Үүл баатар уг нь гэр хорооллынхны эрх ашгийг хамгаалж дуугардаг байлаа. Хулганы хамраас ч цус гаргаагүй гэгддэг 1990 оны Ардчилсан хувьсгалд оройлон оролцсон түүний тууштай занг нь үнэлж өнөөгийн Ерөнхийлөгч түүнд баатар цол олгосон гэж олон нийт ойлгодог. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч 1990 оны үйл явдлыг дурсч энгэрийг нь цоолохдоо энэ талаар дурдаж байсан удаатай.
 
Гэвч тэр үеийн Үүл баатар өнөөгийн нийслэлийн Засаг дарга хоёрын хооронд алд дэлэм мэт зөрүү гарах болов. Цаг цагаараа байдаггүй гэдэг энэ ажээ. Саяхан л газраа бусдад зарж болохгүй хэмээн гэр хорооллынхонд уриалж, МАН-ын удирдлагуудыг газрын наймаачин хэмээн цоллож явсан тэрбээр өнөөдөр эсрэгээрээ газрын “луйварчин” гэх гуншинтай болжээ.
 
Бүр нийслэлийн Засаг дарга хэмээх сэнтийгээс дахин төлөвлөлт хэмээх дэгжин журмаар халхавчлан гэр хорооллынхны газрыг луйвардан барилгын компаниудад дамлан найцаалцаад сууж байх жишээтэй. Түүний нэг нүдээрээ ч харахыг хүсдэггүй, өөрийнх нь хэлж заншсан газрын наймаачин гэгддэг /үнэндээ бол газрын наймаачин гэдэг салхи лугаа адил хэсүүчилж явдаг зүйл болохоос баталж нотолсон зүйл биш/ МАН-ынхан Үүл баатрын дэргэд жулдахаар байгаа юм.
 
Наймаа гэдэг хоёр талын тохиролцоон дээр явж хэн хэндээ ашигтайгаар дуусдаг зүйл. Харин луйвар гэдэг бол нэг нь хожиж, нөгөөх нь хоосон хоцордог жамтай. Луйврыг ихэвчлэн зальтай яг үнэг шиг, эсвэл эрх мэдэлтэй этгээд хийнэ. 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй яваа луйврын хохирогчид нь гэр хорооллынхон болоод байгааг олонхи мэдэж буй.
 
Нийгмийн эмзэг давхаргынхны 60-аас дээш хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн тооцоо бий. Тэгэхээр Үүл баатард луйвардуулагсдын олонхи нь эмзэг давхаргынхан болж байгаа юм. Үүл баатрын нэрийг энд баримт үгүй дайрч давшлах гэсэнгүй. Доор өгүүлэх зүйл түүнийг луйварчин гэх тодотголд өөрийн эрхгүй оруулж байгаа юм. Угтаа бол газрыг хэдэн төгрөгөөр ч үнэлж байсан зарж болохгүй хэмээн хашгирч бас уриалж явсан хүн нь Үүл баатар.
 
Үүнд нь ч гэр хорооллынхон итгэлээ үзүүлж, Э.Бат-Үүл тэргүүтэй багийнхныг НИТХ-д олонхи болгосон. Нэг үгээр хэлбэл, “Хашааны газрыг чинь 300 сая төгрөгөөр үнэлсэн ч битгий өгөөрэй” хэмээн гэр хорооллынхонд албан бичиг хүртэл хүргүүлж байлаа. Харамсалтай нь, хананаасаа халуун устай болох гэсэн хүсэлтэй тэд байртай болох мөрөөдөлдөө хөтлөгдөн дахин төлөвлөлт нэрийн дор зүсээ хувиргасан газрын луйврын золиосонд гудамжинд хоног төөрүүлэх дээрээ тулж эхлэв.
 
Үүл дарга ч энэ бүх байдлыг мэдсэн ч, мэдээгүй юм шиг яваа нь хачирхалтай. Одоо бол барилгын дийлэнх компани нэг метр.квадрат газрыг 100 мянган төгрөгөөр үнэлж “Зөвхөн газрыг чинь л ингэж үнэлж авна. Дээр нь барьсан хашаа байшин, үл хөдлөх хөрөнгийн мөнгийг бид төлөхгүй. Хүсвэл та бүхэн тэдгээрийгээ буулгаж өөр газар зөөж аваач” гэж хэлдэг болов.
 
Газар иргэний өмч гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Гэтэл хоёр гурван айлын газрыг чөлөөлж есөн давхар байшин сүндэрлүүлчихээд бусдыг нь ор хэмээн тулгах болсон Үүл баатрын арга Үндсэн хуулийн заалттай яав ч нийцэхгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл, хоёрхон айлын газраар 20 айлын газрыг сольж буйгаас өөрцгүй юм.
 
Бас нэгэн боловсон луйвар нь нийт өрхийн 70 хувь нь зөвшөөрсөн гэх журам. Уг нь таны эрхээр, миний эрх хязгаарлагддаг ардчилсан нийгэмд бид амьдарч байна. Үүнийг хамгийн ихээр хэлдэг хүний нэг нь Үүл баатар өөрөө. Гэтэл 70 хувь нь зөвшөөрчихөөд байхад гурав, дөрөвхөн айлаас болж дахин төлөвлөлтийн ажлыг гацаалаа хэмээн сонин хэвлэл, телевизээр мэдэгдэж суугааг юу гэж ойлгох вэ.
 
Магадгүй олон жил амьдраад дадчихсан, хувьдаа жижигхэн бизнес эрхэлдэг айл өрх гэр хороололд бишгүй л бий. Харамсалтай нь, барилгын компаниудын дарамт хавчлагад өртөж, гэрэл цахилгаанаа таслуулж байгаа нь Үүл баатар таны тунхагласан ардчиллын зарчим мөн үү. Тэнд хороололд таны өмгөөлж байсан газрын эзэд нэг өрөө байрны гэрээ хийгээд газраа чөлөөлөн арга буюу нүүцгээж байна.
 
