МАН-ын залуучуудын НАМЗХ-ны будлиан самуун үлэмж ноцтой юм. Залуучууд гэхээр ямагт орчин үеийн гэж бодож болохгүй л дээ. Залуу хүн бүх цаг үед оршин байдаг. НАМЗХ-ны будлиан самууныг харахаар МАН-ын 1920-1930-аад оны түүх нүдэнд тодхон харагдах. Түүх давтагддаг гэж юутай үнэн. Монголын явдлын учрыг олох гэж гадаадын онол ном болж давхих ямар ч шаардлага байхгүй гэдгийг энэ өгүүлэл хангалттай нотолж чадна гэж бодож байна. Ингээд түүхээ өгүүлье… 
 
Бошгыг халах хувьсгалт залуус 
 
 
1921 оны 8 дугаар сарын 25-нд Д.Сүхбаатарын санаачилгаар Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагджээ. Уг нь 1921 оны дундуур нийслэл хүрээнд одоогийн 10-р хорооны нутагт байдаг Ц.Гүрсэд хэмээх айлын хашаанд Д.Сүхбаатар, Х.Чойболсан тэргүүтэй арав гаруй залуус цугларан Монголд залуучуудын байгууллага байгуулахаар анх шийдсэн гэдэг. Түүнийгээ “Бошгыг Халах Залуучуудын Эвлэл” гэж нэрлэхээр тогтож тамга тэмдэгээ сийлүүлэхээр болсон байна. Энэ хурлаар Эвлэлийн ерөнхий хороог байгуулж тэргүүлэгчээр Х.Чойбалсанг сонгожээ. Тэд залуучуудын байгууллагаа яг нам шигээ “технологоор” байгуулсан нь илт байна.
 
1921 оны 9 дүгээр сараас “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийн 5 үүрийг Их Хүрээнд нэг жилийн дотор байгуулж амжжээ. Улмаар 1922 оны 7-р сарын 17-нд МХЗЭ-ийн анхдугаар их хурал хуралдаж, 600-аад гишүүд 30 шахам үүрийг төлөөлсөн төлөөлөгчид оролцжээ. Анхдугаар Их Хурлаасаа өмнө үүрүүд байгуулаад байсан аж.
Энэ Их Хурлаар С.Буяннэмэх Эвлэлийн Төв Хорооны даргаар сонгогдож, мөн ондоо Москвад болсон Алс дорнодын олон улсын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд оролцож, В.И.Ленинтэй уулзжээ.
 
Ингэж Монголын нэн шинэ түүхэнд асар их гавъяа байгуулсан МХЗЭ байгуулагдсан юм. Гэвч би МХЗЭ-ийн түүхэн гавъяаг биш, түүний өсөлт торнилтын эхэн үеийн “нялхсын өвчний” тухай өгүүлэх гэсэн юм.
Анхандаа Залуучуудын байгууллагыг Оросын комсомолыг дуурайж байгуулсан боловч яг байгуулсан хойноо яаж ажиллах, ажиллуулахыг нам нь ч, эвлэл нь ч мэдэхгүй байсан нь түүхэн сурвалжаас илт харагддаг.
Ерөнхийдөө бол нэг зорилготой атлаа нэг нь дунд болон ахмадын, нөгөө нь залуучуудын гэсэн адил эрхтэй нам гэж ойлгож байсан нь бараг эргэлзээгүй мэт.
 
