УИХ-ын дарга З.Энхболд хууль зөрчив үү
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /VII.28/ УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 156 тоот захирамж гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долоодугаар зүйлийн гурав дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны наймдугаар сарын 3-наас наймдугаар сарын 14-нд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заасан.
 
Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганы эхний хуралдааныг наймдугаар сарын 3-ны даваа гарагийн 09.30 цагт эхлүүлэхээр товложээ. Улмаар ээлжит бус чуулганааар: 

1. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал; 

2. Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд; 

3. Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд; 

4. Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд; 

5. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;

6. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон байна. 

Харин хэлэлцэх асуудлын нэгдүгээрт байгаа “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал” нь УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй гэдэг нь шүүмжлэл дагуулж байна. Тиймдээ ч УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчиж байна гэх шүүмжлэл олон нийтийн дунд гараад байгаа юм. Учир нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” хэмээн заасан байдаг. 

Тэгвэл  Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах, томилох асуудал нь УИХ-д өргөн баригдаагүй байгаа билээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг болоод Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас хөөх тухай шийдвэрт хүрч мэдэгдэл гаргасан. Гэсэн хэдий ч ээлжит бус чуулган зарлаж энэ талаар хэлэлцэх тухай хаврын чуулганд яригдаагүй. Ямартай ч УИХ-ын дарга ийнхүү өргөн баригдаагүй асуудал хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарлаж байгаа бололтой. 



Г.НАРАН
Эх сурвалж      http://www.info.mn