2013 оноос өдийг хүртэл ийнхүү газраа чөлөөлж байрны гэрээ хийсэн олон арван айл өрх өнөөдөр ах дүү, хамаатан садныдаа эсвэл түрээсийн байранд толгой хорогдон өдөр хоногийг өнгөрөөж байна. Албаны хүмүүсийн яриагаар, гэр хорооллын 24 байршлын 1500 га талбайд 36 компани ажиллаж байгаа гэх. Харамсалтай нь, хоёр жил дамнан бүтээн байгуулалт хийсэн тэдгээр компани чөлөөлсөн газар дээрээ сууриа ч цутгаагүй нь олон байна.
 
Дээрх компанийн дунд Үүл баатрын хүү Б.Чулуудайн “Гранд лайн” яваа. Гэвч өнөөдрийг хүртэл албадан гэрээ хийсэн барилгын компаниуд нь ашиглалтад оруулсан нэг ч барилгагүй эдийн засгийн хямрал яриад сууж байна. Үнэндээ эдийн засгийн хямрал, барилгын материалын үнийн өсөлт яриад суух цаг биш шүү дээ.
 
Энэ хэвээрээ үргэлжилбэл, барилгын компаниуд болон нийслэлийн удирдлага хямрал руу хамаг буруугаа чихсээр 2016 онтой золгох нь. Магадгүй тэр үед засгийн эрх өөр намд шилжлээ гэж бодоход өмнөх засгийнхаа тарьсан хэргийг үүрэхгүй хэмээн өөрсдөөсөө зайлуулах нь тодорхой. Харин “Хашаа байшингийн газрын хэрэг” гэсэн нэртэй шинэ луйврын эзэд хямрал руу буруугаа чихсээр дуусна.
 
Эцэст нь, “паартай байшин, паалантай жорлон”-д сууж, хананаасаа гоождог халуун устай болох мөрөөдлөө газраар солиод ор хоосон хоцорсон иргэд 1990 оны ардчилсан хувьсгалыг Үүл баатарт дахин сануулахыг үгүйсгэхгүй. Хамгийн Хамгийн сүүлд гэхэд “Гэр хорооллын дахин төлөвлөлт” нэртэй хотын мээрийн газрын луйвар нийтийн эзэмшлийн талбайгаар үргэлжилсэн.
 
Тодруулбал, Э.Бат-Үүл даргын гаргасан захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн талбайг луйвардан 4000 гаруй оршин суугчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал Сонгинохайрхан дүүрэгт үүсээд байгаа. Тус дүүргийн XV хороо I хорооллын 19, 20 дугаар байрны дунд байрлах хүүхдийн тоглоомын болон цэцэрлэгт талбайг Э.Бат-Үүл даргын мутар бүхий А/322 тоот захирамжаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанд шилжүүлэн авчээ.
 
Хачирхалтай нь, нийслэлд ганцхан үлдсэн гэж хэлж болох хүүхдийн тоглоомын талбайг луйвардаж авахаар зэхсэн нь энэ байв. Хотын даргын гаргасан захирамжийг харахад ч нийтийн эзэмшлийн талбайг ажлын алба руугаа албаны маягаар шилжүүлж, удалгүй хувийн компаниудад ямар ч үнэ төлбөргүй өгсөн нь тодорхой байна лээ. Маш цэвэрхэн аргаар газрын луйвар хийдэг болсны энгийн жишээ.
 
Ямар сайндаа шөнийн 01:00-02:00 цагийн үед бадриун биетэй 30 орчим залуус дээрх байрны хүүхдийн тоглоомын талбайд хашаа хатгахаар машин техник хэрэгслээ оруулж ирэн иргэдтэй сөргөлдөж байх вэ. Хотын мээрийн мутар бүхий захирамжид 19, 20 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайд 97 машины авто зогсоолыг газар доогуур барихаар төлөвлөж.
 
Гэвч үнэн хэрэгтээ түүний захирамж гаргасан газар нь 8000 ам метр талбайтай асар том хэмжээнийх байгаа аж. Товчхондоо 97 биш 250 гаруй машины зогсоол болж томруулахаар зураг төсөлдөө тусгажээ. Нөгөөтэйгүүр, хүүхэд, өндөр настнуудын тоглох, нарлах талбайг өмнөх удирдлагуудын үед бүгдийг зарсан хэмээн зарласан Үүл дарга өөрөө ханцуй шамлан ийн улайрч эхэлжээ.
 
Хамгийн эрсдэлтэй нь, газар доогуур гарааш барилаа гэхэд 19, 20 дугаар байрны барилгын даацад нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Гарааш барина гэж газрыг нь авчихаад 12 давхар барилгын суурь ухсанаас хазайлт өгч оршин суугчдыг орох оронгүй болгосон 16 дугаар байрны бэлээхэн жишээ бидэнд бий.
 
Гэвч хууль бус шийдвэр бүхэнтэй хамгийн түрүүнд тэмцэх учиртай хотын мээр нь манлайлан тэрхүү үйлдлийг өөгшүүлж байгаа нь хачирхалтай. Нэгэн цагт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнийхөө төлөө гадаа тэмцэж явсан Үүл баатар өнөөдөр албан тасалгаан дотроос газрын луйварчин хүртлээ өөрчлөгдөж, 25 жилийн өмнөх зарчмынхаа эсрэг ийнхүү сөрж эхэллээ.
 
Үргэлжлэл бий.
 
Л.Оюу