Шинэ тутам байгуулагдсан хувьсгалт засагт асар их эрч хүч, идэвхи чармайлт хэрэгтэй байв. Залуучуудын байгууллага үүнд яг тохирох хэрэгсэл байлаа. Энэ нь ч зүй ёсны хэрэг юм. Олон зуун жил ноёрхож хэвшин тогтсон феодал-хамжлагын харилцааг халж, бүх юмыг шинээр хийх шиг тамтай юм тэр үед байгаагүй юм.
Эхэн үедээ нам болон эвлэлийн зохион байгуулалтын бүтэц тун ойролцоо байсан юм. Намын Төв Хороо, Эвлэлийн Төв Хороо, адилхан уу, адилхан. Даргатай юу, даргатай. Зорилго бол бүр ч адилхан. Хийх ажил тун төстэй. Цагаа тулбал ухуулга сурталчилгаа хийх, жүжиг ший тавих, олон нийтийн ажил зохиох зэрэгт эвлэл нь түрүүнд нь явдаг байв. Одоо ч гэсэн намын шинжтэй хар бор ажлыг залуучууд нь нугалдаг биз дээ. Энэ бол мөнхийн зүй тогтол юм. 
Тухайн үед нам, төр, эвлэл, арми гэсэн дөрвөн байгууллага л монголын улс төрийг тодорхойлж байсан гэж дүгнэж бүрнээ болно. Тоотой хэдэн хөгшчүүдийг эс тооцвол нам нь өөрөө дандаа шижигнэсэн залуучууд байлаа. Тэгэхлээр эвлэл нь түүний бараг л үе тэнгийн нөхдүүд байж таараад байгаа юм. Арми бол ярих юм байхгүй нил залуучууд байсан. Ингэхлээр төрөө нам, эвлэл хоёр нийлж барих шаардлага үүсч байгаа юм.
 
Хийрхсэн залуус
 
 
Хувьсгалын эхэн үед бөөн зөрчил үүссэн юм. Эхлээд бүх нийтийн хувьсалчирхаг өвчин тусчээ. Хуучин дарлаж байсан феодалын ёсыг устгаж, ардын эрхт ёсыг тогтоосон учраас одоо ард хүн, ялангуяа нам, эвлэлийн гишүүд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно гэж олон хүн үзэх болов. Ингээд дүвчигнөж гарчээ. Гэзэг үс хяргах, нударга тайрахаас эхлээд хүн баривчлах, зодох хүртэлх тун олон тэнэг зүйл хийж гарчээ. Үүнийг “Өглөө” кинонд тов тодорхой харуулсан. Харин кинонд гардаг шиг ганц Бодоо биш, тун олон хувьсгалч тэгдэг байсан.
 
 
Түүнээс гадна Хятадаас Жан Зо лин дайрах гэж байна гэсэн цуурхал их гарч, түүний довтолгооноос хамгаалах цэргийн бэлтгэл хийдэг байв. Наад зах нь эвлэлийн гишүүд “хөл гарын” (жагсаалын) сургууль тогтмол хийдэг байсан. Зарим дарга нарт нь гар буу хүртэл тараадаг байжээ.
Тэр үед үсээ тайрч, халимаг тавьсан, нударгагүй дээл өмсөж, шөвгөр хар (хромон гутлыг монголчууд тэгж хэлдэг байсан-Х.Д.Г. ) жийж, ташаандаа гар буутай, энгэртээ эвлэлийн тэмдэгтэй, бас КИМ-ийн тэмдэгтэй (Дэлхийн Залуучуудын Интернационалын товчилсон нэр-Х.Д.Г.) залуу хүн бол одоогийнхоор бол Харвард буюу Баруунд төгссөн хүнээс дутахааргүй мундаг хүн байсан юм.
 
Хэрэв тэр нөхөр бичиг үсэгтэй бол шууд дарга, мөн КУТВ (Дорно Дахины Коммунист Их Сургууль) төгссөн бол шууд л нам, төрийн удирдах албанд очдог байв.
Хэт хувьсгалчирхах явдал ихээхэн газар авсан учир Цэргийн Яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар тэсэхээ байгаад ухуулах бичиг гарган: “Ардын эрхт хэмжээт цаазат ёсыг эндүүрэн ухаж, ёс суртлыг зоргоор гээгдүүлэн балмадлан түрэмгийлж явагчдад бүрэн учрыг тайлбарлан ухуулсан бичиг” хүртэл гаргаж, түүнийгээ 1922 оны 3 дугаар сард Ардын Засгийн Газрын тогтоол болгон гаргасан байна. (Улсын Түүхийн Төв архив. Д.Сүхбаатарын фонд. 2 дугаар бүлэг.)
Ингээд үзэхээр байдал тун хэцүү байсан бололтой. Яг одооны Монгол Улс шиг эрх чөлөөгөө эдлэх нэрээр дураараа дургиж байж. Намд ч гэсэн үзэл бодлын ч зөрчил гарч түүнийгээ зохицуулахыг оролдож байжээ. Даанч хүссэн зоргоор нь болоогүй юм:
 
