АН-ын Гүйцэтгэх зөвлөл бүлэгтээ үүрэг өгснөөр АН наадмын өмнө МАН-тай хийсэн гэрээгээ цуцалсан. Ингэснээр ирэх даваа гарагт МАН-ын зургаан сайдыг хэрхэх асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар шийдвэрлэнэ.

 

АН-ын зүгээс зургаан сайдыг гаргах байр суурьтаа хатуу зогсож байгаа бөгөөд тэдний суудалд залрах эздийн томилгоог аль хэдийн хийсэн байна. Төрийн ордныхны ярьж буйгаар 7 суудлын дөрөв нь АН, хоёр нь МАХН, нэг нь бие даагчид очих нь. Зургаан сайдын томилгоо хийх ёстой ч Монгол Улсын сайд М.Энхсайхан МАН-ын сайдуудыг огцруулбал өөрөө огцорно гэдгээ намынхандаа мэдэгдсэн тул 7 томилгоо хийхээр төлөвлөсөн байна.

 

 

ИРЭХ ДАВАА ГАРАГТ ХИЙГДЭХ ТОМИЛГОО

 

1. Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд Э.Батшугар (МАХН)
2. БОАЖНХЯ-ны сайд Д.Оюунхоролын оронд Г.Баярсайхан (АН)
3. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд Д.Арвин (АН)
4. Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд С.Ганбаатар (бие даагч)
5. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын оронд Б.Гарамгайбаатар (АН)
6. Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн оронд А.Гансүх (АН)
7. Монгол Улсын сайд М.Энхсайханы оронд Н.Батцэрэг (МАХН) нар суухаар болжээ.  

 

Энэхүү тохиролцоонд ИЗНН багтаагүй тул МАН, ИЗНН хоёр Ч.Сайханбилэгийн засгийн газрын гадна үлдэж байгаа юм. Түүнчлэн өмнө нь хэвлэлүүдийн мэдээлж байсан шиг Ц.Шаравдорж, Н.Алтанхуяг, Т.Болдбаатар нар суларсан суудалд сууна гэсэн таамаг худал болж таарлаа.

 

 

ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРВОЛ О.БААСАНХҮҮ ХУУЛЬ ЗҮЙН САЙД БОЛНО

 

Дээрх долоогоос гадна бас нэгэн суудал солигдох хувилбар яригдаж байна. Хэрвээ МАН-ын сайдуудыг хөөвөл засгийн газрыг огцруулах асуудал яригдаж эхлэх нь ойлгомжтой. Энэхүү хөдөлгөөнд засгийн газрын гадна хоцорсон ИЗНН, Шударга ёс эвсэл хүч хавсрах магадлал өндөр.

 

Тиймээс хэрвээ засаг огцорвол гэсэн яриа ч Саарал ордонд хөвөрч байна. Хэрвээ 7 сайдын томилгоо хийгдэж, МАН тэргүүтэй хүчнийхэн Шийдлийн засгийн газрыг огцруулбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдад томилогдоно гэсэн яриа байна.

 

Энэ хувилбар яригдсан нь ч үнэний ортой бололтой О.Баасанхүү засгийг хурдан огцруулах ёстой хэмээн жиргэжээ. Тэрээр “Хоёрын хооронд 6 сайдаар шүд сугалж байснаас засгийг бүхлээр нь солих хэрэгтэй” хэмээн бичсэн байна.  

Д.Идэр

www.24tsag.mn