрх өгсөн ноцтой зөрчил гаргасан” гэсэн мэдээлэлд үндэслэж гомдол гаргасан байна лээ. 

-Ийм зүйл болсон юм уу? 

-Би Хяналтын ерөнхий хорооноос хоёр зүйлийг тодруулсан. Нэгдүгээрт Я.Содбаатар даргын гарын үсэгтэй батламж дээр өөр хүний хүсэлт байхад яагаад надтай холбож тайланд оруулсан талаар асуусан. Хоёрдугаарт, нууцын зэрэглэлтэй Хяналтын хорооны архивын баримтыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр яаж авчихсаныг тодрууллаа. Хяналтын ерөнхий хорооны дарга Цагаанхүү, өмнөх дарга Д. Дондог дарга нар уулзаад Хяналтын хорооны хянан шалгагч М.Оюунчимэг үүнийг буруу ойлгож бичсэн байна гээд, тэр хүн нь надаас уучлалт гуйсан. Гэхдээ л энэ мэт зүйлийг намын удирдлагууд цаашид анхаарах ёстой. Үндэслэлгүй зүйл тайланд бичиж, тэр нь хэн нэгний гарт орж, хэвлэлээр тардаг байж таарахгүй биз дээ. 

-Таныг Америкт байхдаа М.Ариунбат гэдэг хүнийг залилсан гэж хэвлэлээр гарч байна. Энэ талаар тайлбар хийхгүй юм уу? 

- Би залилсан биш, залилуулсан хүн нь шүү дээ, уг нь. Жоржтауны сургуульд хэл сурахаар явахын өмнө “Сонгуулийн санал тоолох машин оруулж ирсэн компани З.Энхболдын хувийнх байж магадгүй” гэдэг зүйл ярьсан. Үүний дагуу З.Энхболд гомдол гаргасны дагуу надад хэрэг үүсгээд хилээр гарах эрхийг маань хязгаарласан. Аравдугаар сарын 26-нд уучлалт гуйгаад хилээр гарах эрхтэй болсон. Гэтэл виз мэдүүлэхэд өгөх ёстой сургуулийн бичгийг шуудангаар авах гэхээр хугацаа нь амжихгүй байсан юм. Тиймээс өмнө нь АНУ-д очихдоо танилцсан М.Ариунбат гэдэг залууг сургуулийн бичгийг минь аваад онгоцоор явуулж өгөхийг гуйсан. Ариунбат сургуульд оюутан зуучилдаг, урилга явуулдаг компани ажиллуулдаг учраас “асуудалгүй” гэсэн ч “сургуулийн бичгийг төлбөрөө төлөөгүй бол өгдөггүй юм” гэсэн. Тиймээс би түүний данс руу хагас жилийн төлбөр 8200 ам.долларыг шилжүүлсэн. Гэтэл Ариунбат миний явуулсан мөнгийг сургууль руу шилжүүлээгүй байсан. Түүнийгээ “Танай Амарбаясгалан дарга НИТХ-ын шугамаар манай компанийн урилгаар ирээд төлбөрөө төлөөгүй. Тиймээс чиний мөнгийг суутгаж авсан” гэж надад тайлбарласан. Тэгээд “Амарбаясгалангаас энэ талаар тодруулъя, чи тэр болтол шүүх, цагдаа гэж битгий яваарай. Надад их халтай” гэсэн юм. Амарбаясгалангаас тодруулахад “НИТХ-ын шугамаар “Армонгол трайвэл” компанитай гэрээ хийж явсан. Ариунбаттай ямар ч холбоогүй” гэж хэлсэн. Маргаан шийдэгдэхгүй явсаар жил гаруй хугацаа өнгөрч байтал Амарбат “Амарбаясгалан чинь олдохгүй байна, надад 20 мянган ам доллар өгөх ёстой” гэдэг үндэслэлээр намайг шүүхэд өгсөн юм. Тиймээс би Элчин сайдын яаманд хандаж, өмгөөлөгч авч 8200 ам.доллараа авъя гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүхээс “Энэ хоёр хүний асуудал тусдаа юм байна, 8200 ам.долларыг нь төл” гэсэн шийдвэр гаргасан чинь Ариунбат дампуурлаа зарлачихсан. Америкийн хуулиар төлбөрийн чадваргүй бол төлбөр төлдөггүй юм байна лээ. Товчхондоо ийм л юм болсон. Ариунбат гэдэг хүн сургуульд зуучилна энэ тэр гэж мөнгө аваад гаршчихсан нөхөр байна лээ. Уг нь би хохирогч байтал луйварчин болчихоод байгаад харамсч байна. Учир нь олдох биз гээд чимээгүй байгаад байтал бүр нэмж цуурхал тараах боллоо. Ингээд байхаар миний тэвчээр барагдаж байна. Хүмүүсийн яриад байгааг тайлбарлаж, няцаах ёстой гэж бодож байгаа Энэ болсон явдлын үнэн учрыг миний эсрэг материал тараагаад байгаа хүмүүс ч мэдэж байгаа. Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө шилжүүлсэн баримтаа ч шүүлгэж, авлаа. 