 
“Бидний намаас улсын засгийн хэргийг уг зорилгын ёсоор удирдан явуулахыг ихэд хичээн гүйцэтгэх нь чухал тул эдүгээ төв газрын ба орон нутгийн олон албаны газруудад байх гишүүдийг дүрмийн ёсоор фракци хэмээх анги болон байгуулбаас зохих явдлыг тухайлан заавар гаргаж гүйцэтгүүлбээс зохино” (МАХН-ны Төв Хорооны 1925 оны 3 дугаар сарын Бүгд Хурлын тогтоолоос. “Ардын эрх” сонин.)
 
Эндээс үзэхэд МАХН эхэн үедээ фракцийг хүртэл хүлээн зөвшөөрдөг байж. Фракци гэсэн үг МАХН-ын түүхэн баримт бичиг тун цөөн гардаг юм.
Ингээд 1920-иод оны дунд хүртэл нам, эвлэл хоёр зэрэгцээд ажлаа хийгээд болоод байж. Гэтэл нам дотор улс төрийн тэмцэл хурцдахад тэр нь эвлэлд халдварлах нь мэдээж хэрэг.
 
Намын эхэн үеийн их хурлуудад нам, эвлэлийн гишүүд нэг их ялгаваргүй суудаг байж. Бодвол бүгдээрээ шахам залуу учраас давхар яваад байсан байх. Лав л нам төр, эвлэлийн албан тушаал давхар хаших нь түгээмэл үзэгдэл байсан. Манай суут зохиолч Д.Нацагдоржийн намтраас энэ нь их тод харагдана.
Д.Нацагдорж 1922 оны 4 дүгээр сараас Намын Төв Хороонд туслах түшмэлээр ажилд орж, зохион байгуулах хэлтэст ажиллаж байгаад уг хэлтсийн эрхлэгч болжээ. 1922 оны 8 дугаар сараас НТХ-ны нарийн бичгийн даргын туслах болж, мөн оны 10 дугаар сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргыг хавсарч байв.
1923 оны 3 дугаар сард НТХ-ны Бүгд Хурлаар НТХ-ны орлогч гишүүн, мөн оны 6 дугаар сард НТХ-ны 11 дүгээр бүгд хурлаар НТХ-ны нарийн бичгийн даргаар сонгогджээ. 1923 оны 7 дугаар сард МАН-ын II их хурлаар НТХ-ны гишүүн, тэргүүлэгч гишүүн бөгөөд НТХ-ны нарийн бичгийн даргаар сонгогджээ. Мөн “Тус улсын цэргийн дээд эрхийг барих газар”-т Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 1924-25 онуудад ажиллаж байв. 1924 оны 8 дугаар сард хуралдсан МАН-ын III их хурлаас НТХ-ны бүрэлдэхүүнд орж, улмаар НТХ-ны Тэргүүлэгчдийн орлогч гишүүнээр сонгогдон, засгийн газрын нарийн бичгийн даргаар хавсран ажиллаж байв.
Тэр 1923 оны 9 дүгээр сараас 1924 оны 4 дүгээр сар хүртэл Дотоодыг хамгаалах газар комиссар, 1925 оны 1 дүгээр сараас Цэргийн сурган боловсруулах хэлтсийн дарга зэрэг олон хариуцлагатай албан тушаалыг хавсран гүйцэтгэж байжээ. 1925 онд Монголын пионерийн байгуулагыг үүсгэн байгуулалцаж, товчооны анхны даргаар нь ажиллаж байв.
 
