Лидер дагасан “бөөгнөрөл” монголд хэрэгтэй юу
2015/06/16
Монголын улс төрд шинэ үе дутагдаж байх шиг ээ. 1990 онд ардчиллын салхи сэвэлжүүлж явсан хэсэг одоо ч нэг, хоёдугаар ээлжийн улстөрчид гэгдсээр л байна. Албан тушаалын хуваарилалтад тэд л нэг, хоёрдугаарт бичигдэж, тэдний арын үе улс төрийн аль ч хүчинд үнэндээ алга.
Залуустаа зайгаа тавьж өгдөггүй нь хоёр том намын, зай эзэлж чаддаггүй нь залуусын нийтлэг төрх болжээ. Лав энэ хандлага 2016 оны УИХ-ын сонгуулиар ч үргэлжлэх нь тодорхой боллоо. АН, МАН-ын өнөөгийн төрх, байгаа байдлаас үүнийг харж болно.
УИХ-д хамгийн олон суудалтай АН-ын дарга З.Энхболд ҮЗХ-ны гишүүдтэйгээ уулзахдаа тус намаас 2016 оны сонгуульд нэр дэвших нэгдүгээр ээлжийнхэн бол одоогийн УИХ дахь бүлгийн гишүүд нь гэж хэлжээ. Түүнд үнэхээр өөр сонголт байгаагүй биз. Сонгогчдын санал авах танигдсан улстөрчид бол УИХ дахь АН бүлгийн 35 гишүүн нь яах аргагүй мөн.
Харин МАН-ын хувьд залуустаа зайгаа тавьж өгөхдөө АН-аасаа арай дөнгүүрч НАМЗХ-ныхан насны босгоо 35-аас өндөрсгөх гэж зүтгэж буйг зөвтгөж тайлбарлах аргагүй мэт. Эндээс харахад Монголын улс төр шинэ үегүй, Монголын сонгогчид шинэ үе хүсэхгүй байгаа ч юм шиг. Ийнхүү мөнхийн залуу тодотголтой топ моделиуд байдаг шиг мөнхийн залуу гэгддэг улстөрчдийг төрүүлсээр байх уу. Энд өгөх ганц хариулт бол улс төрийн намууд нь институц болж төлөвшөөгүй, улс төрийн дараа үе бэлтгэгдээгүйтэй л холбоотой. Өөрөөр хэлбэл, Монголын нийгэм улс төрийн лидер хайдгаас улс төрийн институц сонгосон тохиолдол тун ховор. Үүнийг өнөөг хүртэл байгуулагдаж ирсэн гурав дахь хүчнүүдийн жишээнээс харж болно. МАН, АН-ыг түр хойш тавиад өөрсдийгөө гуравдагч хүчин гэж байсан намуудын түүхийг эргэн сөхье.
Анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой ирэх долдугаар сарын 29-нд болох гэж байна. Энэ хугацаанд Монголд парламентын ардчилсан сонгууль долоон удаа, Ерөнхийлөгчийн сонгууль зургаан удаа болжээ. Эхний сонгуулиудад оролцсон намууд нь, өрсөлдсөн улстөрчид нь бүгд шилжилтийн үеийнхэн. Одоо ч тэд л улс төрд ноёлсоор байна. Харин тэдний араас гарч ирсэн намууд нь ямар байв аа. Монголын парламентын түүхэнд анх удаа гуравдагч хүчнээс бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нам бол МАХН, МҮ АН-ын “Шударга ёс” эвсэл. Улс төрийн нэгэнт тогтчихсон МАХН гэдэг брэнд нэр, нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр гэсэн нэр л “энэ өндөрлөг”-т хүргэжээ. Харин бусад намын хувьд үнэндээ сонгууль угтсан, зарим нь бүр сонгуулиар мөнгө хийдэг намууд байгуулагдсан байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 22 намаас үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг нь, үр дүнтэй байсан нь хэд вэ гэвэл гарын таван хуруунд баггам цөөхөн. Дөрвөн жил чимээгүй явснаа сонгуулиар МҮОНТ-ээс өгдөг үнэгүй цагаа зардаг, эсвэл бусад намаас мөнгө авч нэр дэвшигчээ эргүүлж татдаг ийм л бүтэц бий болжээ. Харин МАН, АН-ыг эс тооцвол сонгуулиар идэвхждэг, тэгээд бас суудал авдаг намууд бол арай өөр. Гэхдээ тэдний нийтлэг төрх нь улс төрийн институц гэхээс илүүтэй лидер дагасан “бөөгнөрөл” шинжтэй. Ийм жижиг намуудыг, тэдний түүхийг эргэн сануулъя.