-Тэгээд үүнийгээ яагаад эрт тайлбарлаж, няцаалт өгөөгүй юм бэ? 

-Сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаад яах вэ гэж бодсон. Зарим хүнтэй уулзаж юу болоод байгааг тодрууллаа. Чихэндээ ч итгэмээргүй юм олж сонссон. 

-Юу сонссон гэж? 

-Намайг гүтгэх ажиллагаа бүр есөн сарын өмнөөс эхэлсэн юм байна. Н.Номтойбаяр АНУ руу тусгайлан хүн явуулж, М.Ариунбаттай уулзуулж, Ерөнхийлөгчийн тамгын газар болон намын удирдлагуудад захидал бичихийг зөвлөж, бичлэг хүртэл хийж өгөхийг хүссэн байна. Би мөнгөө алдчихаад өнөөдөр ийм байдалд орчихоод байгаа юм. Хэрэв би төрийн байгууллагад ажилладаг, гарын үсэг зурах эрхтэй байсан бол шууд зохион байгуулалттай гэмт хэрэгт гүтгэх улстөрийн жишиг тогтох нь байна шүү дээ.” Тагнана чагнана, хууль хүчний байгууллага миний талд байгаа” гэдэг үгийг ирснээсээ хойш хичнээн ч их сонсов. Монгол Улс хоёрхон жилийн дотор танигдахын аргагүй өөр болж. Хамгийн харамсалтай нь энэ соёл, ингэж улстөр хийдэг арга манай нам дотор тогтож байгааг хараад харамсч байна. Би энэ бүх гүтгэлгийн хариуг намын удирдлага, УИХ дахь намын бүлгийнхэн болон орон нутгийн намын хороо руу явуулна. Ямар юм болсныг, юу гэж гуйвуулж байгааг харьцуулаад дүгнэлт хийнэ биз. 

-Нийслэл, зарим аймгийн НАМЗХ яагаад “хэл ам татлаад” байгаа юм бэ? 

-Ажлын хэсгийн гишүүд хоорондоо маргалдсан учраас, маргааныг таслах зорилгоор намын дарга М. Энхболд болон холбооны анхны Ерөнхийлөгч гэдэг утгаар нь Шадар сайд У. Хүрэлсүх нартай ажлын хэсгийнхэн уулзсан. Намын дарга талуудын байр суурийг сонсоод маш тодорхой гурван чиглэл өгсөн. Нэгдүгээрт, чуулганаа хийгээгүй нийслэл, аймаг, дүүрэг Их хурлаас өмнө чуулганаа хийх. Хоёрт, намын дүрмийн дагуу төлөөлөгчдийн 25 хувь эмэгтэй байх. Гуравт, холбооны дүрэмд 18-35 насны гэж заасан боловч, нас хэтэрсэн Дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд таслах эрхийн мандаттай оролцох чиглэл өгсөн юм. Ийм чиглэл өгснөөс хойш Ажлын хэсэг энэ асуудлыг огт хэлэлцэлгүй хоёр долоо хоносон. Тиймээс намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатад хандаж, намын даргын чиглэлийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хүссэн юм. Генсек 2-3 удаагийн уулзалт хийж, ойлголцлоор энэ асуудлыг шийдвэрлэхийг зөвлөсөн ч ажлын хэсэг дахиад зарчмын шийдэл гаргаагүй. Энэ байдалд дургүйцсэн залуус, нийслэлийн намын хороогоор энэ асуудлыг хэлэлцэхийг хүсч шаардлага хүргүүлсэн. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид хуралдаад нийслэлийн НАМЗХ-д тодорхой чиглэл өгсөн боловч, ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. 

-Намын дарга тодорхой чиглэл өгчихсөн л юм байна шүү дээ. Намын дарга чиглэл өгнө гэдэг бараг тушаал өгсөнтэй ижил биз дээ? 

-Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг хүртэл ажлын хэсэг энэ асуудлаар шийдэл гаргаагүй. Тиймээс хуралд нь оролцож, маргаантай байгаа энэ асуудлыг таслахгүй бол Их хурлын уур амьсгалд нөлөөлнө гэдгийг хэлж, санал хураалтаар асуудлыг шийдвэрлээд намын удирдлагуудад мэдээлэхийг шаардсан. Ингээд дээрх маргаантай асуудлуудаар санал хураалт явуулахаар болсны эхнийх нь нийслэлийн НАМЗХ-ны чуулганы тухай асуудал байсан. Ажлын хэсгийн 11 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж, зургаа нь Их хурлаас өмнө чуулганаа хийх шийдвэрийг гаргасан. Хурал удирдсан ажлын хэсгийн ахлагч Г. Тэмүүлэн ийм шийдвэр гарангуут бусад асуудлаа ч хэлэлцэхгүй, гарын үсэг зуралгүй гараад явчихсан байгаа юм. 

-Энэ байдал цаашид үргэлжилж, ойлголцолд хүрэхгүй бол яах вэ? 

-Ямар ч шийдэлгүй ингэж явбал Их хурлын уур амьсгалд сөргөөр нөлөөлнө. Хяналтын хороо хуралдаад нас хэтэрсэн хүмүүс таслах эрхийн мандаттай орох боломжгүй тухай шийдвэр гаргачихсан байдаг. Гэтэл хуралд нас хэтэрсэн хүмүүс орж ирнэ гэсэн үг. Ингээд л бөөн маргаан болно. Хяналтын хорооны дүгнэлтийг дагах уу, эсвэл ширэнгэн ойн дүрэм үйлчлэх үү. Манай холбооны дүрмээр Хяналтын хороо бол Их хурлын субьект шүү дээ. Дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх боломжгүй. Үгүй бол шүүхэд хандахаас өөр замгүй болно.


-Та ингэхэд хэдэн настай вэ. Танд Ерөнхийлөгчөөр ажиллах хэдэн жилийн хугацаа байгаа вэ? 

-Би 35 настай. Дүрмээрээ бол 35 настай хүн сонгогдоод, дахин дөрвөн жил ажиллах эрх зүйн үндэслэлтэй. Харин 36 хүрсэн бол сонгогдож болохооргүй байгаа юм. НАМЗХ- ны дүрэмд 18-35 насны хүн сонгогдох эрхтэй гэсэн нь маргаан үүсгээд байна л даа. Өмнөх Бага хурлаар 35 насны хязгаарыг 40 болгоё, дүрмээ өөрчилье гэсэн санал гарч байсан. Аймаг, нийслэл, дүүргийн тэргүүнүүдийг дуудаад хамтарсан чиглэл өгье, үгүй бол Бага хурал маргаантай болно гэсэн. Миний хувьд үе сольдог энэхүү зарчмыг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлснээс хойш энэ зөрчил хурцадсан. Сонгогдох насны хязгаар 40 байна гэдэг 44 нас хүртлээ залуучуудын холбооны сонгуульт албан тушаалд байж болно гэсэн үг. Гэтэл өнөөдөр манай намын генсек 37 настай шүү дээ. Бодох л асуудал. Соц интерний залуучуудын байгууллагын дүрэмд бүрэн (fully), дийлэнх (mainly) гэсэн өгүүлбэр байдгийг үндэслэл болгож байгаа юм билээ. Нэг үгээр хэлбэл гишүүд нь 35 хүртэлх насны, удирдлагынх нь хүмүүс 40 хүртэл насныхан байж болно гэдэг үндэслэлийг гаргаж тавьж байгаа. Би энэ дүрмийг маш сайн судалж үзсэн. Соц.интерний дэргэдэх залуучуудын байгууллагын нас бүрэн (ful- ly), дийлэнх (mainly) бүгд ороод бүр 14-35 байдаг. Юун 40 нас. Энэ дүрмийг орчуулж байгаа. Тэгэхээр тодорхой болно. Хэрэв бид насаа өөрчилбөл Соц.интерний дэргэдэх залуучуудын байгууллагын статусаа алдах болно. 

-Намын дэргэдэх залуучуудын байгууллагын гишүүний насыг 35-аас нэмэгдүүлэхгүй бол залуус улстөржөөд байна. Гэтэл залуучууд энэ насандаа улстөржих бус сурч боловсрох ёстой гэх хэсэг бий. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ? 