 
Үүнээс гадна Д.Нацагдорж Эвлэлийн гишүүн байж, ямар нэг албан тушаалтай байсан нь мэдэгддэг юм. Учир нь Д.Нацагдорж, Баваасан хоёрыг эвлэлийн гишүүдийн хөл гарын сургуульд оролцсонгүй гэж шүүмжилсэн баримт архивт байсантай би тааралдаж байсан юм. Д.Нацагдорж нь их “зальтай” эвлэлийн үүртээ “их ажилтай тул чөлөө өгнө үү” гэхчлэн бичиг өгч аргалаад байжээ. Харин Засгийн Газрын нарийн бичгийн дарга, Нам, Эвлэлийн Төв хорооны гишүүн Баваасан болохоор “нам төрийн их ажилтай” гэчихээд эвлэлдээ томроод загначихаад яваад байж. Энэ нь хожим түүний амь насанд хүрсэн бөгөөд 1924 онд Данзантай хамт буудуулсан билээ.
 
Толгой дээр гарсан залуус
 
 
Тэр үед нам эвлэлийн онцын ялгаа байсангүй. Сүүлдээ эвлэл нь намтайгаа эн зэрэгцэж, түүний үйл ажиллагаанд шууд хутгалдан оролцох болов. Монголд бодлогоо тулган хүлээлгэх гэж буй Коминтернд энэ нь тун завшаантай хэрэг байлаа. Амьдралын ухаан сууж, юмны цаадах наадахыг ойлгодог, үндэсний ардчилсан үзэл буюу “хуучнаасаа” салж чадахгүй намын “хөгшчүүлтэй” ярьж байхын оронд “цэвэр цаас” шиг залуучуудаар хувьсгалын үйл хэргийг гардан гүйцэлдүүлэх нь хамгийн хялбар зам байсан юм.
 
Ингээд МХЗЭ МАХН-ыг дарамтлах хамгийн хүчтэй зэвсэг болон хувирсан юм
 
 
Хэрэв Та бүхэн “капиталист биш хөгжлийн зам”-ын асуудлыг шийдсэн 1924 оны МАХН-ын III Их Хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг (стенограмм) унших юм бол эл зөрчил дурайтал тодроод ирнэ. Гэвч би энэ тухай дэлгэрүүлж ярихгүй. Учир нь би түүхээ мэдэхгүй МАН-ынханд “намын түүхийг” нь заах үүрэг хүлээгээгүй.
Эвлэлийн гишүүд намын Их Хурлын гадаа жагсаал хийх, хурал дотор орж ирэх, буутайгаа хуралд суух, мэдэгдэл гаргах, дуудахад нь ирэхгүй байх, сүрдүүлэх зэргээр намаа дарамталсан жишээ тэнд асар олон буй. Энэ нь тэр үеийн нам төрийн зөрчил, будлиант байдлыг тод харуулдаг.
 
 
Ингээд намын ажилд хэт оролцсон, бас “эсэргүү нартай” нийлсний учир МХЗЭ-ийн Төв Хорооны гишүүн Баваасан Данзангийн хамт цаазлуулж, МХЗЭ-ийн Төв Хорооны дарга С.Буяннэмэх баривчлагдсан юм. Бас эвлэлээс нэлээд олон хүн хэлмэгдсэн.
Үүний дараа ухаан орж, нам эвлэлийн харьцааны асуудлыг анхаарч эхэлсэн юм. Жишээ нь: 1925 онд хуралдсан МАХН-ын IY Их Хурлын тогтоолд “Нам ба залуучуудын эвлэлийн тухай” гэсэн тусгай бүлэг оруулсан бөгөөд үүнд:
“Нам ба залуучуудын эвлэл нь харилцан хэлхээ холбоогоо улмаар зузаатгах хэргийг нэгэн саналаар явуулахыг чухал болгохын дээр залуучуудын эвлэлийг үзэл суртлын хувиар удирдах явдлыг сайжруулахыг тус Хурлаас Төв Хороонд даалгана” гэж заажээ.
 