Лидер дагасан хүмүүсийн “бөөгнөрөл”-өөр дамжуулж, нам байгуулах замаар улс төрд өөрсдийн орон зайг бий болгосон жижиг намууд хоржоонтой нь үргэлж засаг барих хэмжээнд очиж байжээ. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн бэлэн түүх байна. АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон тэрээр намынхаа бодлогыг сөрж явсаар эцэстээ Ард түмний нам /АТН/ байгуулж, өрх тусгаарлахаа мэдэгдэж байсан удаатай. Улмаар энэ намаараа дамжуулж Эрүүл мэндийн сайдын суудал авч, ганц суудалтай нам хэрнээ засаглаж байсан удаатай. Өдгөө тэрээр дараагийн сайдын суудлаа, УИХ-ын гишүүний сэнтийгээ “босгох”-ын тулд Ард түмнээ хайрлая нэртэй шинэ нам байгуулахаар хичээж явна. Түүний араас “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын намыг дурдаж болно. Тэрээр Эх орон нам байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа Түлш, эрчим хүчний сайд болж байлаа. Тухайн үед түүнийг Эх орон намын даргаар бус “Эрэл” компанийн сайд хэмээн олон нийт харж байв. Тухайн үед Эх орон намаас УИХ-ын гишүүн болсон И.Эрдэнэбаатар ч Байгаль орчны сайдаар томилогдож байв. Улмаар Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар нар 2008 оны сонгуулиар байгуулсан намаасаа дахин нэр дэвшсэн ч улирч чадалгүй унаснаар улс төрийн карьертаа бараг цэг тавьсан байдаг. Эх орон нам ч даргынхаа хамт усанд хаясан чулуу шиг бүдгэрсэн билээ.
БНН-ын дарга Б.Жаргалсайханы жишээ байна. 1992 онд Монголын Хөрөнгөтний намыг байгуулан, 1997 онд Бүгд найрамдах нам /БНН/ болгон өөрчилсөн тэрээр 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож Үйлдвэр, худалдааны сайдын албыг хүртэл хашиж байв. Харин 2008 оны сонгуульд дахин хүч үзсэн ч сонгогчдын дэмжлэг авч чадаагүй юм. Одоо бол БНН-ыг УИХ-ын сонгуулийн өмнө сэрдгийг эс тооцвол бусад үед унтаа байдалд шилждэг дан ганц Б.Жаргалсайханы нам гэдгээр нь иргэд олон нийт ойлгодог.
Энд УИХ-ын гишүүн С.Оюуны ИЗНН-ыг ч дурдаж болох юм. 1998 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрээр Иргэний зориг намынхаа нэрээр УИХ-ын дэд дарга, Гадаад хэргийн сайдын албыг хашсан нэгэн. Сүүлд 2012 оны сонгуулиар намаа Ногоон намтай нэгтгэж ИЗНН-ыг байгуулж, улмаар парламентад хоёр суудал авч байлаа. Үр дүнд нь С.Оюундарга Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын квотыг Н.Алтанхуягийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын үед авч чадаж байсан юм. Энэ мэтчилэн намынхаа нэрээр парламентад өөрсдийн орон зайг бий болгосон улстөрчдийг дурдвал цөөнгүй. Гэхдээ энд аль ч нам нь институц болж төлөвшөөгүй учраас үр дүн гэж гарсангүй. Намын даргаа, лидерээ сайд болгосныг эс тооцвол ИЗНН-ын, эсвэл БНН-ын, магадгүй Эх орон намын бодлогоор Монгол төрийн шийдвэр гарсан нь тун цөөхөн болов уу.
801 хүн нийлж нам байгуулна гэдгийг хуульчилж өгснөөс намууд бодлогоор өрсөлддөг, тэгээд улсаа хөгжүүлдэг хууль, эрх зүйн орчин үнэндээ Монголд алга. УИХ-аар хэлэлцэнэ гэж аль 2012 онд л яригдаж байсан Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулиудын сураг одоог хүртэл алга л байна.
Борооны дараах мөөг шиг “төрдөг”, тэгээд манан шиг замхардаг жижиг намуудтай, том хоёр нь бодлогын институц гэхээс илүүтэй мөнгөөр уралддаг ийм бүтэцтэй үед улс төрийн шинэ хүчний орон зай Монголд байсаар байх болно. Гэхдээ тэр орон зайг хэн эзлэх ёстой вэ. Н.Энхбаярын МАХН уу, эсвэл С.Оюуны ИЗНН уу, бүр Б.Жаргалсайханы БНН уу. Эсюл хэний ч мэдэхгүй шахам Монголын консервативууц уу, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам уу. Магадгүй улс төрийн отгон хүчин болж байгуулагдсан, өдгөө багш, эмч, инженерүүд гээд салбар бүрээс гишүүд элсүүлж, боловсон хүчиндээ арай өөрөөр, зөвөөр хандаж буй Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН-ынхан уу. Аль нь ч байж болох л хувилбар. Гол нь сонгууль дөхөхөөр лидер дагаж бөөгнөрдөг биш, үзэл санааны нэгдэл, бодлогын институц болж төлөвших чиглэлд энэ бүх нам явбал Монголд л ашигтай, төрд л хэрэггэй. Түүнээс сонгуулийн дараа “тардаг”, дараагийн сонгуулиар “төрдөг” байвал шинэ нам, шинэ улс төрийн хүчин байгуулаад ч хэрэг алга.
С.ГАНДӨЛ
Зочин · 2016/03/03
Та санхүүгийн хямралын байгаа бөгөөд Хэрвээ Тийм Бүхний 5000 хамгийн бага хамгийн их 100,000,000 тулд 2% -ийн хүүтэйгээр Холбоо барих Та зээл хэрэгтэй. Дэлхийн эргэн тойронд ямар ч валютаар. И-мэйл-ээр бидэнтэй холбоо барина уу. ([email protected]).