-НАМЗХ улстөрийн байгууллага биш шүү дээ. Улстөрд бэлтгэгдэж байгаа залуучуудын байгууллага. 35 хүртэлх насныхан энд хат суух ёстой. Намын ажилд шууд оролцохоос өмнө, сургалт зохион байгуулдаг, багаар ажиллах чадвар эзэмших, үе тэнгийнхэнтэйгээ найз нөхөд болж, намын үзэл баримтлалыг ойлгоод явах үе. Өөрөөр хэлбэл улстөрч болох дамжаанд сурч байна гэсэн үг. Төгсөөд намын үүр, хороонд бие даагаад ажиллах зэргээр улс төрд орж ажиллах хэрэгтэй. Тэрнээс биш 45 нас хүртлээ “дамжаандаа” суугаад байж болохгүй. Холбоо ийм л үүрэгтэй байсан. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүлгийн дарга гээд одоо намыг маань өнгөлж яваа залуус бүгд энэ холбоогоор дамжиж шат ахиад явж байгаа. 

-Тэгвэл танаас ах хүмүүс насыг нэмэхийн төлөө зүтгээд байгаа юм байна, тийм үү? 

-Миний хувьд НАМЗХ-ны нэг үеийнхэн дотор хамгийн залуу нь. Тэгэхээр Оюун- Эрдэнэ гэдэг хувь хүн өөрийгөө бодоод байна гэж хараад байж магадгүй юм. Тэгээд ч анхааралтай ажиглавал энэ бүхэн тодорхой болно. Өнөөдөр улайрал туйлдаа хүрч байна. Зарим хүн рүү хууль хяналтын байгууллагын нэр барьж утасдаж, дарамталж байна шүү дээ. 

-Таныг бас хардах шалтгаан байна. Та хоёр жил гадаадад сургуульд явахдаа НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг хэн нэгэнд өгөөгүй. Тэгээд ч өөр хүнд шилжүүлэхгүйн тулд их хурлаа хугацаанд нь хуралдуулаагүй юм биш үү? 

-Тийм ээ. Би өнөөдөр харамсч байгаа. Залуучуудын холбооны дүрмээр Ерөнхийлөгч зөвхөн Их Хурлаар сонгогддог. Тухайн үеийн намын удирдлагуудад би ажлаа өгөөд явахыг хүсч байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Үүнийг намын удирдлагад байсан олон хүн гэрчилнэ. Ө.Энхтүвшин дарга маань зөвлөж, одоогийн намын дарга М.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх, Н.Энхболд нар дэмжиж байгаагаа илэрхийлж, Н. Багабанди дарга, С.Батболд, МУИС-ийн ректор С.Төмөр- Очир дарга нар маань тодорхойлолт бичиж, Ц.Мөнх-Оргил гишүүн сургуулийн талаар ойлголт өгч байсныг тодхон санаж байна. Бүгд л, нам цөөнх байх үед УИХ дахь бүлэг илүү ачаалалтай ажиллана. Харин чи ажилд “чанагдсан” хүн. Одоо номыг нь үзчихээд ир. Шинэ үзэл санаа, шинэ хүмүүсийн урсгалыг намдаа авчир гэж зөвлөж байсан. Надад энэ боломжийг гаргаж өгсөн намын удирдлагууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийг хүсч байна. Нөхөд маань ч амжилт хүсч, гаргаж өгч байсан нь өчигдөр юм шиг л санагдаж байна. Би энэ үүргийг хангалттай сайн биелүүлсэн гэж боддог. Цаг хугацаа харуулна биз дээ. Харин эргээд ирэхэд ингэж угтана гэж ёстой зүүдэлсэнгүй. Энэ сарын 24-30- ны хооронд Харвард төгсөгчдийн баг Азийн зургаан орноор аялж байгаа. Би гурван оронд илтгэл тавихаар байсан болохоор чөлөө хүссэн. Гэвч НАМЗХ-ны их хурлын бэлтгэл хангах ажлын хэсгийн ажил явахгүй, зөрчилтэй олон асуудал гарсан учраас тус аялалд орж чадаагүй. Үүнийг мушгих хэрэггүй. Намын дарга дэвшүүлж, Их хурлаар сонгогдсон нэг л Ерөнхийлөгч байгаа. Их хурлаар сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дөрвөн жил хурлаа хийгээгүй гэдэг үндэслэлээр “хүчингүй” гэж мэдэгдэнэ гэдэг арай л өрөөсгөл үндэслэл. НАМЗХ нэг л хууль ёсны Ерөнхийлөгчтэй, тэр нь би. 

-Та 2010 онд НАМЗХ ерөнхийлөгч болсон. Тэр үеэс хойш холбооны дүрэм өөрчлөгдөөгүй байгаа юу?

 -Өөрчлөгдөөгүй. 

-Танд өөрчилмөөр юм юу байдаг вэ? 

-Дүрэмд тодотгол хийх асуудал байгаа. Энэ тал дээр ажиллаж байна.
 

М.Алтанцэцэг