 
Энд асуудлыг огт шийдэж чадаагүй, нам нь хичээгээд хичээгээд “үзэл суртлын хувиар удирдана” гэсэн ганцхан санаа оруулж чадсан байна. Эвлэлээ дийлсэнгүй. Дийлэх ч үндэс байхгүй байв. 
 
 
Хувьсгалт шинэчлэл хийхэд залуучуудгүй бол юусан билээ ?! Нам хүссэн хүсээгүй залуучуудын байгууллагаа дэмжихээс өөр арга байгаагүй юм. Хувьсгал хийхэд залуу хүн л хэрэгтэй байдаг аж.
 
 
Ингээд 1928 он болж баруунтны нугалааг бут цохих улс төрийн их тэмцэл эхлэв. Түүний тэргүүн эгнээнд залуучууд явсан юм. “Намын зүүн ангийн этгээдийн баримтлах санал” бол үндсэндээ Орост КУТВ төгссөн болон Намын сургуулийн залуучууд байсан юм. Одооныхоор бол Харвард болон Барууны дээд сургууль төгссөн нөхдүүд гэсэн үг л дээ.
 
Ингээд МХЗЭ асар их эрх мэдэлтэй болов:
Хувьсгалт залуучуудын Эвлэл бол ядуу ба дунд ардын залуучуудыг эвлэлдүүлсэн улс төрийн биеийг даасан эвлэл болох тул зохион байгуулах явдлыг өөртөө бүрэн эрхтэй гүйцэтгэх бөгөөд ардын хувьсгалт намын соёлын удирдлагаар явж, улс төрийн тухай идэвхтэйгээр оролцох санал хүчнийг гаргуулан хөгжүүлж, намаас тогтоосон аливаа хэргүүдэд туслан гүйцэтгэлцвэл зохино.”
(МАХН-ын YII Их Хурлын товч тогтоолоос. 1928 он.)
“Тус улсын доторхи идэрчүүдийн хүчийг нэгтгэсэн хувьсгалт залуучуудын эвлэл бол намын зохион байгуулалтын хувиар буюу намд хандсан намын нэгэн идэр хүчин болохын талаар ямар үүргүүдэд бэлтгэгдэх зорилготой ба мөн намын соёлын удирдлагат аливаа гүйцэтгэх ажил хийгээд мөн нэгэнтэйгүүр биеэ дааж, нам ба улс төрийн элдэв хэрэг явууллагад санаачлах, сэдэвлэх, биелүүлэх зэрэг хэрэгт нэгэн чухал хүчин болж оролцох бүрэн эрх бүхий үүргийг хүлээсэн газар болж, холбогдохын учрыг илэрхийлэх”
(МАХН-ын YIII Их Хурлын товч тогтоолоос. 1930 он.)
 
Энд МХЗЭ бол “улс төрийн бие даасан эвлэл”, “өөртөө зохион байгуулах”, “өөрийн бүрэн эрхтэй” гэдгийг тов тодорхой зааж өгсөн байна.
Ингээд нам нь бууж өгч, эвлэл нь бүрэн ялжээ. Үүний улмаас зүүний үлэмж ноцтой нугалаа гарсныг монгол хүн бүхэн мэднэ. Хувьсгалаар хийрхсэн залуучууд нугалаа завхрал гаргахдаа тун амархан аж. 
 
Гэхдээ л Эвлэлд шилдэг тэргүүний залуус ажиллаж байсан юм. Жишээлбэл, хожим их эрдэмтэн зохиолч болсон Цэндийн Дамдинсүрэн 1929-1931 онд МХЗЭ-ийн нарийн бичгийн даргын албан хашиж байв.
Зүүний нугалаа болж, үүний улмаас ардын бослого буюу намын хэлдгээр “эсэргүү бослого” гарч, түүнийг хүч хэрэглэн дарсны дараа ухаан оржээ. Хэт хувьсгалч залуучуудын хазаарыг татахгүй бол болохгүй гэдгийг нам ойлгожээ. 
 
 
1932 оны 6 дугаар сард МАХН-ын Төв Хороо, Намын Төв Хянан Байцаах Комиссийн хамтарсан Онц III Бүгд Хурал болов. Энэ Хурлын тогтоолд:
“…Намын өмнө зогсож буй зорилго лугаа тохируулан нийлүүлж, Монгол Ардын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүргийг тодорхойлох нь: Хувьсгалт Залуучуудын Эвлэл бол намын дор захирагдах бөгөөд намын соёлын шууд удирдлагаар ажиллах байгуулалт мөн гэж үзнэ. Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн зорилго нь тус орны ажилчин ардын залуучуудыг эвлэлдүүлэх ба хүмүүжүүлэх, намын зорилго ба тогтоолд нийлүүлж, намын залгамжлалыг бэлтгэж хүмүүжүүлэх, намын заавар ба даалгасан зүйлийг гүйцэтгэх явдал мөн гэж үзнэ.”
(МАХН-ын Төв Хороо, Намын Төв Хянан Байцаах Комиссийн хамтарсан Онц III Бүгд Хурлын тогтоолоос. 1932 он.)
 
 
Энэ зарчим 1990 он болтол бараг 60 жил хөтөлбөргүй мөрдөгдсөн юм.
Ингэж МАХН МХЗЭ-тэйгээ 10 жил тулалдаж байж арай гэж “дороо хийж” авсан бөгөөд түүнээс хойш МХЗЭ намынхаа “дайчин туслагч, бэлтгэл хүчнийхээ” үүргийг нэр төртэй биелүүлж, Монголд орондоо нийгмийг дэвшлийг хангах их үйлст нэр төртэй хувь нэмрээ оруулсан юм. 
 
Дүгнэлтийн оронд
 
 
Уншигч Танд энэ бяцхан түүхээс өнөөгийн МАН-ын байдал дурайтал харагдана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Түүх давтагддаг гэж юутай үнэн.
Энэ нь уламжлал шинэчлэл, үе залгамжлахтай холбоотой ихээхэн том бөгөөд нэн гүнзгий асуудал юм. Өөрөөр хэлбэл онолын социологийн суурь асуудал мөн. Түүнчлэн энэ нь мөнхийн асуудал юм.
 
Эл асуудал МАН-д тун олон жилийн өмнө Н.Энхбаярын үед үүссэн. Үүнийг зохицуулах боломжийг олон хүн, түүний дотор би хэлсээр байтал тэр санаатайгаар “улаан хамгаалагчдын” отряд байгуулсан. Одоо гор нь гарч байна. Усан тэнэг хүн үхэр шиг зүтгэж байгаад заавал хорлогчинтой ажил хийдгийн тод жишээ нь энэ юм. Түүний дараа дараагийн дарга нар байдлыг улам дордуулсан юм.
Одоо байдал яг хэвээрээ. МАН-ын хувьд 1990 оны дараа 1921 он залгаж, МАН болон МХЗЭ хоёр цоо шинээр байгуулагдсан гэж яг таг ойлгож болно. Ухаандаа Та Коминтерний оронд АНУ, КУТВ-ын оронд Харвард болон Барууны их дээд сургууль, ядуу доод ардын оронд хөрөнгө мөнгөтэй баячууд гэхчлэн орлуулаад үзэхэд л дээрх дүгнэлт батлагдана…
 
Гачлантай нь одоогийн МАН-д нам болон залуучуудын байгууллагын харилцааны онолын эдгээр суурь асуудлыг мэддэг хүн ганц байхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна.
Онол мэдэх нь байтугай өөрсдийнхөө түүхийг ч мэдэхгүй надаар яриулж байна ш дээ, муусайн тэнэг лаларууд…
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг